Анхдугаар үндсэн хуулиа ёсчлон баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тэгш ойн баярыг тохиолдуулан бид та бүхэндээ “Үр хүүхдэдээ уншуулах юун” хэмээн Анхдугаар үндсэн хуулийн талаарх мэдээллийг хялбаршуулсан байдлаар хүргэж байна.
Үндсэн хууль, Тусгаар тогтнол хоёр ямар холбоотой вэ
Үндсэн хууль батлагдсан өдрийг яагаад Тусгаар тогтнолын баяр гэж нэрлэдэг юм бол гэж бодож байсан уу. Яагаад гэвэл, аливаа улс Үндсэн хууль баталж гэмээ нь л сая тусгаар тогтнол нь сая баталгаажиж, жинхэнэ улс болдог учраас тэр юм. Халдсан дайсныг дарж газар нутгаа хамгаалах, эзлэн түрэмгийлэгчдийг эх нутгаасаа хөөж гаргах нь чухал үйл явдал мөн ч улс байгуулах гэдэг өөр бөгөөд асар их ажилтай. Шинээр бий болох улсын нийгмийн байгуулал, засаг захиргааны хэлбэр ямар байх вэ. Иргэний эрхийг ямар хэмжээнд авч үзэх вэ, төр иргэний харилцааны зарчим юунд суурилах вэ гэх мэт олон асуудлыг Үндсэн хуулиар тодорхойлдог юм.
Анхны үндсэн хууль боловсруулах Ажлын хэсгийг хоёр удаа байгуулсны учир
Ардын Засгийн газар, Монгол Ардын Нам Анхдугаар Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг хоёр удаа гаргаж байжээ. Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржаваар ахлуулсан анхны Ажлын хэсгийг 1922 оны 5 дугаар сарын 19-нд байгуулж, Ардын Засгийн газрын 39 дүгээр хурлаас Ажлын хэсгийн ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино" хэмээн чиглэл өгсөн аж. Энэ Ажлын хэсгийн хувилбараар явсан бол хүний эрх, эрх чөлөөний хувьд илүү дэвшилттэй, мөн хувийн өмч зэрэг ойлголтуудаа хадгалж үлдэх байсан нь лавтай. Батлагдсан хуульд
Гэвч арванхоёрдугаар сард нь “Хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь” гэсэн үндэслэлээр татан буулгасан байдаг.
Нийслэл Улаанбаатар хот дахь худалдааны төв гудамж, 1926 он
Үүнээс нэг жил, есөн сарын дараа буюу 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Балингийн Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.
Энэ зуурт /1994 оны тавдугаар сард/ Богд хаан нас барж, Бүгд найрамдах улс байгуулах боломж бүрдсэн. Улмаар Б.Цэрэндоржоор ахлуулсан зургаан хүнтэй ажлын хэсэг дээр Коминтерны төлөөлөгч нэмэгдэж, богино хугацаанд Анхдугаар үндсэн хууль боловсруулсан юм.
Анхдугаар үндсэн хуулийг баталсан нь
Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас сонгогдсон 90 төлөөлөгчийн 77 нь оролцсон байна.
Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.
Одоо ч хадгалагдаж буй суурь зарчмууд
6 бүлэг, 50 зүйлтэй Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээжээ. Энэ нь 1940, 1962, 1992 оны үндсэн хуульд хадгалагдсан. Бүгд найрамдах улс гэдэг нь нэр төдий биш, тухайн улсын төр, нийгмийн байгууллыг илэрхийлэх тул Нэгдүгээр зүйлийн 1-ийг “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн” гэж найруулсан байдаг. Их хурал жилд хоёр удаа хуралдахаар заасан нь одоо мөн адил мөрдөгдөж буй.
Архивын төв газарт хадгалагдаж буй, 18 хуудас бүхий Анхдугаар үндсэн хуулийн эх хувь
Шинэ хуульд шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг баталгаажуулсан, хэвлэлийн эрх чөлөөг хангасан /1.7 "Элдэв хэргийг жинхэнэ ард түмнээр шүүмжлэх эрхийг хүндэтгэж, тус улсаас аливаа хэвлэх, нийтлэх явдлыг бүртгэн гүйцэтгүүлбэл зохино"/, хамжлагат ёсыг халах, Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх, байгалийн баялаг ард түмний өмч байх, хууль тогтоох эрх мэдлийг Парламент хэрэгжүүлэх, 18 насанд хүрсэн иргэн эр, эм ялгаагүй сонгох, сонгогдох эрх эдлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй үзүүлэх зэрэг тухайн үедээ дэвшилтэт заалтууд орсон нь Анхдугаар Үндсэн хуулийн онцлог бөгөөд энэ зарчим дараа, дараагийн Үндсэн хуулиудад хадгалагдаж үлдсэн юм. Гэхдээ Анхдугаар үндсэн хуулийн 35-д Сонгох, сонгогдох эрхгүй хүмүүсийг мөн заасан байх бөгөөд үүнд сэтгэцийн өвчтэй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, мөнгө хүүлэгчид, хийдэд байнга шавилан суух лам нар, эд хөрөнгө, шунахайн сэдлээр ял эдэлсэн хүмүүсийг хамруулсан байдаг.
Үндсэн хуулийг таниулан сурталчлахад онцгой анхаарч байв
Анхдугаар Үндсэн хуулийн утга санааг ард олонд ухааруулж ойлгуулахад ихээхэн анхаарч түүнийг зүйл, заалтаар нь тайлбарласан тусгай дэвтрийг 1926 онд хэвлүүлж, нийтээр зарлан тараах, албан газруудад ил тавьж үзүүлэх, сургууль, цэргийн ангиудад зааварлан сургах зэргээр суртал ухуулга явуулахаар тогтоож байсан байна.
БНМАУ анхдугаар Үндсэн хуулиа 16 жил дагаж мөрдсөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна