“Бүргэдийн баяр-2024” наадмаар бүргэдчид гурван төрөлд өрсөлдөнө

Х.Есү
2024/03/09

БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Бүргэдийн баяр-2024” наадам эхэллээ. Тус наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд бүргэдчид тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрөлд өрсөлдөнө. Түүнчлэн морьт харваа, анч нохдын үзүүлбэр, хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаа, бусад үйлчилгээг дэлгээд байна. Мөн нээлтийн үеэр шилдэг 21 бүргэдчинийг алдаршуулсан юм.

Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Монгол орон түүх соёл, өв уламжлал арвинтай, олон ястны өлгий нутаг билээ. Бүргэдийн баяр нийслэлчүүд болон жуулчдын хүсэн хүлээж, зорин ирдэг нэгэн том баяр болсон байна. Өвлийн аялал жуулчлыг хөгжүүлэх энэ үйл ажиллагааг нийслэлийн зүгээс үргэлж дэмжиж, манлайлан оролцдог. Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн тэртээгээс хадгалагдан ирсэн бүргэдээр ан хийх соёлыг өвлөн тээж, хойч үедээ уламжлуулж буй үндэстэн бол монголчууд бид юм” хэмээлээ.

Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд тус наадам илүү өргөн дэлгэр болж, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчид ихээр ирж буйгаараа онцлог болж байгааг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх онцлов.

“Бүргэдийн баяр-2024” наадам өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш буюу гуравдугаар сарын 9, 10-нд 11:00-18:00 цагийн хооронд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна