БНХАУ-аас өндөр чанартай газрын тосны бүтээгдэхүүн худалдан авалтыг нэмэгдүүлнэ

Т.Отгонсувд
2024/12/05

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэн Миньжуаньтай уулзлаа.

Уулзалтын эхэнд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Ганцмод-Гашуунсухайт төмөр замын хэлэлцээрийн төсөлд холбогдох яамдуудаас санал авч төслийг ойрын хугацаанд бэлэн болгохоор ажиллаж байгааг тэмдэглээд, БНХАУ-ын талтай хамтран ажиллахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах, харилцан мэдээлэл солилцох нь чухал болохыг илэрхийлэв.

Мөн газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Петрочайна Дачин Тамсаг, Доншен компаниудын бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлуудыг урагшлуулж хамтран шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээв. Салбарын сайд Ц.Туваан ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний төлбөр тооцоог БНХАУ-ын Төрийн банк (Bank of China)-р дамжуулан хийж байгаа бөгөөд саяхан АНУ-ын зүгээс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан ч энэхүү хоригт Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүн болон эрчим хүчний үйлчилгээ хамаарахгүй гэдгийг АНУ-ын Сангийн яамнаас илэрхийлснийг мэдээлэв.

Элчин сайд Шэнь Миньжуань энэ мэдээллийг холбогдох байгууллагуудад уламжилж хамтран ажиллахаа илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд Дачин Тамсаг компанитай холбоотой асуудалд сайдын зүгээс шуурхай дэмжиж хамтран ажилласанд талархал илэрхийлэн цаашид бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна гэв. Түүнчлэн БНХАУ-аас өндөр чанартай газрын тосны бүтээгдэхүүн худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна