“Хобби” сургууль Монголын хамгийн анхны “Ажиллахад таатай сургууль”-аар шалгарч, батламжаа гардан авлаа

Х.Есү
8 цаг 12 минутын өмнө

“Хобби” сургууль таван тивийн 97 улсад салбартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээр байгууллагынхаа  соёлыг  үнэлүүлэн Монгол улсын хамгийн анхны “Ажиллахад таатай сургууль”-иар шалгарч, батламжаа гардан авлаа.  

Байгуулагдаад 31 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Хобби” сургууль боловсролын чанар, үзүүлэлтээрээ салбартаа шинэ жишиг тогтоож, амжилтаа ахиулсаар ирэв.

Дээрх үнэлгээ ч тус сургуулийн нийт хамт олны итгэлцэл, үнэт зүйл дээр суурилсан өндөр гүйцэтгэл, хүндлэл, нөхөрлөл, найдвартай байдлыг илэрхийлж буй чухал үзүүлэлт аж.  

Англи монгол хэлээр хос сургалтыг явуулж эхэлсэн анхны сургуулийн нэг бол яах аргагүй “Хобби” бүрэн дунд сургууль. Тус сургуулийн хамт олон Монголын боловсролын системд үр дүнтэй олон шинэчлэлийг хийж, хүүхэд бүрийг хөгжүүлж, зөв хандлага төлөвшилтэй иргэдийг бэлтгэх бодлогыг тууштай, тогтвортой барьж, ажиллаж иржээ.

Үнэт зүйлээ ч шударга ёс, эрх тэгш хандлага, аюулгүй байдал, эрх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх хэмээн тодорхойлж улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж явааг онцлох нь зүйтэй. 

Үүний үр дүнд тус сургууль “Хүүхдэд ээлтэй сургууль”,” Шилдэг үнэлгээтэй сургууль”, “Улсын тэргүүний сургууль” зэргээр салбартаа тэргүүн эгнээнд явсаар ирсэн юм. Үүний зэрэгцээ гадаад, дотоодын олон уралдаан тэмцээнд тогтмол тэргүүлж ирсэн шилдэг сургууль билээ.

Олон улсын “Great Place to Work” үнэлгээ бол тус хамт олны 30 жил өртөөлөн, өдөр өдрөөр бүрэлдэн бий болсон байгууллагын соёл, хамтын амжилтыг үнэлсэн үнэлгээ гэж тодорхойлж болно. 

Товчхондоо, ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, улмаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын үндэсний технологийг боловсруулж, хэрэгжүүлэх тал дээр Хобби сургууль ямагт түүчээлж, тэргүүн эгнээнд ажиллаж ирснийг үнэлсэн үнэлгээ гэж харж болно. 

Тус сургуулийг төгссөн хэдэн мянган залуус гадаад, дотоодын олон шилдэг их дээд сургуульд суралцаж, амжилттай яваа нь тус сургуулийнхны бас нэг бахархал, урам зориг биз ээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.