Ц.Гантулга: МСБХ багийн эздийг НОГТТОЙ ТЭМЭЭ ШИГ ЗОДУУРЫН АМЬТАД болгож хувиргаж болохгүй

Zuv.mn
2023/11/02

Шинэ намын дарга, Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч Ц.Гантулга сагсан бөмбөгийн Дээд лигт үүссэн асуудалтай холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр "Би спортод дуртай. Зарим спортод бүр илүү хайртай. Сагсан бөмбөг  бол миний хайртай спортуудын нэг. Ширээний теннис, сагсан бөмбөг гэх хоёр төрөлд монголчууд өндөр амжилт гаргана гэж найддаг.

Би ширээний теннисний холбооны Ерөнхийлөгчийн алба, ачаа хоёрыг үүрч явдаг хүний хувиар аливаа холбооны жаргал, зовлонг ойлгоно, ойр мэдэрнэ.  Тэр утгаараа сагсан бөмбөгийн холбооны эргэн тойронд өрнөж буй асуудалд эмзэглэж байна. Эмзэглэлээ илэрхийлэх нь иргэн хүний, хайртай спортынхоо хөгжилд хараа сунгаж, дуран тавьж суудаг хүний үүрэг гэж бодоод үүнийг бичиж сууна.

Сүүлийн жилүүдэд сагс эрчимтэй хөгжиж байгаа. Үүний цаана үзэгч, багийн эзэд, тоглогчид гэсэн гурван том хүчин зүйл л хамгийн эхэнд бий. Холбоо бол наядугаар асуудал шүү!

Тэр тусмаа багийн эздийг гомдоож, тэднийг ногттой тэмээ шиг зодуурын амьтад болгож хувиргах гэсэн санаархал харагдаж байна. Легионер тамирчдыг тэд л мөнгөөр авчирсан. Түүний үр дүнд лиг сонирхолтой болохоос гадна Монголын сагсан бөмбөгчдийн ур чадвар нэмэгдсэн. Дээд лигт тогтмол тоглодог багууд өөрийн дэмжигчдийн хүрээлэлтэй болж сагсан бөмбөгт дурлан хичээллэх хүүхэд залуучуудын тоо эрс нэмэгдэж, тамирчдын чансаа дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч байна.

Гадны багууд тэр чигтээ бизнесийн зарчмаар явдаг. Харин Монголд сагсан бөмбөгт чин сэтгэлээсээ хайртай энэ хэдэн багийн эзэд ашиг харахгүйгээр зүгээр л хобби-гоороо дээд лигт багаа тоглуулах гэж дунджаар жилд нэг тэрбум орчим төгрөг зарцуулж байна. Сагсан бөмбөгийг илүү өндөр түвшинд хөгжүүлье л гэж байгаа бол ачаа үүрч, хөгжлийг мөрлөж яваа энэ багийн эздээ, бас үзэгчдийн хүсэл зоригийг жадлан эсэргүүцэх нь үнэндээ ёс зүйгүй үйлдэл.

Одоо хэдүүлээ хаа, хаанаа амбицаа дарж сурцгаая аа. Хэрүүлээр хөгждөг байсан бол өнөөдөр Монголын бүх спорт, түүний холбоод дэлхийн бүх улс орны толгой дээр зайдалж байх байсан шүү.  Анхан шатны нэгж дээрээ хэрүүл маргаантай байвал Азийн холбоо, цаашлаад олимп дэлхийн тавцанд эх орны нэр төр унах том хохиролтой. Спорт өөрөө шашин шүтлэг, улс төр, арьс өнгөөр ялгаварлахгүй цэнгүүлдэг эв санааны нэгдэл. Тамирчид л өрсөлддөг болохоос тамга барьсан хүмүүс биш. Ер нь тэгээд тамирчид нь холбоондоо захирагдахыг хүсэхгүй, толгойнууд нь захиргааны аргаар захиран тушааж яваад байгаа бол энэ холбоо шинэчлэгдэх цаг болжээ гэсэн үг.

Сагсан бөмбөгийн дэмжигч, МҮОХ-ны гишүүн,

Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч Ц.ГАНТУЛГА" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна