Сошиал оддын нэгдлийн шинэ тоглолт ба хүний эрхийн мэдрэмж

Zuv.mn
2024/01/30

Осоржамаа, удган Юмжирдулам тэргүүтэй сошиалд танигдсан хэсэг хүн нийлж контент бэлтгэхээр болжээ. Хачирхалтай нь, тэднийг дагаж, дэвэргэж, контент бүтээхэд хүргэсэн сошиал хэрэглэгчид нь эргээд доромжилж, бүр өмнө нь байснаас нь доош оруулж булшлахыг оролдож байх юм. Монголчууд төр засгаас хүний эрх их нэхдэг. Тэгсэн хэр нь ихэнх нь энэ талаар ойлголт тааруу байдаг. Ойлголт тааруу гэдгээ энэ хэрэг дээр ч харуулж байна.    

Олон нийтийн сүлжээ бол тухайн хүний өөрөөрөө байх, өөрийгөө илэрхийлэх орон зай. Энд идэвхтэй байгаа хүнийг элдвээр буруутгалгүй  эерэгээр хүлээж авдаг байдал ч тогтож эхэлсэн байна. Тоглолт хийх гээд байгаа нөхдүүд олон дагагчтай болсонд энэ эерэг хандлагын нөлөө бий. Гэсэн ч хувь хүний хөгжилтэй холбоотой ойлголтууд, ялангуяа  бусдын ялгаатай байдлыг хүндэтгэх соёлд илүү суралцмаар  байна.

Бусдыг хүндлэх суурь шалтгааны тухайд бусад улс манайхаас огт өөр. Хөгжингүй улсуудад бусдыг хүндлэх нь нийгмийн байдал, гадна төрх гэх мэт ялгамжгүй гагц "хүн" гэсэн ойлголт дээр суурилдаг бол монголчууд "Ахмад настай юм", "Гавьяа байгуулсан юм", "Одон тэмдэг авсан юм" гэх зэргээр ялгамжтай ойлголт дээр суурилдаг. Тиймээс ч одоо байгаа сөрөг хандлагууд гарч ирж байгаа. Гэхдээ, хамгийн суурь ойлголт нь хүн, түүний заяагдмал болон үндсэн хуулиар олгогдсон эрх гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.

Иргэд эвлэлдэн нэгдэж нам байгуулах, удирдлагаа сонгох, насанд хүрсэн иргэн сонгуульд нэр дэвших нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Нам нь Шинэ нам байх эсэх, дарга нь нэвтрүүлгийн хөтлөгч байх эсэх нь энд огт хамаагүй.

Түүн шиг, монгол улсын иргэн санаж сэдсэнээ хийгээд явах эрх чөлөө хүн бүрт бий. Тэдний зарим нь нийгэмд нэг их сайхан үлгэр дуурайл үзүүлсэн хүмүүс биш ч гэлээ бизнес /ашигтай ямар нэг үйл ажиллагаа/ хийж, орлого олох, өөрөөр хэлбэл, ямар нэг юм бүтээгээд түүнийгээ зах зээлд санал болгох эрхтэй гэсэн үг. Кино, уран бүтээлийн зах зээлийн зарчим ийм. Осоржамаа байна уу, Бооёо байна уу ялгаагүй, энэ зарчмаар явна. Шинжлэх ухаан, шашин хүртэл эрдэмтэн, мэргэд нь нэг зүйл санаж сэдээд, тэрийгээ бусдад санал болгоод итгэх нь итгээд явдаг ийм л зүйл. Тэдний тоглолтыг үзэхийн тулд мөнгө төлөх эсэх нь өөрсдөд нь байгаа.  Товчхондоо, тэдэнд нэгдэж нийлэх, уран бүтээл хийж санал болгох эрх бий. Харин үзэх, зэхгүй айх эрх нь танд байгаа.

Тиймээс хүний эрхтэй холбоотой, суурь зарчмууд дээрээ ядаж дуугүй байж суръя л гэх гээд байна. нөхдүүд контент дээрээ нийгмийн сүлжээнд байдаг шигээ элдэв бус ааш аяг гаргаж хордуулах юм бол асуудал тусдаа, зохицуулдаг хуультай.  

Тэд их мөнгө олж гэмээ нь араас нь замнах, ямар нэг аргаар олонд танигдах гэсэн нөхдүүд нэмэгдэх л байх. Гэхдээ тэглээ гээд эрхээ эдэлж байгаа хүний өмнөөс уурлах юу билээ. Хувь хүн өөрийнхөө хүний эрх, ардчилал, ухамсар, ёс зүйн мэдлэгээ дээшлүүлж, аар саар зүйлд ач хологдол өгөхөө болиод эрхийн цагт буцаад алга болчихоос хойш.      



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.118
    2024/01/30

    Эд нар Их хуралд гарчихвал нээх гайхаад байх юм алга л даа..

    Хариулах
  • 43.228.129.162
    2024/01/30

    Алиалагч нарыг ард түмний тархи угаахыг хорь

    Хариулах