БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй 14 дэх удаагийн “Сөүлийн батлан хамгаалахын яриа хэлэлцээ” (Seoul Defense Dialogue, SDD) “Геополитикийн сорилтыг даван туулах: Хамтын ажиллагаагаар энх тайвныг цогцлоох нь” сэдвийн дор, 09-р сарын 08-аас 10-ны өдрүүдэд Сөүл хотноо болж өндөрлөлөө.
Тус форумд таван орны Батлан хамгаалахын сайд, найман орны Батлан хамгаалахын дэд сайд, НАТО-гийн Цэргийн хорооны дарга зэрэг төлөөлөгчид болон 68 улс, олон улсын байгууллагын төлөөлөл, дотоод гадаадын 1000 гаруй зочид хүрэлцэн ирсэн нь хамгийн өргөн цар хүрээтэй болж өнгөрөв.
Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцлоо.
Үйл ажиллагааг эхлүүлж, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ан Гью Бэк нээж үг хэлэн, Сөүлийн Батлан Хамгаалахын Яриа Хэлэлцээний ач холбогдлыг тайлбарлаж, энх тайвныг бий болгох зорилгын дор нэгдэн хүрэлцэн ирсэн явдалд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Эхний хэлэлцүүлгийг “Геополитикийн өрсөлдөөнийг бууруулж, стратегийн тогтвортой байдлыг сэргээх” нь сэдвийн хүрээнд БНСУ, Филиппин, Хорват Улс болон НАТО-гийн төлөөлөл оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тус хэлэлцүүлэг нь дэлхий нийтэд геополитикийн тогтворгүй байдал гүнзгийрч буй энэ нөхцөлд улс орон бүр батлан хамгаалах үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн үр дүнтэй зэвсэгт хүчнийг бий болгох зорилгын дор нэгдэж буйг онцлов. Түүнчлэн кибер аюул занал, ташаа мэдээлэл зэрэгт хариу арга хэмжээ авахын тулд дэлхийн улс орнууд мэдээлэл солилцоо, харилцан ажиллагаагаа сайжруулах, Батлан хамгаалах салбар дахь AI, дрон, агаарын хамгаалалтын систем зэрэг технологийн хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр ойр хамтран ажиллах шаардлагатай байгаад талууд санал нэгдсэнээр өндөрлөсөн юм.
Нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ан Гью Бэк, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг хүлээн авч уулзав.
Батлан хамгаалахын сайд нар хоёр улсын төрийн тэргүүн нарын тогтоосон “Стратегийн түншлэл"-ийн харилцаанд тулгуурлан батлан хамгаалах салбарт өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулах, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх, бүс нутгийн аюул байдал зэрэг асуудлаар санал солилцлоо.
Цаашид ирээдүйд чиглэсэн батлан хамгаалах салбарын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Үргэлжлүүлэн Филиппин, Турк улстай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
Филиппин улсын Батлан хамгаалахын сайд Гилберто К.Теодоротой хоёр улсын цэргийн боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад хамтран ажиллахаар болов.
Харин Туркийн Батлан хамгаалахын дэд сайд Муса Хейбеттэй хийсэн уулзалтаар хоёр орны батлан хамгаалахын бүх чиглэлд, тэр дундаа цэргийн боловсрол, аж үйлдвэр, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна