Бүсгүй хүний тухай гурван шүлэг

Zuv.mn
2024/03/08

Эмэгтэй хүн гоо үзэсгэлэн, хатан ухаан, уяхан аалиараа эр хүнийг өөртөө дурлуулж, арай хожуу үнэнч ариун сэтгэлээрээ хайрлагдан, сүүлдээ амь, амьдрал нь, “бүх юм” нь болж хувирдаг билээ. Эрчүүдийн амь, амьдрал “бүх юм” нь болсон бүсгүйчүүддээ гурван дулаахан шүлгээр мэндчилье. Магад, яруу найраг буй болсон шалтгаан эмэгтэй хүн байсан биз ээ.

Я.Баяраа

Хорьдол сарьдагийн бэлээр тунарсан

Хоосон чанарын манан хөөрөхөд

Хорвоо ертөнцийг шуналгүйн нүдээр

Хонгор минь, чиний нүдээр анх харлаа

Аяа, ямархан хувь заяаны дуудлагаар

Амьдралын тойрогт надтай учирч

Энэ аригуун их усны хөвөөнд

Энгэрийг минь түшсэн алдрай вэ, чи

Цэцэгс зайчлан гүйж ирэхэд чинь

Цээжний хөндүүр арилсан юм

Итгэл тээсэн инээдний үзүүрт

Сэтгэлд дарсан цас ханзарсан юм

Эд юмсад амилахын агшин хайрлагч

Энэ ариун зохицолын өмнөөс

Сөрж зүтгэлэх зүрх үлдсэнгүй

Дагаж нисэхээс өөр зүг чиг үгүй... 


Д.Дамдинжав

Мөнгөлөг завь шөнөжин сэлүүрдэх

Миний ёроолгүй гүн далайд

Мөддөө энэ охин живэх янзгүй.

Мөрөн болж,

Миний далайд цутгах олон олон охидын харцанд

Мөнгөлөг завь хөлөглөсөн энэ охин үйх янзгүй.

Миний сэтгэлийн эрх давалгаанд

Завьтайгаа шидэгдсэн түүнд арлын тухай мөрөөсөл байхгүй.

Мөнхөд энд л цор ганцаар хөвөн хэрэх түүний хүсэлд

Зайлуул, хориг тавиад нэмэргүй ч тэр энд жаргах янзгүй ээ.

 

Р.Улам-Оргих

Зүрхэн дотор минь

цохилсоор байгаад зүрх болчихсон

зөндөө олон хүмүүсээс

шүлгэн дотор минь бичигдсээр байгаад

шүлэг болчихсон нь ганцхан чи юм.

Амьд халуун судлаар минь

одоо ч лугшисаар л байгаа

амьдрал юм, чи миний.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна