УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр эхэлсэн билээ.
Тэгвэл хуралдаан эхлээд удаагүй байхад өмгөөлөгч нарын зүгээс шинжээч болон гэрчүүд бүрэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах, Б.Ганхуяг нарын цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн ч шүүхээс эхний хүсэлтийг хүлээн авч, хоёр дахь хүсэлтээс татгалзаж шийдвэрлэлээ. Шүүх хуралдааныг хойшлуулж, ирэх сарын 13-ны 11:30 цагт товлов.
Шүүх хурлын эхэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Есдүгээр сараас хойш миний биеийн байдал сайнгүй байгаа. Хамаг биеэр юм туурсан. Хуучин идээ гараад байсан. Гэтэл одоо идээ гарахаа больсон, хоёр хөл явахад хэцүү болоод байна.
Хоёрдугаар шатлалын эмнэлэгт арьс, биеэр гараад байгаа зүйлүүдийг эмчлүүлэх шаардлагатай байна. Миний бие иймэрхүү зүйл яриад байдаггүй. Асуудлаас зугтаж биш зүтгэж ард нь гардаг. Өөрийгөө цагаатгах байр суурьтай энэ шүүх хуралд орж байгаа. 124 хавтаст материалд намайг буруутгах зүйл огт байхгүй.
Зөвхөн гэрчийн мэдүүлгүүдийг сольж авсан зүйлүүд байгаа. Уг нь мөрдөх ажиллагааны явцад янз бүрийн зүйл тогтоогдсон болов уу гэж 11 сар хоригдсон. Гэтэл 124 хавтсыг хараад харамссан. Хавтсыг хавтаст хэрэг болгохын тулд л ийм зүйл хийсэн. Үүний 78 хавтас нь хэрэгсэхгүй болсон" хэмээн ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна