Төвийн бүсийн аймгуудад туулах чадвар сайтай авто машин гардууллаа

С.Гандэлгэр
5 цаг 16 минутын өмнө

Төвийн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн санаачилгаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй шуурхай хүргэх зорилгоор Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд орон нутгийн бартаат замын нөхцөлд тохиромжтой, туулах чадвар сайтай, аюулгүй ажиллагааг ханган тусгайлан тоноглосон найман автомашиныг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Лүндэг нар гардууллаа.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Ургамал хамгааллын газар, Малын удмын сангийн үндэсний төв, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар “GWM TANK 300” загварын автомашинтай боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Лүндэг: Төвийн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүдийн санаачилгаар Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “АТАР-4” аяны хүрээнд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор туулах чадвар сайтай автомашиныг гардуулан өгч байна. Та бүхнийхээ ажилд амжилт хүсье” гэв.

Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын жолооч Б.Сод-Эрдэнэ: Би Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газарт 44 жил тасралтгүй жолоочоор ажиллаж байна. Энэ хугацаанд УАЗ фургон, УАЗ 469 гэх мэтчилэн нэлээд хэдэн машин барьж байлаа. Манай газарт олгож байгаа “TANK 300” авто машин хурд, хүчээс эхлээд давуу тал маш олонтой авто машинаар бид малчиддаа хүрч ажиллахаар болсондоо баяртай байна” гэсэн юм.

Дархан-Уул аймгийн ХХААГ-ын жолооч Ц.Эрдэнэбат: Бидэн шиг үргэлж хөдөө гадаа, цас, борооноор ажиллаж байдаг хүмүүсийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн туулах чадвах сайтай машин олгосон ХХААХҮЯ-ны хамт олондоо талархал илэрхийлье. Бидний ажилд их дэм тус болох байх гэж бодож байна” гэлээ.

“Грийт Валл Моторс Монголиа” ХХК-ийн борлуулалтын менежер Б.Цэлмүүн: Бид хөдөө орон нутагт малчин, тариаланчдадаа хүрч ажилладаг Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газарт тав тухтай, туулах чадвар өндөр, Сибирь стандартын “TANK 300” автомашинаа хүлээлгэн өгч байна. Компанийн зүгээс мотор, хропдоо 100 мянган км, гурван жилийн баталгаат хугацаа өгдөг” хэмээн ярьсан юм.  

Ингэснээр мал эмнэлгийн салбарын ажил үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай бэлтгэл бэлэн байдлыг хангах, мал, амьтны гоц халдварт өвчний алсын болон ойрын дуудлага үйлчилгээ үзүүлэх, малын шилжилт хөдөлгөөн отор нүүдэлд мал эмнэлгийн ажил үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна