МЕГА ТӨСЛҮҮД: Их гүрнүүдэд ашиг сонирхлоо илэрхийлэх боломж олгох Монгол-Францын хамтарсан ураны төсөл

Х.Батсайхан
5 цаг 48 минутын өмнө

УИХ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чухал асуудлыг хэлэлцэж байгаа энэ чухал үед Монгол, Францын хамтарсан ураны төслийг танилцуулж байна.

Аливаа төслийн ач холбогдолд эдийн засгийн агуулга гол жин дардаг ч Дорноговьд хэрэгжиж байгаа энэ төслийн тухайд, цаг үеийн нөхцөл байдлаасаа болоод олон онцлогийг үүсгэж байгаа учраас статистик тоо баримт тооцоолол бага оруулж, ач холбогдлыг нь тодруулахыг хичээв.

                                          ЦӨМИЙН САЛБАРТ ШИНЭ ҮЕ ЭХЛҮҮЛСЭН ТӨСӨЛ

Хамтрагч талууд төслөө амжилттай болгохын тулд он удаан жил зарцуулж, аль, аль талаасаа маш их хүчин чармайлт гаргасан, энэ нь Монгол Улсад цөмийн салбарын шинэ үеийг эхлүүлэх шалтгаан болсон гэдгийг эхлээд дурдах нь зүйтэй болов уу.

Мега төслийг хэрэгжүүлэх “Бадрах энержи” ХХК Монгол Улсад 1997 оноос ураны хайгуулын лиценз эзэмшин, 2006 онд Дулаан уул, 2010 онд Зөөвч-Овоо ордыг илрүүлж, өдгөө тус хоёр орд дээрээ олборлолт, үйлдвэрлэл явуулахад бэлэн болжээ. Үндсэндээ хайгуулын лиценз эзэмшээд 27 жил, орд илрүүлээд 18 жил, ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад найман жил болсных нь дараа л Монголын төр боломж олгож, гэрээ байгуулах гэж байна.

Манайхтай яг зэрэг буюу 1990-ээд оны сүүлээр ураны хайгуулаа эхлүүлсэн Казахстан улс эдүгээ дэлхийн ураны нийт олборлолтын 43 хувийг дангаараа хангах хэмжээнд хүрээд буй.  

Гэхдээ энэхүү алгуурласан 26 жил монголчуудын хувьд ураны олборлолт, ашиглалтын талаар ойлголтоо нэгтгэх, асуудалд няхуур хандах цаг хугацаа байсан юм. Энэ утгаараа “Орано” групп манай ураны салбарын хөгжилд үнэлж баршгүй үр нөлөө үзүүлсэн.

Францын компани орж ирж, орд илрүүлсний дараа Монгол Улсын ураны нөөц хоёр дахин нэмэгдэж /Зөөвч-Овоо орд 93,291 тонн, Дулаан-Уул орд 6,260 тонн ураны нөөцтэй/, Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн ураны нөөцтэй 16 улсын 10 дугаарт орж ирсэн байдаг.


Дулаан-Уул ордыг нээсний дараа Монгол Улс Цөмийн энергийн тухай хуулиа /2009 онд/ баталж, энэ салбарыг зохицуулах анхны хууль эрхзүйн орчноо бүрдүүлж авсан юм. Хайгуул, туршилтын олборлолт явуулж эхэлснээс хойших 10 гаруй жилд нь ураны хор хөнөөлийн талаар элдэв мэдээлэл гарч, үнэн худал нь ялгаран монголчууд ураны олборлолт, ашиглалтын талаар мэдлэгтэй болцгоолоо.

                                                               ОЮУТОЛГОЙН АЛДААГ ДАВТАХГҮЙ

2009 онд Оюутолгой мега төсөл дээр “Рио Тинто”-той байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ алдаатай байсныг ойлгож мэдэрснийг ч 26 жилээс олсон хожилд /”Орано”-той байгуулах гэрээгээ ашигтай байгуулах боломж олгож байгаа гэдэг утгаар/ тооцож болно.

“Оюутолгой” дээр бид 34 хувь эзэмшиж, санхүүгийн үүрэг хариуцлага хүлээсэн учраас л “Хөрөнгө оруулалт, зардал өсгөх” мэхэнд унаж, ногдол ашиг авах хугацаагаа хойшлуулсан. Харин “Орано” групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээнд энэ алдааг давтахгүй /Олборлолт явуулж эхлэнгүүт шууд өгөөжөө хүртэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа талаар төгсгөлд жич тайлбарлана/.   

Цогтцэцийг хотын хэмжээнд хөгжүүлэх, “Хөх морь” төсөлд оролцуулах гэх мэт асуудлыг бид тухайн үедээ Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаж чадалгүй алдсанаас одоо нөхөж оруулахыг гуйж царайчлахаас аргагүйд хүрсэн бол “Орано” дээр давтахгүй, анхнаасаа гэрээндээ тусгаад явах боломжийг энэ 26 жилийн хугацаанд бид олж авчээ.

Мега төсөл хэрэгжих Улаанбадрах сумын тухайд, газрын тосны баялагтай цөөхөн сумын нэг, БНХАУ-ын “Доншин” компани олборлолт явуулаад олон жил болж байгаа. Гэвч сумын хөгжилд олигтой хувь нэмэр оруулахгүй байгаа нь өнөөх л өмнө гарсан алдаатай гэрээнүүдийн үр дагавар үргэлжилж байгаа хэрэг. Энэ удаад бол ийм алдаа гарахгүй. Төслийн өгөөжийн ихэнхийг орон нутагт үлдээх асуудлыг П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд Парламентын түвшинд ярьж байна.

Төсөл хэрэгжсэнээр шууд 800, шууд бусаар мөн 800 ажлын байр бий болно. Энэхүү ажилчид хэр өндөр түвшнийх байх, монгол боловсон хүчнийг бэлтгэх тал дээр яаж анхаарах вэ гэдгийг манай тал нухацтай ярина гэдгээ илэрхийлсээр байгаа. Одоо бол "Бадрах энержи" ХХК-ийн 104 ажилтны 96 хувь нь монгол байна. Ямартай ч "Оюутолгой" 3000 хүн цалинжуулж Улаанбаатарт хог шүүрдүүлэх санал тавьж байсан шиг завхрал дахиж гарахгүй гэдэгт итгэж болно.

Хэн нэг улстөрч биш, улс хожиход онцгой анхаарч байгааг харуулах нэг жишээ хэлэхэд, өмнө нь уул уурхайн төсөл дээр УУХҮ-яамнаас нэг яваад, АМГТГ-аас нэг яваад өөр, өөрсдийн бодлоо ярьдаг байсан бол энэ удаад тэгэхгүй байгаа. Ерөнхийлөгч “Эхлээд “Бадрах энержи”-гээс ТЭЗҮ-г нь авч байж, хөдөлж эхэл” гэсэн чиглэл өгч, Ажлын хэсэг ч ийм байр суурьтай, яс мөрдөж байна.

Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын хэсгийг ахалж байсан Х.Нямбаатар гэрээ эцэслэн зурагдтал “Бадрах энержи”-тэй холбоотой асуудлаар улстөрчдийг Франц юм уу өөр бусад улс руу явахыг хориглож байсныг бодоход л манайх энэ гэрээг ашигтай байдлаар батлахыг ямар их хичээж байгааг харуулах биз ээ.  

  ЭДИЙН ЗАСГААС ӨРГӨН АГУУЛГА БУЮУ ИХ ГҮРНҮҮДЭД АШИГ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖ

Уран олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд гарсан технологийн ахиц дэвшил, олон улсын харилцаанд үүссэн шинэ нөхцөл байдал төслийг чухалчлан авч үзэх шалтгаан болсон гэдгийг энд заавал онцлох ёстой.

Манай улс тусгаар тогтнол аюулгүй байдлаа цэрэг зэвсгийн хүчээр биш, дипломат бодлогоороо хамгаалдаг. Хоёр хөршөө тэртэй тэргүй цэрэг зэвсгээр дийлэхгүй нь тодорхой тул 1990-ээд онд “Гуравдагч хөршийн бодлого”-ыг гаргаж ирж байсан түүхтэй. Хүчний тэнцвэрийг хадгалж буй их гүрнүүдтэй харилцааны тэнцвэртай харилцаа хөгжүүлэх замаар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангах зорилготой энэ бодлогыг хэрэгжүүлэхэд зөвхөн дипломат бодлого хангалтгүй, эдийн засгийн ашиг сонирхлыг нь оруулж ирж байж л бодитой болдог тул манайхан нэг хэсэг гуравдагч хөршүүдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шалгуургүй өгч байсан үе бий. Гэвч гуравдагчуудын төслийг урд хөршийн ААН-үүд үнэ цохиж худалдаж аван хүчгүйдүүлдэг байв. Дорнодод ураны орд эзэмшиж байгаад ОХУ, БНХАУ-ын төрийн өмчит компаниудыг хооронд нь үнэ хаялцуулж, БНХАУ-ын талд нь / Хятадын үндэсний цөмийн эрчим хүчний корпораци, CNNPC/ зарах гэж байсан “Хан ресурс” үүний жишээ.

Гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар хэцүү их саадтай байдгийг эндээс харж болох байх. Өдгөө олон улсын нөхцөл байдал өөрслөгдөж, талцан хуваагдах байдалд орж буй нь манай гадаад бодлогын амин сүнс болсон “Гуравдагч хөршийн бодлого”-ыг хүнд байдалд оруулж буй. 


Тодруулбал, нэг талд ОХУ, БНХАУ, нөгөө талд барууны ертөнц бусдыгаа нэг талдаа гарахыг шахаж, албадаж байна. Энэ тохиолдолд манайх гуравдагчийн эрх ашгийг шинээр оруулж ирэх гэж гүйх хэцүү. Харин нэгэнт ороод ирчихсэн ашиг сонирхлыг тордож, томруулах нь хамгийн зөв гарц гаргалгаа байж болно. Олон жил зогсонги байдалд байсан орд хөдөлж эхэлсний нэг шалтгаан энэ болов уу /Францчууд гараад явчихалгүй энэ хүрсэн нь аз/.

“Бадрах энержи” ХХК-ийн мега төсөл хөдөлснийг зөвхөн гадаад нөхцөл байдалтай холбохгүй. Гадаад нөхцөл байдалтай холбоотойгоор дотоодод улс төрийн намын харилцан ойлголцож, улс орны эрх ашгийн төлөө нэгдсэн нь төсөл амжилттай хэрэгжих таатай нөхцөл болж байна. Өөрөөр хэлбэл, өөрийнхөөрөө асуудлаа шийдэх боломж бүрдсэн энэ зурвасхан үеийг сайтар ашиглахын тулд амин чухал төслүүдээ яаралтай урагшлуулах, замд нь ядаж л улстөржилтөөс болж саатуулчихгүй байх гэсэн хаширлал нөлөөлсөн. Тэдгээр төслүүд бол бидний цувралаар танилцуулж байгаа, улс орны эдийн засаг, аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай 14 мега төсөл юм.

Уран баяжуулдаг буюу ураныг хэрэглэдэг улс нь их гүрнүүд тул бид ураны зах зээлд байр суурьтай болж гэмээ нь тэдгээр улсуудтай харилцаж, тэс өөр салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэх том боломж үүснэ. 

       УРАНЫГ БАЙГАЛЬ ОРЧИНД ХАМГИЙН ЭЭЛТЭЙ ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИОР ОЛБОРЛОНО

Дэлхий дээр ураныг олборлох олон арга технологи байдгаас хамгийн аюулгүй, байгаль орчинд нөлөөлөл багатай нь Газар доор уусган олборлох арга бөгөөд ураны хүдэр бүхий үе нь дээд, доод талдаа шингэн нэвчүүлдэггүй шаварлаг давхаргатай ордод энэ аргыг хэрэглэх боломжтой болдог. Тэгвэл манай  улсын ураны батлагдсан нөөцийн талаас илүүг бүрдүүлж буй хоёр орд дээрх шалгуурыг хангажээ. Тиймээс “Бадрах энержи” ХХК-ийн уурхайд хүнд техник тоног төхөөрөмж байхгүй, уул уурхайн түгээмэл дүр зураг болох цооног, хөрсний эвдрэл огт байхгүй, байгалийн унаган төрхөөрөө байна гэсэн үг.


Газар дор уусган олборлох технологи нь нэвчүүлдэггүй шаварлаг давхаргуудын дунд тогтсоны уран агуулсан хайргалаг давхрага руу шахаж, чулуулагт наалдаж тогтсон ураныг уусгасных нь дараа соруулж, ураныг нь ялгасны дараа буцаан шахах маягаар тасралтгүй үргэлжилдэг аж. 


Ялгах технологи нь ч энгийн, усанд ууссан ураныг тусгай давирхайлаг бодист наалдуулж авдаг. Битүү циклээр явагдах тул нэг ашигласан усаа дахин, дахин ашиглана. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 500 000 м3 ус битүү циклээр эргэлдүүлж ашиглах тооцоотой. 

Энэ нь ижил хүчин чадалтай уурхайнуудад хэрэглэгддэгээс харьцангуй бага. Усанд холих хүхрийн хүчний хэмжээ бага, уусгалт буюу ураны агууламж өндөр гэдэг нь туршилтын явцад батлагдсан тул ийм  бага тоо гарчээ.  

                            ТӨСЛИЙН АЛСЫН ХАРАА БУЮУ ХӨГЖИЖ ДЭВШИХ БОЛОМЖУУД

“Бадрах энержи” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийг цэвэр эдийн засгийн агуулгаар харвал сэтгэл тийм ч их хөдөлгөхөөргүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Төсөл хэрэгжих 30 орчим жилийн хугацаанд улсын төсөвт тэрбум орчим ам.доллар төвлөрүүлнэ. Орон нутгийн хөгжилд жил бүр нэг сая ам.доллар зориулна гэх мэт даруухан тоо харагдана. Гэхдээ бусад агуулга нь асар өргөн юм. 

Монгол Улсын Төмөр замын сүлжээг өргөтгөх асуудал яах аргагүй түүний нэг. Өөрөөр хэлбэл, "Бадрах энержи" Улаанбадрах сумыг Зүүнбаянтай төмөр замаар холбох төлөвлөгөө зуржээ. Автозам, цахилгааны шугам ч тавигдана. 

Цөмийн салбал бол “Салбар шинжлэх ухаан” буюу мэдлэгийг мөнгө болгодог чиглэлийг нь хөгжүүлэх хамгийн өргөн боломжтой байдаг. Анагаах ухаан, хөдөө аж ахуй гэх мэт манай гол салбаруудад маш хэрэгтэй технолгиуд энэ төслөөр дамжиж орж ирэх боломжийг манай эрх баригчид бүрдүүлэхээр хичээж буй. Цөмийн цахилгаан станцын сураг ч бий.    

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчилж, цөмийн эрчим хүчний асуудлаар албан ёсны хэлэлцээ хийгээд буцахдаа "Миний бие хоёр улсын эдийн засаг болон биологийн олон төрөл зүйлийг нүүрстөрөгчөөс ангижруулах асуудлыг ярьсан.

Эхний ээлжид, эрчим хүчний бие даасан байдлаа бэхжүүлэхийн тулд нэн чухал металлуудыг нийлүүлэх, танай улсын тус ашигт малтмалыг нийгэм, байгаль орчны шилдэг стандартуудыг дагаж мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслүүдээр дамжуулахад хамтарч ажиллахаар шийдлээ. Үүний тулд "Орано" компанийн түншлэл нь ерөнхий бүтцийн элемент болж байна” гэж мэдэгдсэнийг энд онцольё.


Түүхийн тодорхой цаг хугацаанд хамгийн чухаг байж, эзэмшигч улсынхаа хөгжлийн түлхүүр болсон ашигт малтмал, түүхий эдүүд бий. Аж үйлдвэрийн I, II, III хувьсгалын үед нүүрс, газрын тос, ган, өнгөт металл ийм үүрэгтэй байсан бол одоо үргэлжилж буй Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед дээр дурдсан ашигт малтмалууд дээр газрын ховор элемент, уран хүч түрэн орж ирээд байна. Олон улсын хамтын нийгэмлэг цөмийн эрчим хүчийг байгальд ээлтэй, ногоон хэмээн хүлээн зөвшөөрч, ураны зах зээл эрчимтэй тэлж буй энэ үед манай Монгол Улс ч энэ салбарт өөрийн байр суурь, нөлөөг тогтоох нь цаашдын хөгжилд чухаг юм.

ДАРАА, ДАРААГИЙН МЕГА ТӨСЛҮҮДИЙН ЭХИЙГ ТАВИХ ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРЖ БУЙ                                                                                      ӨӨРЧЛӨЛТҮҮД

Цөмийн энергийн тухай хуульд орж буй Энэхүү мега төсөл амжилттай хэрэгжсэнээр манай ураны геологи, хайгуулын судалгаа идэвхжих, нөөц өсөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийн хөгжлийг дэмжих, боловсон хүчин чадавхижих, ажлын байр нэмэгдэх, улмаар цөмийн технологи эзэмшигч их гүрнүүдтэй бага оврын атомын цахилгаан станцын төсөлд хамтрах боломж бүрдэнэ гэж төсөөлж буй. Тийм ч учраас Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө хууль эрхзүйн орчноо бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь дараа, дараагийн хөрөнгө оруулагчдыг Монгол руу ирүүлэх “урхи” болох учиртай.  

Энэ хуулийн төсөл яг одоо УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэгдэж, өнөөдөр /XI.15/ эхний шатаа даваад байна.

Хуульд орж буй өөрчлөлтүүд:

  • Цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглох,
  • Төрийн эзэмшлийн хувь хэмжээг Монгол Улсын эдийн засагт үр ашигтай байх хувилбараар Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоож болохоор төсөлд тусгажээ. Тодруулбал, 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших одооги йн хууль дээр нэмээд “Давуу эрхийн хувьцаа эзэмших, бүтээгдэхүүн хуваах гэрээ, өсөн нэмэгдэх АМНАТ авах, төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-өөр орлуулах” хувилбарыг нэмсэн байна.  
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлах, хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг 20 хүртэлх жил болгон өөрчлөх,
  • Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн ураны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байхаар тусгасан байна.
  • Улсын Их Хурал цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор төсөлд тусгажээ.

Энэ хууль манай улсыг уран хэмээх, ирээдүйд маш чухаг болж буй зах зээлд ямар тоглогч байх вэ гэдгийг тодорхойлох юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна