Төсвийн зарлагыг хасаж болно, үзэл баримтлал, хөгжилд чиглэсэн бодлогыг өөрчилж болохгүй

Zuv.mn
22 цаг 14 минутын өмнө

Төсвөөр дамжуулж улс орны хөгжлийн хурдыг удаашруулах, гацаах, бүр ухраах ч боломж байдаг, 2025 оны төсөв дээр ийм санаархал цухалзаж байж ч болох талаар манай сайт өмнө нь уншигчдадаа хүргэж байсан /https://zuv.mn/16dw/ билээ. 2025 оны төсөл ганц нэг сайдын багц дээр тавигдсан зарим зардал болон төсөв батлагдах үед болсон зарим үйл явдлаас /Чайна энержигийн тулган шаардалт/ болоод л хүчингүй болсон, энэ нь төсөвт хандах бодлого алдагдалгүй төсөв батлах болж өөрчлөгдөж байгаатай холбоотой /Нүүрс биржээр зарагдах эсэх нь тодорхойгүй байдалд орсон/ болохоос бүсчилсэн хөгжил, эдийн засгийн тусгаар тогтнолдоо үнэнч байж, өсөлтийг дэмжих зарчмаасаа ухарсан хэрэг биш болохыг мөн уншигчдадаа хүргэсэн /https://zuv.mn/16kw/. 

Ерөнхийлөгч ингэж хориг тавихдаа төсөвтэй хамт УИХ-аас баталсан, энэ ондоо багтааж төсөвт тодотгол хийх тогтоолыг мөн хүчингүй болгосноороо Төсвийн төсөл УИХ-ын мэдэлд шилжиж, дөрвөн хэлэлцүүлгээр орж сунжрах эрсдлээс мөн сэргийлсэн болохыг Тамгын газрын дарга Г.Занданшатар олон нийтэд тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар төсвөө дахин боловсруулж, 1.9 их наядын зарлага хасах, улмаар УИХ-д биш, намын бүлгүүдэд танилцуулсны дараа чуулган руу оруулах нь цаг хугацааны хувьд давуу талтай гэдэг шийдэл гараад ажиллаж буй. Энэ нь 2025 оны төсөв бүсчилсэн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, улс орны тумсгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад нэн чухал шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байдлаа алдахгүй байх боломжийг олгож байгаа гэдгийг ч бид хөндөж байсан. 

Гэтэл Төсвийн цагалбар өөрчлөх асуудлыг хэлэлцэх үеэр зарим нэг гишүүн “Төсвийн хууль хүчингүй болсон юм чинь үзэл баримтлал нь бас өөрчлөгдөх үү” гэж онц сонирхон асууж, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Өөрчлөгдөнө” гэж хариулж байх юм. 

Яг ямар зорилгоор ингэж асуусныг нь мэдэхгүй, өөрчлөгдчих вий гэж болгоомжилсондоо асуусан ч байж мэднэ. Яг ямар агуулгаар асуусан нь угаасаа цаг хугацааны явцад тодорхой болох учраас орхие. 

Гэхдээ энэ асуултыг сонсоод Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслөөс аюулгүй байдалтай холбоотой зарим төслийг нь царцаах, зогсоох сонирхол хэвээрээ байна уу гэсэн болгоомжлол шууд төрсөн. Учир нь 2024 оны төсвийн тодотгол, 2025 оны төсвийн төслийн амин сүнс нь Бүсчилсэн хөгжлийн бодлого, хөгжилд чиглэсэн, гэхдээ аргацаасан биш дорвитой хөрөнгө оруулалт. Энэ байдал өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой ч үнэхээр чухал учраас бид хэн гэдэг гишүүн ямар асуудал хөндөж байна гэдгийг онцгой анхаарч байх ёстой бололтой. Ирэх жилийн төсөв энэ улсын ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотой учраас тэр. 

Төсөв хэлэлцэх үеэр мега төслүүдийг эсэргүүцэх гишүүн нэг ч байгаагүй. Явцын дунд харин зарим гишүүн тодорхой төслүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга “Энэ асуудал удахгүй УИХ-аар орно, тэр үед байр сууриа илэрхийл” гэдэг байдлаар аргалаад өнгөрсөн.

Мөн өөр нэг гишүүн төсөв батлах хугацааг хугацаагүй болгож болох уу гэж асууж байх шиг. УИХ төсвөө баталж чадахгүй бол тардаг. Энэ УИХ-д төсвөө богино хугацаанд батлах чадамж байхгүй учраас харин ч хамгийн боломжит хувилбараар амжиж батлахаар зорьж байгааг гишүүд ойлгоосой. 

Хаширлах нь буруу биш, гэхдээ бидэнд цаг хугацаа бага байгаа гэдгийг л мартаж болохгүй.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна