Уламжлалт үйлдвэрлэлийн брэнд бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж, хөгжүүлж ирсэн Булган аймагт төслийн багийнхан ирлээ. "Монгол эв нэгдэл" төслийн багийнхныг аймгийн удирдлагууд анхдагчдын алдарын талбайдаа угтан авлаа.
Хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг Булган аймагт сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар түлхүү хөгжиж түүнд нийцсэн үйлчилгээний газрууд хөгжиж байгааг аймгийн удирдлагууд онцолж байна. Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 2024 оны байдлаар 250.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
"Монгол эв нэгдэл" төслийн санаачлагч Г.Гангамөрөн, төслийн ТУЗ-ийн гишүүн Т.Баясгалан, төслийг дэмжигч дөрвөн улсын гавьяат С.Жавхлан нар аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, хөгжүүлж яваа үйлдвэрлэгчдийн нэг "Мээжийн сүү" сүү цагаан идээний үйлдвэрээр орж танилцлаа. Тус үйлдвэр хоногт 10-15 тонн сүү боловсруулах хүчин чадалтай, малчид, фермерүүдээс сүү цуглуулж 420 гаруй тонн сүү цагаан үйлдвэрлэдэг.
Үйлдвэрийн хувьд цаашид нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байгааг төслийн багийнханд ярьж байлаа. Харин төслийн удирдагч Г.Гангамөрөн үйлдвэрлэгч нар төсөлд нэгдсэнээр хүний нөөцөө чадавхжуулж, гадаад, дотоодын сургалтанд хамруулах, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагын судалгаа, борлуулалт, сурталчилгаа гээд цаашлаад олон улсад гарах хүртэл менежментийн дэмжлэг үзүүлж ажиллах талаар танилцуулж, үйлдвэрлэгчид талархан хүлээж авлаа.
Булган аймгийн айраг улсдаа хэдийн танигдсан алдартай. Монголын хамгийн олон адуутай буюу таван түмэн адуутай Сайхан сумын малчдын эсгэсэн айраг "Үндэсний шилдэг-99" бүтээгдэхүүний шагнал хүртэж, 2015 онд онд оюуны өмчөөр баталгаажиж, ЮНЕСКО-д бүртгэгдсэн түүхтэй.
Тиймээс ч уламжлалт идээ ундаагаа алдаршуулж 2007 оноос Айрагны баяраа хийж Булган брэндээ түгээн дэлгэрүүлэх олон ажлыг хийж ирсэн. Уламжлалт бүтээгдэхүүнээ хөгжүүлж, дэмжин олон улсад гаргахын төлөө "Монгол эв нэгдэл" төслийн багтай хамтарч ажиллахаа Булганы үйлдвэрлэрчид илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна