О.Батсүх: Б.Ганзориг нь хүний биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр яллагдагчаар татагдсан. Л.Чинбаттай ямар ч хамааралгүй

Zuv.mn
2024/04/30

       Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дэд дарга Б.Ганзориг нь “Л.Чинбатын бичлэгийг хийж олон нийтийн сүлжээнд тавьсаны төлөө прокурорын байгууллагаас надад хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж намайг хэлмэгдүүлж байна” гэж олон нийтийн сүлжээнд мэдээлэл тараагаад байгаа. Энэ талаар Л.Чинбатын өмгөөлөгч О.Батсүхээс тодрууллаа.

-Танай үйлчлүүлэгч Л.Чинбатад холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож, харин бичлэг хийсэн Сэлэнгэ аймгийн Ардчисан намын дэд дарга Б.Ганзоригт тухайн бичлэгийг цахим орчинд тавьсных нь төлөө цагдаа, прокурорын байгууллага үндэслэлгүй хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэлмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл цагдаа прокурорын байгууллага мөнгөтэй хүнд үйлчилж, жирийн нэг шударга залууг хэлмэгдүүлж байна” гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дэд дарга Б.Ганзориг нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан үйлдэлд нь цагдаа болон прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 11.6-д заасны дагуу хэрэг үүсгэж шалгаж байгаа юм билээ.  Эмэгтэй хүний биед халдаж гэмтэл учруулсан энэ асуудлаар яагаад Л.Чинбат гэдэг хүнтэй холбоод байгааг ойлгохгүй байгаа. Цахим орчинд бичлэг тавьсантай холбоотой энэ хүнд  цагдаа болон прокурорын байгууллагаас хэрэг үүсгэж шалгасан асуудал огт байхгүй юм билээ. Эмэгтэй хүний биед халдаж гэмтэл учруулсан асуудлаа тухайн хохирогч эмэгтэйтэй өөртэй нь ярих хэрэгтэй шүү дээ. Яагаад огт хамааралгүй Л.Чинбат гэдэг хүнтэй хамаатуулж байгааг ойлгохгүй байна. Эмэгтэй хүний биед халдаж, эмэгтэй хүнд гар хүрч гэмтэл учруулна гэдэг бол энэ залуугийн өөрийнх нь буруу.

-Сэлэнгэ аймгийн АН-ын дэд дарга Б.Ганзориг нь “Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийг прокурор цагдаагийн байгууллага хааж мөнгөтэй хүнд үйлчилж, намайг хэлмэгдүүлж байна” гэж байгаа. Энэ талаар?

-Прокурорын байгууллагаас өмнө нь энэ талаар мэдээлэл гаргасан байна лээ. Та бүхэн харсан байх. Прокурорын байгууллагаас миний үйлчлүүлэгчид яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн. Хэрэг нь шүүх дээр байгаа. Сэлэнгэ аймгийн АН-ын дэд дарга Б.Ганзориг нь Сэлэнгэ аймгийн цагдаа болон прокурорын байгууллага нь Л.Чинбатын бичлэгийг цахим орчинд тавьсны төлөө намайг хэлмэгдүүллээ, хилсээр хэрэг үүсгэлээ гээд байгаа нь бодит байдлаас огт өөр юмаа. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн АН-ын дэд дарга Б.Ганзориг нь тухайн бичлэг тавихын өмнөх өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий эмэгтэйн биед халдаж гэмтэл учруулсан үйлдэлдээ шалгагдаж байгаа юм билээ.

-Тэгэхээр Сэлэнгэ аймгийн АН-ын дэд дарга Б.Ганзориг нь эмэгтэй хүний биед халдсан үйлдэлдээ шалгагдаж байгаа гэсэн үг үү-

-Тийм. Энэ асуудлаар та  бүхэн цагдаа болон прокурорын байгууллагаас тодорхой мэдээлэл авах нь зүйтэй байх.

- Сэлэнгэ аймгийн АН-ын дэд дарга Б.Ганзоригийг худал мэдээлэл тарааж байгаа гэж та хэлээд байна уу. Яг ямар зорилгоор энэ хүн худал мэдээлэл тарааж байгаа гэж үзэж байгаа юм бэ?

-Сэлэнгэ аймгийн АН-ын дэд дарга Б.Ганзориг нь сүүлийн 5 жилийн хугацаанд байнгын Чинбат Гацуурт ХХК гэж лайв хийж олон нийтэд мэдээлэл тарааж байгаа.

Өмгөөлөгчийн хувьд Гацуурт ХХК болон Л.Чинбат гэдэг хүнийг ярих нь, цахим орчинд худлаа мэдээлэл тараах нь Сэлэнгэ аймгийн АН-ын дэд даргын албан тушаалд нь, улс төрийн үйл ажиллагаанд нь хэрэгтэй байгаа юм байлгүй гэж бодох болсон. Хүн үзэл бодлоо илэрхийлж болно, цахим орчинд мэдээлэл тарааж болно, гэхдээ нэг компани нэг хүн рүү олон жилийн хугацаанд дайрч, нэр хүндэд нь халдаж, худлаа мэдээлэл тараах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө биш, шударга ёсны тэмцэл ч биш. Энэ худлаа мэдээлэл гүтгэлийн цаана хүн нэр төр, алдар хүнд, сэтгэл санаагаараа байнга хохирч байдаг. Иймээс Сэлэнгэ аймгийн арчдилсан намын дэд дарга Б.Ганзоригт хандаж хэлэхэд эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан асуудлаа битгий өөр хүмүүс өөр асуудалтай холбож худлаа мэдээлэл тараагаач ээ гэж хүсье. 

/Редакцын бус нийтлэл/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна