Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг Уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган буюу PDAC 2024 (Prospectors and Developers Association of Canada) Торонтод өнөөдөр (2023.03.03) нээгдлээ. Гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд үргэлжлэх 92 дахь удаагийн PDAC 30000 орчим оролцогч, 700 илтгэгч, 400 гаруй компанийг хүлээн авч буйгаараа дэлхийн эрдэс баялгийн салбарын хамгийн том арга хэмжээнд тооцогдож байна.
Чуулганы эхний өдөр Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын боломж, шинэ төслүүдийг танилцуулсан Монголын үзэсгэлэнгийн талбай нээгдэж, "Mongolian day" арга хэмжээ зохиогдлоо. PDAC 2024-т хоёр дахь жилдээ Монгол Улс тусдаа үзэсгэлэнгийн талбай засаж, хөрөнгө оруулагчдад Монголын талаарх мэдээллийг хүргэж буй бөгөөд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийнхэн хамтран улсынхаа боломжийг танилцуулж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт орчин үеийн геологийн суурь судалгаа хийлгэх сонгон шалгаруулалтыг олон улсад зарлаад байгаа бөгөөд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хайгуулын технологийн компаниудын үзэсгэлэнгийн талбайгаар зочилж, уг тендерийн урилгыг биечлэн гардуулж өгсөн нь онцлог байлаа.
Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын боломж хийгээд хөрөнгө оруулалт эрэлхийлж буй шинэ төслүүдийг танилцуулсан "Mongolian day" өдөрлөгт гадаад, дотоодын төр, хувийн хэвшил, судалгаа, хөрөнгө оруулалтын байгууллагыг төлөөлсөн 200 орчим төлөөлөл оролцсон.
УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга Монгол Улсын эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсний зэрэгцээ Монголд хөрөнгө оруулах боломж, геологийн потенциал, ялангуяа орчин үед эрэлт нь нэмэгдэж буй критикал минералуудын талаар туршлага судалж, хөрөнгө оруулалтын боломжуудыг эрэлхийлэх чиглэлд Монгол Улс идэвхтэй ажиллаж буйг танилцуулсан. Түүний танилцуулгын дараа Монголд критикал минералын чиглэлд эхний туршлагуудыг хуримтлуулан ажиллаж буй хөрөнгө оруулагчид танилцуулгаа хийсэн юм.
Монголд литийн төслийг дэмжин ажиллаж байгаа БНСУ-ын “Kumyang” групп, 2023 онд геологийн суурь судалгааг орчин үеийн аргаар тест байдлаар хэрэгжүүлж туршсан Xcalibur компани, ураны төсөл хэрэгжүүлж буй Францын “Орона Майнинг” компаниуд туршлагаа танилцуулсан нь өмнөх жилүүдийн хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүдийн танилцуулгуудаас ихээхэн ялгаатай байлаа.
Уул уурхайн салбарынхны дэлхийн хамгийн том цугларалт болох олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганы мэдээллийн түншээр дэлхийн 70 орчим хэвлэл мэдээллийн байгууллага ажилладаг бөгөөд Монгол Улсаас Mining Insight сэтгүүл хоёр дахь жилдээ мэдээллийн түншээр ажиллаж, Торонтогоос мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна