Монголын феминист гадаад бодлогын угсраа гэнэтийн бэлэг

Zuv.mn
2024/08/21

Монгол улсын Гадаад харилцааны яамыг эмэгтэй хүн толгойлж эхэлснээс хойшх дөрвөн жилд дэлхий дахин манай гадаад бодлогын амжилтыг үнэлэхдээ нэг талаар “феминист” хэмээн тодорхойлох болсон нь баримттай зүйл билээ. Энэ тодорхойлолтын бүрэн үндэстэйг харуулах ээлжит нэг үйл явдал Монголд болох гэж байна. Энэ нь Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт бөгөөд 15 улсын төр засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд нар, 20 орчим олон улсын байгууллагын төлөөлөл болон бизнес, спорт, урлаг зэрэг салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд Улаанбаатарт цуглахаар болжээ. Гадаадын 100 гаруй, Монголын шилдэг тэргүүний 200 гаруй эмэгтэйчүүд “Ногоон ирээдүйн төлөө” сэдвээр чуулах энэ форумыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг санаачилсан бөгөөд энэ санаачилгыг нь НҮБ дэмжин хамтарч зохион байгуулж буйн зэрэгцээ чуулга уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ивээлдээ авсан байна. Бээжин хотод 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас хойш Ази тивд эмэгтэйчүүдийн ийм өргөн цар хүрээтэй форум болж байгаагүй юм.     

Монгол улс дэлхий дахин дахь жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх, оролцоог нэмэгдүүлэхийн төлөөх хөдөлгөөнд хувь нэмрээ дорвитой оруулах төдийгүй манлайлахыг зорьж буй илэрхий амбицтай, үүнийгээ хэрэгжүүлэхдээ эрс шийдэмгий байгаа нь туйлын сонирхолтой бөгөөд урьд өмнө үзэгдээгүй энэхүү шинэлэг алхам нь зөвхөн энэ удаагийнх биш юм. Монгол улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилээр буюу 2022 онд Монгол улсын Гадаад харилцааны сайд санаачлан бүс нутгийн хэмжээнд анх удаа “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурлыг эх орондоо зохион байгуулсан юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон энэ хуралд дэлхийн 30 гаруй орны энхийг сахиулагч эмэгтэйчүүд оролцсон бөгөөд цаашдаа тогтмолжуулж, энхийг сахиулагчид болон оролцогч талуудын мэдлэг, туршлага, сургамжаа хуваалцдаг индэр болгон өргөжүүлэхийг зорьж байна. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Монгол улсын баялаг бөгөөд нүүр бардам намтрын олон талт байдлын нэг болох феминист шинж Монгол улсын нэр хүндийг дэлхийд өргөх, дэлхийн анхаарал, сонирхлыг Монгол руу хандуулах индэр болно гэж хэн санах вэ. 

Үүнээс яг нэг жилийн дараа буюу 2023 оны зургаадугаар сард мөн Гадаад харилцааны сайдын санаачилсан дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатарт ажил хэрэг болов. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок,  Францын Гадаад хэргийн сайд Катрин Колонна тэргүүтэй Австрали, Лихтенштейн, Индонез,  ӨАБНУ, Мозамбик зэрэг 20 гаруй орон, олон улсын байгууллагын өндөр дээд албан тушаалтнуудын оролцсон энэ хурал дэлхий дахинд тулгамдсан тодорхой олон асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, давуу талыг дайчлахын тулд хэрхэхийг хэлэлцсэн бас нэг өвөрмөц формат, мөн дэлхийн анхаарлыг Монгол руу хандуулсан бас нэг сонирхолтой индэр болов. Өнөө болох гэж буй чуулга уулзалтын босгон дээр хэвлэлд ярилцлага өгсөн Монгол улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нэг жилийн өмнөх тэрхүү үйл явдлыг дурсахдаа “Ази тивд анх удаа болсон Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт нь манай улсын гадаад харилцааны түүхэнд тодоор бичигдэн үлдсэн” хэмээн итгэл дүүрэн хэлжээ.      

Олон улсад улам бүр барьцаа ахиулан буй Монгол улсын феминист гадаад бодлогын гэнэтийн бэлэг жил дараалан өрнөсөн эдгээр үйл явдлаар ч дуусахгүй бололтой. Юу гэвэл бүрэн амжилттай хэрэгжсэн, хэрэгжих нь лавтай, өндөр амбиц бүхий эдгээр төслүүдийн автор, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан МОНЦАМЭ агентлагт ярилцлага өгөхдөө “2025 онд эмэгтэйчүүдийн бас нэг тодорхой сэдвийн хүрээнд олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн өгүүлжээ.                       
        



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна