ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир нар /2024.08.22/ мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Комиссын гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлнэ” гэж заасан байдаг.
Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй болсон. Шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй албан тушаалтныг албан тушаалаас нь бууруулах саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана гэж хуульчилсан.
ХҮЭК-ын гишүүний 2024 онд хүргүүлсэн шаардлагын дагуу Дорноговь аймгийн ХХААГ-ын дарга, Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга, Төв аймгийн Баян, Сэргэлэн сумдын Засаг дарга, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга нарт хариуцлага тооцсон байна.
Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, зөвлөмжийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэх ёстой байдаг ба эл үүргээ биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтнуудын талаарх мэдээллийг ХЭҮК-оос танилцууллаа.
Тухайлбал:
1. Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил олон жил ашиглалтад орохгүй удсанаас сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байх тул тус өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах бүх талын арга хэмжээг авах тухай Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шаардлагын хариуг 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй. Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдаж, салбарын сайд өөрчлөгдсөн тул Комиссын гишүүний шаардлагыг шинэ сайдад танилцуулж биелэлтийг ирүүлэх тухай албан бичгийг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд хүргүүлсэн боловч мөн хариу ирүүлээгүй
2. Нийслэлийн хэмжээнд дахин төлөвлөлт хийгдсэн болон ойрын хугацаанд хийгдэхээр төлөвлөж байгаа газруудад оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн судалгааг гаргаж, эхний ээлжинд төлөвлөлтөд хамруулах арга хэмжээ авах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй. Салбарын сайд өөрчлөгдсөн тул Комиссын гишүүний зөвлөмжийг шинэ сайдад танилцуулж биелэлтийг ирүүлэх тухай албан бичгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулд хүргүүлсэн боловч мөн хариу ирүүлээгүй байна.
3. Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хийсэн хөдөлмөрлөх эрхийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зөлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.
4. Орон нутгийн хэмжээнд хүний эрхийн асуудлыг сайжруулах, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах тухай Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэнд хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.
5. Дулааны цахилгаан станц-2 ТӨХК-д хийсэн хяналт шалгалтаар илэрсэн эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгуулах тухай Эрчим хүчний сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.
6. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалаар баталсан “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 9 дүгээр бүлэгт заагдсан “Сэлгээний үеийн дуут дохио” хэсгийг Гранд вилла хотхоны оршин суугчид, нэн ялангуяа эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг хангах үүднээс өөрчлөх боломж байгаа эсэхийг бодитойгоор судлан үзэж, шийдвэрлэх тухай Зам, тээврийн сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна