Ажилтнууддаа цалинтай чөлөө олгож сонгох эрхийг нь дэмжье

С.Гандэлгэр
2024/04/29

Ажилтан, албан хаагчдынхаа сонгох эрхийг хангах нь ажил олгогчдын хуулиар хүлээсэн үүрэг.

Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй ч сонгуулийн санал хураах өдөр уул уурхай, ачаа тээврийн салбарт ээлжээр ажиллаж буй олон мянган хүн саналаа өгч чаддаггүй. Тухайн орон нутагтаа түр оршин суугчаар бүртгүүлж санал өгөх боломжтой ч энэ нь “царцаа”-ны асуудлаас эхлээд олон хардлага сэрдлэг дагуулдаг нь нууц биш. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооноос уул уурхай, ачаа тээврийн салбарын аж ахуйн нэгжүүдийг ажилтнуудынхаа сонгох эрхийг хангаж, ажил олгогчийн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

Энэ бол 60 мянга гаруй сонгогчийн эрхтэй холбоотой асуудал. Ачаа тээврийн салбарт 20 мянга гаруй,  уул уурхай буюу эрдэс баялгийн салбарт 40 мянга гаруй хүн байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг гэх судалгаа байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гашуун-сухайт боомтод 17,4 мянга, Шивээ-хүрэн боомтод 3000 гаруй, Ховд аймгийн Булган боомтод 500 гаруй, Сүхбаатар аймгийн Бичигт боомтод 500 гаруй, Дорноговь аймгийн Ханги боомтод 1100 гаруй,  Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод 900 гаруй,  Дорнод аймгийн Баянхошуу-Өвдөг боомтод 100 гаруй жолооч ажиллаж байгаа гэх судалгааг Зам тээвэр, хөгжлийн яамнаас Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ. Нийт 295 аж ахуйн нэгжийн 38258 үндсэн ажилтны 18515 нь, 29,657 гэрээт ажилтны  22074 нь өөр газраас ирж ажилладаг байна.

Хэдийгээр хүн бүр сонгох эрхтэй ч ээлж нь таарсан ажилтан сонгуульд саналаа өгөхийн тулд ажлаасаа чөлөө авах нь ховор. Тухайн аж ахуйн нэгжийн удирдлага эрхийг нь хангахад анхаарахгүй бол саналаа өгч чадахгүй хоцордог нь өмнөх сонгуулийн жишээнээс тодорхой харагдана. Иймээс энэ удаа Сонгуулийн ерөнхий хорооноос ажлын хэсэг байгуулж, иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх чиглэлээр Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах төлөвлөгөө батлаад ажиллаж байгаа аж.

Энэ тухай Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа “Сонгуулийн боловсрол” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

“Уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлагуудтай нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх гэрээтэй ажилладаг юм байна. Ажилчдынхаа сонгох эрхийг хангах чиглэлээр гэрээндээ тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангахыг орон нутгийн удирдлагуудад зөвлөсөн. Тухайлбал, “Оюу толгой” ХХК-ийн орон нутгийн харилцааны төлөөлөл, хэлтсийн менежертэй уулзаж, сонгох эрхийг хангах талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар болсон. Тус компанид 17800 орчим монгол хүн ажилладгаас 15900 нь байнга оршин суугаа газраасаа өөр буюу Ханбогд суманд очиж, ажилладаг. Иймд санал өгөх өдөртэй давхцуулж, ээлж солих, мөн тухайн өдрийн онгоц, унаа, тээврийн асуудлыг зохицуулах, тухайн өдөр ажилласнаар тооцож цалин хөлсийг олгох зэргээр сонгох эрхийг нь хангаж, хууль хэрэгжүүлэх талаар ярилцаж байна” гэж онцолжээ.

Гэхдээ үүнд зөвхөн төрийн байгууллага анхаарахаас илүү тухайн аж ахуйн нэгжүүд санаачилгатай оролцох нь чухал. Ажилтан, албан хаагчдынхаа сонгох эрхийг хангах нь ажил олгогчдын хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Энэ ч үүднээс уул уурхай, ачаа тээврийн компанийн удирдлагуудтай өнгөрсөн долоо хоногт уулзалт зохион байгуулж, мэдээ мэдээлэл өгчээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 дах хэсэгт “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан байдаг.

Гэвч бодит байдалд энэ заалт нь хэрэгжихгүй өнгөрдөг тул энэ жилийн сонгуулиар тусгайлан анхаарч байна. Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа цахимаар болон урьдчилж санал өгөх заалт оруулсан ч олон нийтийн дэмжлэг авалгүй хасагдсан юм. Харин тэдний хорооны уулзалтад оролцсон ачаа тээвэр, уул уурхай, эрдэс баялгийн салбарын төлөөлөгчид байнга орчин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг сонгогчдоос урьдчилан санал авах, зөөврийн хайрцгаар санал авах зэрэг зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатайг онцолж байв.

Гэхдээ ямар нэгэн хуулийн заалт өөрчлөхөөс илүү зөв зохион байгуулж, ажилтныхаа сонгох эрхийг хангахын тулд цалинтай чөлөө олгохоос эхлээд олон гарц шийдлийг олох боломжтой юм.

Ажилтнууддаа цалинтай чөлөө олгож сонгох эрхийг нь дэмжье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна