“Мета” корпораци Монголын сонгуульд БНХАУ, ОХУ-ын нөлөө орохоос сэргийлж ажиллана

Zuv.mn
2024/05/02

Монголд түгээмэл ашиглагддаг Фэйсбүүк, инстаграм зэрэг платформуудыг эзэмшдэг “Мета” корпорацийн төлөөлөгчид саяхан манай улсад ирж, сэтгүүлч, олон нийтийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, сургалт зохион байгуулсан билээ. Тэгвэл энэхүү уулзалтыг Төв Азийн улс орнуудын мэдээллийг дагнаж бэлтгэдэг Centralasia.media мэдээлэхдээ “Мета” корпораци Монголын сонгуульд БНХАУ, ОХУ зэрэг гаднын улсын нөлөө орох эрсдлийг багасгаж ажиллана” гэсэн гарчигтайгаар нийтлэжээ.  Гаднын гэдэгт "Монголоос бусад бүх улс" хамаатай ч хоёр улсыг онцолсон байна. 

Мэдээлэлд “Мета” корпорацийн төлөөлөгчдийн ахлагч, Ази Номхон далайн бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Сенура Абайвардена “2024 онд дэлхий даяар олон сонгууль болно. Дэлхийн 50 гаруй оронд 4 тэрбум хүн саналаа өгнө. Сонгуулийн кампанит ажлын үеэр Facebook, Messenger, WhatsApp, Instagram сүлжээг ашиглан олон нийтэд санаатай болон санамсаргүй ташаа мэдээлэл тарааж байгааг шалгахаас гадна мэдээллийн сөрөг нөлөөллөөс үүдэн хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэх болно” гэж хэлснийг онцолжээ.

Түүнчлэн, нэр дэвшигчдийн санхүүжүүлэгчээ ил зарласан байдлыг харгалзаж үзнэ гэдгээ мөн илэрхийлсэн байна.

Тодруулбал, нэр дэвшигчийн цацсан мэдээллийг цуглуулан Facebook Ad Library тохиргоонд нэмж, нийтэлсэн зарыг архивлах замаар мэдээллийн сан бүрдүүлэх юм байна. Энэ хаягаар орвол нэр дэвшигч хэдэн төгрөгөөр хэчнээн тооны зарыг идэвхижүүлсэн байгаа вэ гэдэг мэдээлэл ил харагдах юм байна.

“Бид зохион байгуулалттай зөрчлийн эсрэг арга хэмжээ авч байгаа. 2017 оноос хойш энэ чиглэлээр ажиллаж, 200 гаруй сүлжээг идэвхгүй болгосон. Харин сонгогчдын хувьд, залуу сонгогчдыг идэвхжүүлэхийн төлөө ажиллана” гэсэн байна.

Мета корпораци Монгол Улс дээр эрсдлийн үнэлгээ хийж байгаа бөгөөд платформ дээр худал мэдээлэл тараахгүй байхыг эрх баригчдад сануулж ажиллана”  гэж “Global Events Asia Pacific” оффисын ажилтан Жу Жу онцолжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна