Анхдугаар үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо тунхаглан зарласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ой тохиож буйтай холбогдуулан Үндсэн хууль хэмээх, төр, иргэний харилцааны үндсийг тодорхойлогч хэм хэмжээний талаар "Шинэ Үндсэн хуулийн эцэг" гэгддэг Бяраагийн Чимид агсны хэлсэн гайхалтай эшлэлүүдийг хүргэж байна.
“ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ АЛГАНД БАГТСАН МОНГОЛ УЛС ЮМ”
Монголчууд улсаа 1921 онд харийнхнаас чөлөөлж, 1922 оны тавдугаар сарын 19-нд Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг байгуулан, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд баталжээ. Ямар ч улс Үндсэн хууль баталж байж л жинхэнэ улс гэр болдог ёстой.
Шинээр бий болох улсын нийгмийн байгуулал, засаг захиргааны хэлбэр ямар байх вэ. Иргэний эрхийг ямар хэмжээнд авч үзэх вэ, төр иргэний харилцааны зарчим юунд суурилах вэ гэх мэт олон асуудлыг Үндсэн хуулиар тодорхойлдог. Ингэхдээ бүх нийтийн санал асуулга явуулж, төрийн хэлбэр гэх мэт суурь зарчмуудыг иргэд өөрсдөө шийддэг учиртай. Анхдугаар Үндсэн хууль батлахын өмнө иргэд санал асуулгад оролцож, Бүгд найрамдах улс байна гэдгээ сонгосон байх жишээтэй.
Чухам тийм учраас Үндсэн хуулийг нь хараад л тухайн улс ямар улс вэ гэдгийг мэдэж болдог бөгөөд өөрчлөх, тэр тусмаа дээр дурдсан төрийн хэлбэр, төр, иргэний харилцааны хэм хэмжээ гэх мэт суурь агуулгыг ард түмний санал асуулгагүйгээр шийдэх нь буруу зарчим юм.
Чухам тиймээс Үндсэн хуулийн “эцэг” гэгддэг Б.Чимид “Монгол Улс парламентын Бүгд найрамдах улс байна гэдгийг ард түмний санал асуулгаар, 900 мянган хүний олонхийн саналаар шийдэж 1992 оны Үндсэн хуульд тусгасан. Ард түмний энэ шийдлийг ямар нэгэн улс төрийн нам, улс төрийн зүтгэлтний хүслээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад шийдчих асуудал биш. Хэрэв тэгвэл жинхэнэ төрийн эргэлт болно. Үндсэн хууль бол “Алганд багтсан” Монгол Улс юм гэж хэлж байжээ.
“ХУУЛЬ БОЛ ХОРИГ ЮМ”
Б.Чимид агсан энэ тодорхойлолтыг албан тушаалтнуудад хандаж хэлжээ. Арай дэлгэрэнгүйгээрээ “...Албан тушаалын төлөө хууль хийдэггүй, албаны эрх мэдлийг хязгаарладаг зүйлийг л хууль гэдэг. Хууль бол хориг юм”. “Монголын үнэн” сонины 2010 оны арванхоёрдугаар сарын 15-ны дугаарт бий.
“ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДЭЭР НЭГ Л ЮМ БИЙ. ТЭР НЬ ХӨХ ТЭНГЭР БИШ, ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРӨӨ”
Нэг талаараа төрийн бүх шатны байгууллагын шийдвэрийг няцаах эрх мэдэолтэй гэдэг утгаар хэлсэн байж болох ч нөгөө талаар Үндсэн хуулийн цэц шийдвэрээ нэгэнт гаргасан л бол яаж ч заргалдаад нэмэргүй гэх манипуляци байж мэдэх “Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэсэн хэлц үгийг Б.Чимид агсан “Өдрийн сонин”-ы 2010 оны нэгдүгээр сарын 12-ны дугаарт өгсөн ярилцлагадаа залруулсан нь энэ. Ухаант буурал энэ үгээрээ Үндсэн хуулийн манаач гэгддэг Үндсэн хуулийн цэц ч буруу шийдвэр гаргах магадлалтай, тиймээс сэрэмжтэй байгаарай, тийм тохиолдол гарвал Үндсэн хуулиа барьж итгэлтэй байгаарай гэх санааг илэрхийлсэн болов уу.
ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ ТОГТВОРЖСОН НИЙГМИЙГ БАТАТГАСАН БУС, ХАРИН ТӨЛӨВШИХ НИЙГМИЙН ҮНДСИЙГ БЭХЖҮҮЛСЭН ХУУЛЬ ЮМ
Үндсэн хууль зүйл заалт бүрээрээ яг таг биелэгдэж чадахгүй байгаагийн шалтгааныг үүгээр хэлжээ. Давхар Үндсэн хууль бол бидний хүрэх гээд байгаа тэр нийгэмд хүргэх замын зураг бөгөөд чанд мөрдвөл зохистой гэж захисан байна. Тэрбээр Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэгт байхдаа яг энэ санааг нь тодотгох “Зөв хууль гаргадаг УИХ, сайн гүйцэтгэдэг Засгийн газар, шударгаар хамгаалдаг шүүх байж сая хууль биелнэ” гэсэн нь протоколд тэмдэглэгдэж үлджээ. “Засгийн газрын улс төр, эрх зүйн үйл ажиллагааны тэргүүн шугам нь Үндсэн хуулийг хамгаалах, биелэлтийг хангах явдал билээ” гэж бас хэлсэн байна.
ХУУЛИЙГ ЭЛДВЭЭР ГУЙВУУЛААД БАЙГАА УЛСТӨРЧИД, УЛ ТӨРИЙН ХҮЧНҮҮДИЙН БАЛМАД ЯВДЛЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯМРАЛ ГЭХГҮЙ
Хууль хэдий харилцааг зохицуулдаг, харилцаа нь хувьсаж байдаг учраас хууль ч өөрчлөгдөж байх ёстой гэдэг ойлголт бий. Гэвч Үндсэн хууль үүнтэй адилгүй бөгөөд, улстөрч, улс төрийн хүчний хувьд эрх ашгаа хангах хэрэгсэл болж болохыг Б.Чимэд агсан хойч үедээ энэ үгээрээ сануулсан.
Тодруулбал, "Үндсэн хууль оршин байгаа, бий болох гэж буй нийгмийнхээ үндсийн үндэс болсон суурь зарчмуудыг хамгаалж чадахгүй болохыг л Үндсэн хуулийн хямрал гэж хэлнэ. Түүнээс биш, хуулийг элдвээр гуйвуулаад байгаа улстөрчид, улс төрийн хүчнүүдийн бусармаг, балмад явдлыг Үндсэн хуулийн хямрал гэхгүй. Хамгийн гол нь нийгэм, тэр дундаа улс төрийн харилцаа тогтвортой байх эсэх нь Үндсэн хуулиа яаж баримталж байгаагаас хамаарна” гэсэн байна.
1992 онд батлагдсан хуулиар жишээ авахад, 2016 он хүртэл ганц удаа буюу 2000 онд л өөрчлөлт орж байсан. Ингэхдээ цөөхөн хүн том асуудлыг дур мэдэн шийдэх, УИХ-ын гишүн "Давхар дээл өмсөх" боломж олгосон. Сүүлд сонгуулийн тогтолцоог өөрчлөхдөө гишүүдийн тоог 126 болгож нэмсэн. Хэдий өөрөө гардаж баталсан хүний үг боловч эрх ашиг, албан тушаалын ашиг сонирхол Үндсэн хуулиар оролдуулдаг, гэхдээ элдэв тархи угаалтад автаж, хүлээн зөвшөөрөөд байж болохгүй гэсэн нь зөв гэж бодно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна