Улиг болсон сэдэв, ужгирч хуучирсан хурал

Zuv.mn
2023/11/07

Монгол Улсад батлагдсан 6000 орчим стандарт буй гэдэг. Гэвч хэрэгждэг нь хэд билээ. Бодох л асуудал. Бид яг жилийн өмнө "Хотын стандарт"-тай болж байсан. Хурал хуй, чуулган хийж сүрийг үзүүлж байв. Гэтэл өдгөө юу өөрчлөгдөв. Өнөөдөр мөн л "Стандарт ба хөгжил" сэдвийн хүрээнд үндэсний хэмжээний чуулган болж байна. Чуулаад л байдаг, чуулаад л байдаг чухал үр дүнд хүрсэн нь хаана байна. "Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных" гэдэг л дүрээрээ болж байх шиг. 

Улаанбаатар стандартгүйгээс иргэдийн аюулгүй амьдрах эрхээс эхлээд хүүхдүүдийн амь насанд халтай золгүй тохиолдлууд олон гардаг.

Тиймээс хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь нь стандарт юм. Хүрээлэн буй орчноос эхлээд үйлчилгээ авах, зорчих гээд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх эдгээр стандартыг тогтоох, мөрдөх нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд олон давуу талыг бий болгохыг өмнө жилийн зөвлөгөөнөөр онцолж байсан. Одоо өөрчлөгдсөн нь хаана байна.

Цаасан дээр бичигдэж, батлагддаг ч хэрэгжилт хангалтгүй олон дүрэм, журам бий. Хамгийн гол нь дарга нарын поп амлалт, захиран тушаах өнгө аяс бус бодит байдалдаа хөрсөн дээр буух нь чухал. Ганцхан жишээ татахад одоо мөрдөгдөж буй “Иж бүрэн гудамжинд хамаарах хотын стандарт”-ын унадаг дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавигдаж ерөнхий шаардлага. Угтаа бол сүүлийн гурван жил дулааны улиралд хотын төв замын хажуугийн явган хүн зорчих хэсгийн хэсгийг хуулж, өнгөлөлт, тэмдэглэгээ хийсэн. Гэвч стандарт дугуйн зам хангалттай талбай байгаагүйгээс, эсвэл зураг төсөл буруу байснаас дараагийн жилдээ дахин үргэлжилсэн. Харин энэхүү стандарт мөрдөгдөж эхэлснээр ирэх 2023 онд дахин явган хүний замын хажууг дугуйн зам нэрийдлээр шинэчилж болзошгүй.

Өмнө нь байгаагаа тордохгүйгээр жил бүр засвар, арчилгаа, шинэчлэлтэд их хэмжээний санхүү төсөвлөнө гэдэг утгагүй. Тиймээс ерөнхий шаардлага, дугуйн замын төлөвлөлт гээд анхнаасаа л хэрэгжиж байсан бол хотын дарга нар шинэ нэршил гаргаж, хуучин ажлаа чанаржуулахгүй л байсан байх.

Ямартай ч улиг болсон гэрэлтүүлэг, зам талбай, дугуйн зам, тоглоомын талбайн аюулгүй жишгийг дарга нар анхаарсан нь сайн хэрэг. Харин хэрэгжилтийг хангах тал дээр стандарт алба нь илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Үгүй бол өнөөх ажил болгож баталсан стандарт нь эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгний карманд орж, хэрэгжилт үгүй болж дуусахгүй гэхийн баталгаа алга. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна