О.Батнайрамдал: БЗС-гийн чөлөөлөлтийн “загалмайлсан эцэг” Лу.Гантөмөрт гомдол гаргаж, прокурорт хүргүүлэв

Т.Отгонсувд
2024/04/22

Иргэн О.Батнайрамдал нийгмийн алдагдсан боломжийг нэхэмжлэх, төрийг хохиролгүй болгох үүднээс хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газарт Боловсролын зээлийн сангийн асуудлаар гомдол гаргаж, холбогдох материалуудыг хүргүүлж байна. Тэрээр энэ талаар хэвлэлд мэдээлэл өглөө.

Энэ талаар ярихдаа, “Өнөөдөр монголчууд нийтээрээ БЗС-гаас өндөр албан тушаалтнууд хууль бусаар үр хүүхдэдээ, хамаатан садандаа зээл авч, гэр бүлийн гишүүнийхээ хувийн данс руу татвар төлөгчдийн 360 тэрбум төгрөгийг шилжүүлсэн асуудлыг мэднэ.

Арван сарын хугацаа өнгөрсөн байна. Эргэн төлөлтийн тухайд шүгэл үлээхээс өмнө 1-2 хувь л байсан. Тэр үед зээлдэгчдэд эргэн төлөх ямар ч ойлголт байгаагүй. “Таван жил ирээд ажилласан. Энэ бол тэтгэлэг” гэх шалтгааныг зарим зээлдэгчид хэлдэг. Шүгэл үлээснээс хойш 5-6 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байна. Урд өмнөх жилүүдтэй харьцуулбал тав дахин өссөн гэсэн үг. Асуудал сөхөгдсөнөөс хойш өндөр албан тушаалтнууд ойр дотнынхоо хэн нэгэнд  авч өгсөн зээлээ эргэн төлсөн байдаг. Нийт эргэн төлөлтийг 360 тэрбум төгрөгөөр аваад үзэх юм бол дөнгөж таван хувьтай л явааг онцлох хэрэгтэй. 95 хувь нь одоог хүртэл төлөөгүй байна. Бид банкнаас зээл авчхаад төлөхгүй гэдэг билүү. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөнөөс авчхаад төлөхгүй гэдэг асуудал ярьж байгаа нь байж болохгүй асуудал. Зээлээ төлөөгүй хүмүүсийг хоёр сарын хугацаанд хариуцлагатайгаар эргэн төлөхийг шаардаж байна.

БЗС улс төрийн асуудал биш. Боловсролын боломж шударга бус болоод буй нийгмийн асуудал. Боловсролыг тэгш хүртээмжтэй хүүхдүүдэд хүргэж чадахгүй бол юун шударга ёс ярих вэ.

Сонгууль болоход хоёр сар үлдлээ. Энэ хугацаанд нам хамаарахгүй горилогчид ард түмнээсээ мандат авах гээд очно. Яг энэ үед зээлтэй бүх хүмүүс зээлийнхээ эргэн төлөлтийг хийх ёстой. Төлөхдөө бүр хүүтэй нь төлөхийг шаардаж байна.

Саяхан БЗС-гийн чөлөөлтийн асуудал яригдсан. 2013 оноос хойш чөлөөлсөн чөлөөлөлтүүд бүгд хууль бус. 800 гаруй сурагчийн 80 тэрбум төгрөгийг чөлөөлсөн. Хэний хүүхдийг чөлөөлөөд хэний хүүхдийг чөлөөлөөгүй вэ гэдэг одоог хүртэл асуултын тэмдэг дагуулж байгаа. Лу.Гантөмөр дөрвөн жилийн хугацаанд 40 гаруй хүний зээлийн асуудлыг чөлөөлсөн байдаг. Энэ чөлөөлөлтийг нэг бүрчлэн шалгавал маш олон зөрчил бий. Яагаад одоог хүртэл үүний хариу гарахгүй байгаа юм бэ.

2011 онд УИХ-аас Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хууль баталсан. Энэ хуулийн заалтад татвар төлөгчдийн мөнгөөр зээл авч сурсан бол зээлийг чөлөөлөх эрх нь УИХ-д байхаар тусгасан. Гэтэл Боловсрол соёл шинжлэх ухааны сайд дур мэдэн тушаал гаргаж маш олон хүүхдийг чөлөөлсөн.  Ингээд дараа дараагийн чөлөөлөлтүүдийг сайд асан Л.Гантөмөрийн тушаалыг үг үсэггүй хуулж хийсэн байдаг. Иймд чөлөөлөлтийн загалмайлсан эцэг гэж хэлж болохуйц Лу.Гантөмөрт гомдол гаргаж прокурорын газар өглөө” гэв.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.4
    2024/04/23

    Ер нь бол мэдлэг чадвартай залууст боловсрол маш их үнэ цэнээр, их хөдөлмөрөөр олдож байгаа. Тэд олон жил унаж босож байж гадны сургуулийн тэтгэлэгийг эсвэл тухайн улсын засгийн газрын тэтгэлэгийг олж авдаг. За тэгээд эцэстээ зарим нь хувиараа төлбөрөө төлөөд сурдаг. Гэтэл ямар ч шаардлага хангахгүй нөхдүүд үл хөдлөхөө барьцаанд тавиад БЗС -с зээл аваад л Япон, Америк, Солонгосын их дээд сургуульд магистр, докторт сураад ирж байна. Ирээд 5 жил цалинтай ажиллаад НДШ 60 сар төлөөд л зээлээ тэглүүлнэ гээд гүйцгээж байна. Энэ чинь ард түмний татварын мөнгөөр диплом худалдаж аваад ирсэнээс ямар ч ялгаа байхгүй. Энэ тухай л иргэн О.Батнайрамдал шүгэл үлээж, хэлээд байна гэж ойлгож байгаа.

    Хариулах
  • 139.5.219.90
    2024/04/22

    Хүүш ээ энэ Гантөмөр чинь ямар бүдүүлэг новш вэ нусан буу муу ч гэх шиг Уурхайн газар зардаг хулгайч чинь

    Хариулах