Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан.
Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын 6 зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгуудын томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийж байгаа явцаа танилцууллаа.
Хяналт шалгалтаар Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд зарагдаж байгаа жимс, хүнсний ногоо болон хавар тариалахаар хадгалсан үр тариа, хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авч шинжилсэн байна.
Жимс, хүнсний ногооноос 79 дээж авч түргэвчилсэн шинжилгээгээр шинжлэхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн бөгөөд хиамны цехээс 22 дээж авч шинжлэхэд 8 дээж шаардлага хангаагүй буюу нитрит, давс, колиформ илэрсэн байна. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй буюу хог ургамал, хөнөөлт шавж, хачиг илэрчээ.
Хяналт шалгалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газар 138 иргэн, аж ахуйн нэгжийн жин хэмжүүр болон үнэт эдлэлийн сорьцод хяналт шалгалт зохион байгуулж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан байна. Түүнчлэн Үнэт металл, эрдэнийн чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, Үнэт эдлэлийн худалдаанд ашиглаж байгаа электрон жингүүдийг шалгалт баталгаажуулалтад хамруулж, баталгаажуулаагүй, Импортоор оруулж ирсэн үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг даруулаагүй, Стандартын шаардлага хангаагүй мөнгөн аяга худалдаалсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
Үндэсний итгэмжлэлийн төв зах худалдааны төвд худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн, түүхий мах нь холбогдох хууль, техникийн зохицуулалтын шаардлага хангаж буй эсэх, хяналтын лабораторийн чадавх, итгэмжлэгдсэн байдал зэрэгт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Сэлэнгэ, Архангай, Орхон аймгийн худалдааны төвийн Мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй, Лабораториуд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, Лабораторийн орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрчээ. Харин Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гаралтай мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгний эрүүл ахуй, чанар стандартад хийсэн шалгалтаар эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрсэн байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хүнс бол хамгийн чухал бөгөөд үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарч, ач холбогдол өгч ажиллах ёстой салбар. Тиймээс хамтарсан хяналт шалгалтыг хянаж, шалгаад, зөрчил илрүүлээд өнгөрөх төдий биш хүнсний салбарт ажилладаг хүн бүхнийг хариуцлагатай, байгууллага бүр уялдаа холбоотой ажиллаж, чанар, стандартыг мөрдөж ажиллах шаардлагатай” гэдгийг онцолсон.
Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 31 хүртэл Нийслэл, аймаг орон нутаг, гаалийн лабораториудад хяналт шалгалтаа үргэлжлүүлэх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.22.148
Шалгалт хийсэн нь сайн байна.Сорьцын баталгаагүй үнэт эдлэл зарах нь өөрөө том асуудал.Нэрийг нь ил тод зарлавал иргэд бас хохирохгүй юмаа.
Хариулах