Баянгол дүүргийн XX хороонд зургаан иргэн шахмал түлшинд угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн хохирогч өчигдөр мэдээлэл хийсний дараа хохирогчдийн хувийн мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ХХОХТ-ийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэрээс тодруулга, мэдээллийг авлаа.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас ийм мэдээлэл гаргах боломжгүй. Цахим орчинд гарсан мэдээлэл хаанаас гарсныг бид судалж байна.
Цагдаагийн байгууллага, алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааны нууцыг чандлан хадгалах үүрэгтэй юм. Олон нийтийн сүлжээнд гарсан дээрх мэдээллийг үнэн бодит эсэхийг эхний ээлжинд яаралтай шалгаж тогтооё. Хэрэв үнэн бол задруулсан албан тушаалтаныг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг.
Та бүхэнд хуулийн хүрээнд хэдэн зүйл хэлье.
1. Зургаан хүний амь хохирсон хэргийн шалтгаан нь урьдчилсан байдлаар угаарын хийн хордлого гэдэг нь тогтоогдсон.
2. Цагдаагийн байгууллага хүний амь нас хохирсон тохиолдол бүрийг гадны нөлөөтэй, гадны нөлөөгүй эсэхээс үл шалтгаалан мөрдөн шалгадаг. Ямар шалтгааны учир хүний амь нас хохирсон бэ гэдгийг нь тогтоож, хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Тэр хууль, журмын дагуу л явагдаж байгаа ажиллагаа.
3. Бид амь хохирогчдын ар гэрийн хүн болох цэргийн алба хаагчийг хэвлэл, мэдээлэл, олон нийтэд мэдээлэл өгүүлэхгүй гэх ямар ч шалтгаан байхгүй. Бидэнд хууль зөрчсөн, буруу хийсэн зүйл байхгүй. Өчигдөр би мэдээлэл өгөх үедээ дурьдсан, хүмүүс нас барсан мэдээллийг цагдаа шалгаж эхлэхэд хүү /цэргийн алба хаагч/ УБ хотод байгаагүй. Ирэх хүртэл нь хүлээгээд мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүй байх боломжгүй, өөрөөр хэлбэл шалгалтын ажиллагаа цаг алдалгүй явагдах ёстой.
Энэ хүрээнд амь хохирогчдын ойрын садан болох дүүг хэргийн оролцогч /хохирогч/-оор тогтоон хуулийн хүрээнд шалгалтын явц байдлыг тухай бүр нь танилцуулж, болсон асуудлын талаар мэдэх зүйлсийг нь асууж мэдүүлэг авах ажиллагаа явагдсан. Энэ үедээ хуульд зааснаар оролцогч /хохирогч/-ийн эрх, үүргийг танилцуулж, энэ талаараа тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна