АНУ-ын хамгийн том сул тал-Арьс өнгөөр ялгаварлах үзэл

Х.Батсайхан
Өчигдөр 12 цаг 53 минут

Д.Трампыг анхны бүрэн эрхээ хэрэгжүүлээд дуусч ахуйд АНУ-д арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцсэн жагсаал болж, олон мужийг хамран хямрааж байсан билээ. 

Бие хамгаалагчаар ажилладаг Жорж Флойд гэгч эрийг цагдаа нар харгислан амь насыг нь хөнөөсөн хар үйл явдлаас эхтэй эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ даяар эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүсгэсэн нь саяхан. Анзаарвал, түүнээс хойш зөвхөн АНУ гэлтгүй Европ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг намжаахад хүч зарж, урлагийг хүртэл ашиглах болжээ. 

Ухаад үзэх нь ээ, үе, үе ил гарч, сүүлдээ Нэгдсэн улсыг донсолгох хэмжээнд хүрсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл АНУ-д одоо ч амь бөхтэй оршоор байдаг аж. Бүр тодорхой хэлбэл, арьс өнгөний үзэл өнгөн дээрээ л арилсан гэх авч үнэн хэрэгтээ нийгмийн олон давхаргын хаа нэгтээ бугшин оршсоор байсан гэсэн үг юм.    

Эхлэл

Ер нь бол, сүүлийн хэдэн арван жил нам жим байсан л болохоос АНУ бол арьсны үзлийн “эх нутаг” яалт ч үгүй мөн. Хойд Америк тивд шилжин суурьшигчид нутгийн иргэдтэй шууд дайсагнасан харилцаанд орсон нь арьсны үзэл үүсэх үндсэн шалтгаан буюу үр нь болсон гэж үздэг. Нутгийн уугуул оршин суугчид мэдээж, шилжин суурьшигчдаас хороосон нь арьсны үзлийг дэвэргэсэн үү гэхээс намжаагаагүй нь лавтай.

Харин хожим цаг хугацаа өнгөрч, өөр тивээс шилжин суурьшигчид олноор нүүдэллэж ирэх үед анх ирсэн Европчуудын байгуулж амжсан нийгэм нь үндэсний соёл болоод шашны хувьд бусдаас эрс ялгаатай байсан нь арьс өнгөөр ялгаварлах үзэл олон зуун жилээр баттай тогтох үндсийг тавьсан гэж болно. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн гол хохирогчид нь африк гаралтай боолууд, нутгийн угуул индианчууд байсан ч хожим нүүдэллэж ирсэн итали, ирланд, грек, голланд, польшууд ч мөн их, бага хэмжээгээр гадуурхагдсан юм. Тэднийг протестантууд “Өөр цагаан арьстнууд” гэдэг байжээ.

Өрнөл... 

Африкаас хар арьст боолуудыг авчрах хүртэл Америкийн нийгэм нь цэвэр арьсны өнгө дээр суурилсан бөгөөд сүүлд ирсэн цагаан арьстнууд, нутгийн уугуул оршин суугчид нь нийгмийн доод давхаргыг бүрдүүлж, дээд арьстнуудад үйлчилдэг байв. Харин Африкаас боолууд ирсний дараа 1676 онд Натаниэль Бэкон гэгч тэргүүлэн Виржиниа мужийн амбан захирагчийн эсрэг бослого дэгдээж, протестант англичуудын ноёрхлыг бага ч гэсэн сулруулжээ. Энэ бослогын дараа зөвхөн хар арьстнуудыг л боолчилж болно, бусад арьстнуудыг ажиллуулахын тулд тодорхой хэмжээний хөлс төлөх ёстой гэсэн хууль гарсан байдаг. Энэ нь хар арьстнуудыг боолчлох он удаан жилүүдийн эхлэлийг тавьсан юм. Хэдий ийм хууль гарсан ч хар арьстнууд боолчлолын хугацаагаа дуусгаад эрх чөлөөт иргэн болж, газрын эзэн болох ч тохиолдол байсныг бас үгүйсгэж болохгүй.

Боолчлолын хэлбэр нь газар тариалан тэр тусмаа хөвөн, тамхины тариалан эрхэлдэг байсан өмнөдөд жинхэнэ утгаараа хэрэгжиж байсан бол хойд нутагт гэрийн үйлчлэгч хийлгэх төдийгөөр хязгаарлагдаж байв.

АНУ-ын Конгресс хэдийгээр 1808 онд “Африкаас нэмж боол авчрахыг хориглох” хууль баталсан ч энэ нь хагас зуун жилийн турш хэрэгжээгүй юм. Европын улсууд 1844 онд “АНУ-ыг боолын худалдаа хөгжүүлж байгаа”-г эсэргүүцэхэд Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэлхун гэгч “Цагаан, хар арьсны ялгаатай байдал нь шинжлэх ухаанаар батлагдаж байгаа тул одоо тогтоод байгаа харилцаа хамгийн тохиромжтой нь юм” гэсэн ичгүүргүй хариулт өгсөн байдаг. Энэхүү Жон Колдуэлл Кэлхун нь боолчлолыг хөгжүүлсэн Өмнөд мужаас гаралтай, Холбоонд тэднийхээ эрх ашгийг хамгаалдаг лоббичин байсан юм.  Боолчлолыг яг хориглосон хуулийг Ерөнхийлөгч А.Линкольны үед буюу 1866 онд “Үндсэн хуулийн 13 дугаар нэмэлт өөрчлөлт” гэж нэрлэгдсэн тэр өөрчлөлтөөр хуульчилсан юм. Энд иртлээ иргэний дайнд ч хүрч очсоныг мэдэх нь мэдэх биз ээ.

АНУ ийнхүү боолчлолыг бүрэн хориглосон ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хориглоогүй юм. Иргэний дайнд ялагдсан өмнөдүүд Үндсэн хуульд “Хүний эрхийн тухай” 13, 14, 15 дугаар өөрчлөлт орсны дараа Холбооны хуулийг эрс зөрчиж, хар арьстнуудын эрх хэмжээг боогдуулсан хууль журмыг батлан хэрэгжүүлэх болсон юм. Хар арьстнуудыг цагаан арьстнуудаас тусгаарлах /Холливудын зарим киноноос та бидний мэдэх тусдаа жорлонтой байх гм/ агуулга бүхий 1894-1963 он хүртэл хэрэгжсэн энэ хуулиудыг америкчууд ерөнхийд нь “Жим Кроугийн хуулиуд” гэж нэрлэдэг юм. АНУ хар арьстанд иргэн болох боломжийг 1870 оноос нээсэн ч монголоид буюу ази төрхтнүүдэд иргэншил олголгүй ХХ зууны босго алхсан түүхтэй.   

ХХ зууны эхээр олонд түгсэн социал дарвинизм болон түүнээс улбаатай евгеникийн /Үндэстэн арьстнуудыг эрэмбэлэх/ онол зэрэг нь арьсны үзлийг улам дэвэргэсэн байдаг. Энэ нөлөөнөөс болоод зарим муж улсад арьстан хоорондын гэрлэлтийг хуулиар хориглоход ч хүрч байв.      

Хуурамч төгсгөл, далд өрнөл...

ХХ зууны 60-аад онд АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг иргэний хөдөлгөөнүүд үүсч, хүчирхэг удирдагч /Мартин Лютер Кинг/ийн удирдлага дор олон акц өрнүүлэв. Үр дүнд нь Жим Кроугийн хуулиуд цуцлагдаж, жорлон, гуанз, олон нийтийн газрын асуудал цэгцрэх тийшээ хандсан.  Дэлхий нийт ч итгэсэн. Гэвч үнэн хэрэгтээ бол дээр хэлсэнчлэн, ялгаварлах үзэл нийгмийн олон давхргын хаа нэгтээд нуугдчихаад амь бөхтэй оршсоор байж. Илрэл нь өнгөрсөн саруудад гарлаа.

 2020 онд хамгаалагчийн ажил хийдэг хар арьст эр Жорж Флойдыг цагаан арьст булиа цагдаа зодож, дээр нь өвдөглөн байхыг харсан америкчууд эсэргүүцэн босч, тэмцлийг эхлүүлсэн байдаг. Гэхдээ энэ тэмцэл зөвхөн Жорж Флойдоос ч болж гарсан юм биш. Олон шалтгаан байжээ. Жишээ нь, Жорж Флойдын хэргээс дөрвөн сарын өмнө хар арьст Ахмад Арбери гэгч эр Жоржи мужид хоёр цагаан арьстнаас зугтаж яваад буудуулан амь насаа алдсан. Дараа нь цагаан арьст эмэгтэй цагдаагийн газарт утсаар хар арьст эр өөрийг нь ална гэж заналхийлж байгаа тухай дуудлага өгч байгаа бичлэг цацагдсан. Үнэн хэрэгтээ бол тэр залуу шувуу сонирхогч байсан бөгөөд бүсгүйг ална гэж заналхийлээгүй, харин нохой дагуулж явах нь цэцэрлэгт хүрээлэнгийн дүрэмд харшилж байгааг сануулсан төдий байж. 

Ингэж байтал цар тахал гарч, улс орон даяар хөл хорио тогтоосноор иргэд нийгмийн сүлжээнд гойд идэвхтэй байх болов. Цуглах эрхээ хасуулсан, ажил орлогогүй болсондоо бухимдсан хүмүүс цахим орчинд бөөгнөрч тэнд хаясан өгөөш бүрийг үмхэх суурь нөхцөл бүрдлээ. 

Яг энэ үед Ковид19 өвчнөөр хар арьстнууд илүүтэй нас барж байгаа талаарх мэдээллүүд гарах болжээ. Олон сая хүн ажилгүй болж, иргэд хар, цагаангүй бухимдалтай байсан үе ч таарсан. Яг ийм эмзэг үед Жорж Флойдын хэрэг гарсан нь эсэргүүцлийг эмх замбараагүй байдалд хүртэл дэвэргэсэн хэрэг. Форж Флойдын хэрэг африк гаралтай америкчуудад 2015 онд Фергюсон хотод гарсан аллага, 1992 онд Лос Анжелест хар арьст иргэн Родни Кингийг цагдаа нар зэрлэгээр зодож алсан хэрэг зэрэг эмзэг дурсамжийг нь сэдрээж орхисноор арьсны үзлийн эсрэг тэмцэл эрчээ авсан юм.  

2020 онд биш, 2015 онд ч ийм зүйл болж болох байсныг хүчээр барьж байсан гэж үзэх үндэс бий. 2015 онд цагаан арьст цагдаа хар арьст өсвөр насны хүүг буудаж хөнөөснийг эсэргүүцсэний дараа “Хар арьстны амь чухал” /"Black Lives Matter"/ гэсэн хөдөлгөөн бий болсон. Гэтэл үүний эсрэг “Бүх амь чухал” /All lives Matter/” гэсэн хөдөлгөөнийг зохион байгуулалттайгаар бий болгосон байдаг. Энэ хөдөлгөөн бол харуудын хөдөлгөөний эрчийг сулруулах зорилготой хөдөлгөөн байсан юм. 

Мөн “Цагдаагийн амь чухал” /Blue Lives Matter/ гэх хөдөлгөөн ч байгуулагдсан байдаг. Энэ цагдаагийн амийг чухалчилдаг хөдөлгөөний дэмжигчид болох протестант цагаан арьстнууд, тэтгэвэрт гарсан хөгшчүүд буюу нарийндаа бол арьсны үзэлтнүүд нь нь БНН-ын гол дэмжигчид байдаг гэнэ. Тийм ч учраас арьсны үзэлтнүүд гаарах болсон нь сонгуульд БНН-ын нэр дэвшигч Д.Трамп ялсантай холбоотой гэсэн тайлбар ч харагдана. Ямартай ч АНУ-д арьсны үзэл одоо ч хэвээр, бөгөөд Д.Трамп Ерөнхийлөгч болсноор тэр хандлага, үзэн ядалт нь улам ихсэж, тэмцэх үйл ажиллагаа ч идэвхжин өөр тивд ч “халдварлаж” байгаа нь бодитой, басхүү санаа зовоох асуудал мөн билээ.    

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна