Япон улсын санхүүжилтээр Жайка олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд өнөөдөр туршлага солилцох үйл ажиллагааг Дундговь аймагт зохион байгуулж байна.
Тус үйл ажиллагаанд Жайка олон улсын байгууллагын төслийн баг, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, нийслэлийн болон Дундговь, Өвөрхангай аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, төсөл хэрэгжиж буй сургуулиудын захирал, хоол зүйч, тогооч зэрэг 60 гаруй төлөөлөгчид оролцов.
Туршлага солилцох хөтөлбөрийн хүрээнд сургуулиуд өөрсдийн хэрэгжүүлж буй үдийн хоолны танилцуулгыг хийж, хөтөлбөрийн үр шим, гарч буй үр дүнгийн талаар хэлэлцлээ. Мөн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Мандал сургууль, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээтэй газар дээр нь танилцсан байна.
Энэ үеэр Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгүүдэд “Сүү хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгааг онцолсон юм. Мөн хүүхдийн хоол үйлдвэрлэлийг чанартай, эрүүл,аюулгүй хүнсээр хангахад холбогдох байгууллагуудынуялдаа холбоог сайжруулах зорилгоор “Хүүхдийн хоолны зөвлөл”-ийг байгуулан, олон талт ажлыг зохион байгуулж байгааг дурдлаа.
Түүнчлэн Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгийн тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн шим тэжээлт хоол” тогооч нарын уралдааныг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна