Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр (2024.04.17) Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйг танилцуулав.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай
Монгол Улсын Их Хурлын 2002 оны чуулганы нэгдсэн хуралдаанаар “Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” анхдагч хуулийг баталж, 2010 онд “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” нэртэйгээр хуулийн шинэчилсэн найруулга болгон өөрчилсөн. Хуулийн хэрэгжилтийг хангах хугацаанд 2014, 2016 онд өөрчлөлт, 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Батлан хамгаалах болон Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар байгуулсан Ажлын хэсэг хуулийн төсөлд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгажээ. Үүнд:
- Хуулийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг өөрчлөн найруулах;
- Энхийг дэмжих ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг нарийвчлан тодорхойлох;
- Монгол Улсын Их Хурал, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх, Цэрэг, цагдаагийн багийн захирагчийн нийтлэг эрх, үүрэг, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэрэг, цагдаагийн алба хаагч, багийн нийтлэг үүргийг шинээр нэмэх;
- Засгийн газрын болон Гадаад харилцаа, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбогдох зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох;
- Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнд хамаарах Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын албан тушаал, сонгон шалгаруулалтад тэнцсэн бие бүрэлдэхүүнийг томилох, эгүүлэн татах;
- Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг оролцуулах, үүрэг гүйцэтгэх төрөл;
- Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд НҮБ-аас нөхөн олговор олгуулах, ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох, үүрэг гүйцэтгэх хугацаанаасаа өмнө эгүүлэн татагдах тохиолдолд холбогдон гарах зардлыг тухайн алба хаагч өөрөө хариуцах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тодорхойлох зэрэг болно.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Монгол Улсын хувь нэмэр, үүрэг оролцоо нэмэгдэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаанд оролцох хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж, энхийг сахиулагчдын аюулгүй байдал, эрх зүйн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх дээшилж, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх зорилтыг хангахад чухал нөлөө үзүүлж, хууль тогтоомжийн нийцэл, уялдаа холбоо хангагдах юм байна.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай
Монгол Улсын Их Хурлын 2016 оны чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг хэлэлцэн баталж, 2017, 2021 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах арга хэмжээний хүрээнд Олон улсын валютын сангийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр (Stand by)-т хамрагдах нөхцөл, шаардлагыг хангах үүднээс холбогдох зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, цэргийн алба хаагчийн цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой гурван эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, мөнгөн урамшуулал олгох болон дээд офицерын цолны мөнгөтэй холбогдох хоёр эрх зүйн зохицуулалтыг хүчингүй болгосон аж.
Тухайлбал, хуулийн 7 дугаар зүйлд заасан “улсын хил болон алслагдсанд тооцох анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн застав болон түүнтэй адилтгах салбарт 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгохтой холбоотой зохицуулалтыг хүчингүй болгож, мөн хуулийн 9.5-д заасан дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчийн цалин хөлсний хэмжээ, нэмэгдэл олгохтой холбогдсон зарим эрх зүйн зохицуулалтуудад өөрчлөлт оруулжээ.
Хууль тогтоомжийн энэхүү эрх зүйн ялгавартай байдлаас шалтгаалан Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын цалин хөлс, нийгмийн хамгаалал нь хуулиар харьцангуй илүү болох хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын болон цагдаагийн байгууллагад шилжин ажиллах хүсэл сонирхлыг бий болгож, алслагдсан болон хөдөө орон нутагт ажиллах хүсэл сонирхол илт буурч, жилээс жилд ажлаас чөлөөлөгдөх, өөр ажил, албан тушаалд шилжин явах тохиолдол ихсэх зэрэг сөрөг үр дагаврууд гарч байгаа нь Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна” гэж заасантай зөрчилдөж, улмаар төрөөс тусгайлан бэлтгэгдсэн боловсон хүчний хүний нөөцийн хомсдол үүсэх нөхцөл нь хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байгаа юм байна.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдийг дурдвал:
- Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мөнгөн урамшуулал олгох;
- Дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчдад цалин хөлс олгох журмыг холбогдох Засгийн газар гишүүн батлах;
- Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа цэргийн алба хаагчийн ажил, албан үүргийг хуулиар албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцох,
- Ажлын байрны бэлгийн дарамт шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхахыг алба хаагчдын үйл ажиллагаанд хориглох зэрэг болно.
Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчийн нийгмийн баталгаа дээшилж, алслагдсан болон хөдөө, орон нутагт байрлах цэргийн анги, салбарт тогтвор суурьшилтай ажиллах, цэргийн албаны хэвийн, аюулгүй, тасралтгүй үйл ажиллагаа хангагдах нөхцөл сайжирч, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого” баримт бичгийн “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хэрэгжилт болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6-д “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ.” гэсэн зорилт хангагдахад чухал нөлөө үзүүлж, хууль тогтоомжийн нийцэл хангагдана гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна