Одоогоос 10 сарын өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сард бүлэг охидын хэрцгий хүчирхийлэлд өртөж буй өсвөр охины бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон нийтийг цочирдуулж байв.
Тодруулбал, бичлэг дээр өсвөр насны дөрвөн охин хохирогч охины гар, хөлийг дарж, хөдөлгөх боломжгүй болгож байгаад толгойгоор нь удаа дараа шал мөргүүлж, алгадаж өшиглөх зэргээр харгис, балмадаар зодож, хүний санаанд багтамгүй муухай үгсээр харааж, доромжилж байдаг.
Уг бичлэг цацагдсаны дараа бодит мэдээллийг хүргэх зорилгоор манай сэтгүүлч Т.Отгонсувд хүчирхийллийн хохирогч болсон Б.Алтансувдтай ярилцаж, тухайн үед юу болсныг олон нийтэд хүргэж байсан юм. Бүлэг охидын хүчирхийлэл хохирогч охинд амиа хорлох оролдлого хийх хүртэл хүндээр тусч, сургуулиа орхисон тухайгаа ярьж байв.
Энэхүү сэрдхийм үйл явдлын дараа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Тус цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Болортуяа хэргийг шалгаж, 15 настай М.Халиунаа гэгч нь М.Эгшиглэн, Б.Отгонгэрэл, Л.Амарзаяа нартай бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоосон байдаг.
Улмаар прокурорын байгууллагад хэргийг шилжүүлсэн байна. Гэвч нотлох баримт нь нийтэд ил болсон уг хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхаарал татаж буй.
Тиймээс хохирогч охины аав Д.Баасанжавтай уулзаж, дээрх хэргийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Таны охин үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж, хохирсон хэрэг шүүх дээр очихоосоо өмнө хаагдчихсан юм байна. Нотлох баримт нь цахим орчинд цацагдчихсан энэ хэрэг ямар шалтгаанаар бүтэн арван сар хуулийн байгууллага дээр “уягдсан” юм бэ?
- Охиндоо гомдол маань хэрэгсэхгүй болсныг хэлж чадаагүй байна. Үнэхээр шоконд орж хүлээж авч байна. Насанд хүрээгүй бол ямар ч харгис, хэрцгий гэмт хэрэг үйлдээд яваад байж болно гэсэн үг үү, би ойлгохгүй байна.
Хуулийн байгууллага хохирогчийг ахин дахин хохироож л ажилладаг юм байна. Баримт нь олон нийтэд гарсан, үгүйсгэх боломжгүй ноцтой хэргийг шүүхэд ч шилжүүлэхгүй хэрэгсэхгүй болгож байгаад гадны нөлөөлөл бий гэж хардаж байна.
Охиныг маань аймшигтай хүчирхийлсэн М.Халиунаа гэгч охины аав Мөнх-Эрдэнэ гэж хүн цагдаагийн байгууллагад ажилладаг гэж би дуулсан. Ажиллаж байсан ч байж мэднэ. Хүн яаж хохирсон нь, түүнээс болж ямар зовлон үргэлжлүүлэн туулж яваа нь хамаагүй юм байна.
Харин танил тал эрх мэдэлтэй бол юу ч хийсэн гэмгүй болоод мултраад үлдчихдэг юм байна. Хүүхдээ балмадаар хүчирхийлүүлж, өнөөдрийг хүртэл бие, сэтгэлийн шархтай зовж явааг нь харах эцэг хүний хувьд хүнд байна. Ядаж л охин маань хүнийг хохироосон хүмүүс хариуцлага хүлээдэг юм байна гэж хараасай, жаахан ч гэсэн итгэл төрж айдсаасаа салаасай гэж хүсч байлаа.
Гэтэл хуулийн байгууллага гэмт этгээдүүдэд хариуцлага тооцсонгүй. Би маш их гомдолтой байна. Тэр охид миний охиныг хэрцгийгээр зодоод зогсоогүй, зүгээр ч орхиогүй. Зодож, тамлаж байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээнд тарааж, ямар хэрцгий, хүн хайрлах сэтгэлгүй болохоо харуулсан.
Би хэргийг хэрэгсэхгүй болгочихоод сууж байгаа Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа гэж хүнтэй уулзсан. Охин маань маш их хохирч, сургуулиа хүртэл хаячихаад байна. Нэг гэр бүлийн амьдрал сүйрчихээд байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч гэхэд “Ганц зодуулаад амьдралгүй болно гэж юу байхав дээ” гэж Д.Батзаяа прокурор хэлж байгаа юм. Аргаа бараад “Миний хүүхэд амиа хорлоно гэж хүртэл бичсэн байсан. Та хүүхэдгүй хүн үү” гэж хүртэл асуулаа. Тэр нь бичлэг хийдэг өрөө байсан. Бичигдсэн л байх.
Хэргийг хаасан учир гомдолтой байгаагаа илэрхийлж өчигдөр /2024.12.12/ Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорт дахин гомдол гаргасан.
-Та охиноо хүчирхийлэлд өртөж байгааг анх хэзээ мэдсэн бэ. Охинтойгоо хэр ярилцаж байна вэ?
- Охин маань багадаа даруухан хүүхэд байсан. Гэсэн ч ярих зүйлээ яриад явдаг эелдэг зантай хүүхэд байв. Харамсалтай нь хүчирхийлэлд өртөж, бичлэг нь цацагдсан тэр цагаас хойш дотогшоогоо, дуугаа хураасан, цочимтгой болсон. Үнэндээ тэр асуудлаар ярилцахад ч хүнд байна.
Анх сургуулиас нь яриад охиныг маань нэг хүүхэд зодсон. Тэр хүүхэд нь хөөгдсөн гэж дуулгасан. Гэртээ очоод охинтойгоо ярилцаж, М.Халиун гэж охины талаар сонссон. М.Халиун охиныг маань ангийнх нь хүүхдүүдийн нүдэн дээр дээрэлхэж, зодсон юм билээ.
Дараа нь М.Халиун сургуулиасаа хөөгдсөндөө өширхөж, нэг зүйл авмаар байна гээд охиныг маань гэртээ дуудсан байдаг. Охин маань дуудсан газар нь найзтайгаа очсон. Гэтэл “Бидэнд ярих юм байна” гээд найзыг нь гадаа үлдээгээд охиныг маань аваад орсон байгаа юм. Тэгээд хэрцгийгээр зодоцгоосон. Бүр гэрт нь том хүн байсан хэрнээ таслан зогсоогоогүй, цагдаа ч дуудаагүй. Тэр аймшигтай үйлдлээ гайхуулах гэж бичлэг хийгээд цацсан. Улс даяараа харсан шүү дээ.
Хэрэг хоёрдугаар сарын эхээр болсон. Бид цагдаагийн байгууллагад хандсан ч дуудаж мэдүүлэг аваагүй. Харин хэсэг хугацааны дараа бичлэг цацагдаж, хэвлэлд болсон явдлыг ярьснаар цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан.
Гэхдээ тухайн үед охины маань гэмтлийн зэргийг тогтоогоогүй, нарийн шинжилгээ зэрэг огт хийгдээгүй. Бүр цагаан сарын дараа дуудаж үзсэн. Мэдээж эдгэрэлт явагдана, гэмтлийн зэрэг өөр гарна шүү дээ.
Сүүлд нь хэргийн үеийн зураг, бичлэгийг өгч байж бага зэргийн гэмтэлтэй гэж гаргаж байгаа юм. Дээрээс нь бөөнөөрөө дарж байгаад толгойгоор шал мөргүүлж, зав зайгүй цохиж нүдсэн. Одоо ч нүүр, биеийн зарим хэсэгтээ битүү сорив л байна.
Энэ хэрэг яагаад цагдаагийн байгууллагад 10 сар болов. Тэр аймшигтай бичлэгийг нь бүх хүн нүдээрээ харсан тов тодорхой хэрэг яагаад хэрэгсэхгүй болж байгаа юм бэ. Хуулийн байгууллага танил талгүй, ядруу хүнд их л халтай байдгийг биеэрээ мэдэрлээ.
-Та охиноо ганцаараа өсгөдөг гэсэн үү?
-Тийм ээ. Ээж нь охиныг маань ойтой байхад өнгөрсөн. Хоёр жаахан хүүхэдтэй үлдээд тэднийгээ хүн болгох гэж зүтгэсээр яваа жирийн эцэг хүн. Яахав, өрх толгойлсон эр хүн хүүхдүүдээ өсгөж явахдаа зарим цаг үед бүрэн дүүрэн халамж үзүүлж чадаагүй байж мэдэх юм.
Гэхдээ чадлаараа зүтгэж, болоод л яваа. Харин охиныг минь харгис, хэрцгийгээр зодсон энэ хэргийн дараа зүрх шишмрэм өдрүүд бидэнд олон тохиож байна.
Уйлах хэцүү, байх хэцүү үе зөндөө. Ийм аймшигтайгаар үр хүүхдээ зодуулна гэдэг үгээр илэрхийлэхэд ч хэцүү байдаг юм байна. Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн охид ч тэр, эцэг эхчүүд нь ч нэг ч удаа миний охиноос уучлалт гуйгаагүй.
-Охин тань сэтгэлзүйчийн тусламж авч байгаа юу?
- Хэд хэдэн удаа уулзсан. Дүүргээс сэтгэлзүйч, өмгөөлөгчөөр хангаж өгсөн. Охин маань тэр цагаас хойш сургуульдаа явахгүй байгаа. Чөлөө авсан. Ер нь айдастай, сэтгэл санаа нь хүнд л байна. Ирэх жилээс сургуульд явахгүйгээр ажил хийе, ааваа гээд байгаа. Гараад явахаар “Өнөөх зодуулсан охин байна” гээд таниад байх шиг санагдаад байна гэсэн. Бид энэ талаар ярилцаж л байна.
-Та цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Хүний эрхийн үндэсний комисс, Хуульзүйн сайдад хандаж үзэхийг зарим хүн надад зөвлөсөн. Одоогоор өгсөн гомдлынхоо хариуг харж байж болъё гэж бодож байна.
Бид миний охиныг хохироосон охид, тэдний эцэг эхээс мөнгө нэхээгүй. Зохих хариуцлагыг нь хүлээлгэмээр байна гэсэн.
Миний охин тэр аймшигтай бичлэг цацагдсаны дараа цахим орчинд царайгаа харуулан болсон явдлыг зоригтойгоор илчилсэн нь үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт, далд хэлбэрийн дарангуйлал сүрдүүлгийг өөрийн нэр хүндийг үл хайхран ил гаргасан.
Гэтэл хохирогч сэтгэл санаа, бие махбодь, итгэлээрээ дахин хохирч үлдэх гээд байна. Яагаад шударга зүйл гэж хуулийн байгууллагад байхаа болчихов, бид ядуу болохоор тэр үү. Хүүхдүүд харж байгаа. Энэ хэрэг дээр ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрвөл ингэж болдог юм байна гэж харна шүү дээ. Тэр үед таны ч хүүхэд хохирогч болж магадгүй. Үгүй гэж үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна