Үнэгүйдсэн амь

Zuv.mn
2024/05/06

-Монгол Улсад жилд 400 гаруй хүн амиа хорлож нас бардаг, оролдлого нь тав дахин их-

“Нэг хүн үхвэл эмгэнэлт явдал, олон хүн үхвэл статистик” гэдэг үг бий. Монголд өнөөдөр амиа хорлолт статситик болжээ.

Залуухан бүсгүй амиа хорлохыг завдаж, Онцгой байдлын алба хаагч аварч байгаа бичлэг өчигдөр сошиал орчинд цацагдахад, олон нийтээрээ шүүн хэлэлцэж бах таваа хангацгаалаа. Гэтэл өчигдрийн тохиолдол жилд гардаг 2000 гаруй оролдлогуудын зөвхөн нэг нь гэдгийг та мэдэх үү.   

2018 онд Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд “Монгол Улсын хэмжээнд нийт нас баралтын шалтгааны наймдугаарт амиа хорлолт ордог, нийт нас баралтын 2.8 хувийг энэ шалтгаант нас баралт бүрдүүлдэг” гэжээ. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тайланд “Дэлхий дээрх нийт нас баралтын 1.4 хувь нь амиа хорлолтын шалтгаантай” гэсэн нь манай улсад амиа хорлолт дэлхийн дунджаас хоёр дахин их байгааг харуулна. Тодруулбал, манай улсад жилд 16 орчим мянган хүн нас бардгаас 438 буюу 2.8% орчим хувь нь амиа хорлон нас баржээ. Эндээс жилд дунджаар 33 минут тутамд 1 хүн нас барж, 20 цаг тутамд 1 хүн амиа хорлон эндсэн гэж хэлж болох юм.

Нас залуу байх тусам амиа хорлолтын шалтгаант нас баралтын хувь өндөрсдөг жишиг бий. Дэлхий нийтэд жил бүр 800 000 орчим хүн амиа хорлож, 40 секунд тутамд нэг хүн амиа хорлохыг завдах тохиолдол гардаг бөгөөд 15-29 насныхны дунд үхлийн хоёр дахь шалтгаан болдог аж.

Дэлхийн 183 улсыг 100,000 хүнд ногдох амиа хорлолтын түвшнээр эрэмбэлэхэд 2015 онд 1-рт Шри Ланка (34.6), 2-рт Гайана (30.6), 3-рт Монгол Улс (28.1) эрэмбэлэгдэж байв.

Манай улсын хувьд амиа хорлосон тохиолдлыг Эрүүл мэндийн яам болон Цагдаагийн ерөнхий газар бүртгэдэг бөгөөд мэдээлэл нь ялгаатай байдаг.

Тодруулбал, ЭМЯ нас баралтын тохиолдол бүрийг өвчний олон улсын ангилал, кодыг ашиглан шалтгаанаар бүртгэдэг бол Цагдаагийн ерөнхий газар “Бусдыг амиа хорлоход хүргэсэн нь тогтоогдсон, үүний улмаас амиа хорлосон” гэсэн тохиолдлыг гэмт хэрэгт хамруулан бүртгэдэг байна.

Манай улсад амиа хорлолтын шалтгаан нөхцлийг нухацтай авч үзсэн судалгаа ховор. 2012-2016 оныг хамруулсан судалгаагаар, амьжиргааны түвшин буюу амьдралын чанар голлон нөлөөлж байна гэсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаатай таарч байгаа юм.     

Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа

2012-2016 онд амиа хорлосон 2055 хүний 58.5 хувь нь амьжиргааны доод түвшнээс дөнгөж дээгүүр орлоготой, 41.4 хувь нь амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой байсан. Амиа хорлосон нөхцөл байдал, үхэлд хүргэсэн шууд бус нөлөөллийг нэгтгэн дүгнэвэл, ажилгүйдэл, амьдралын боломжгүй байдал, санхүүгийн хямрал буюу өртэй байсан, түүнийгээ дарах боломжгүй болсон, сэтгэл санааны зовлон шаналал, амьдралын бэрхшээл...зэрэг шалтгаантай байв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.11
    2024/05/06

    Нэг гол муу нөлөө нь гэвэл Монголчууд одоо цагт дандаа муу ёрын үг хэлдэгээс болж байгаа юм...Одоо Монголчууд " ёо " ёо" "аймаар "аймаар " гэдэг үгийг маш их хэлдэг болсон байна...Үүнийгээ зогсоовол үхэл маш ихээр багсана...

    Хариулах
  • 202.9.46.217
    2024/05/06

    Монголд сэтгэл гутрал стрессээс үүдсэн сэтгэцийн өвчлөл амиа хорлолт ихэсч байна.

    Хариулах