Газрын ховрыг тойрсон гадаад, дотоодын улс төрд УИХ-ын сонсгол цэг тавина

Х.Есү
3 цаг 13 минутын өмнө

Чуулган эхлэнгүүт хэлэлцэхээр төлөвлөсөн нэг чухал асуудал бол “Халзан бүрэгтэй ордын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг нарийвчлан судлах” ерөнхий хяналтын сонсгол.

Ерөнхий хяналтын сонсгол хийх тогтоолыг УИХ-ын Хаврын чуулганаар баталсан. Тус орд дээр “Монголиан нэшнл рейр ийрт корп” /MNREC/ХХК тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

Хайгуул хийхийн тулд сургалт судалгаа, нийгмийн харицлагын гэрээ хэлэлцээр гээд бүх л талаар ажиллаж, нутгийн иргэд, орон нутгийн удирдлагатай хамтрах үедээ хамтарч, маргаан мэтгэлцээнд ч хүрч ямар ч байсан хөдөлсөн төсөл. Гэвч уул уурхайн эсрэг уран эсэргүүцэгч нэртэй хөдөлгөөнүүд, тэдний гар хөл Дорноговиос нутаг сэлгэн Ховдыг зорьж энэ хавар төлөвлөсөн ажлаа эхэлж чадалгүй нэг зуныг барлаа. Нутгийнханд уйгагүй тайлбарлаж, айл болгоноор шахуу орж, арайхийн ойлголцолд хүрч байсан төслийнхөнийг ураны эсрэг тэмцэгч гэх нөхдүүд очоод л иргэдийг турхирч машин техниктэй нь хөөж гаргасан.

Ховдод үүсээд байгаа энэ нөхцөл байдал ер нь олон газар давтагдаж байгаа. Албан ёсоор төрөөс зөвшөөрлөө авсан хувийн хэвшил хэдэн зуун сая төгрөгөөр шатаж, гадаадын хөрөнгө оруулагчдаа ч алдахад хүрч асар их хохирол амсаж байгаа. Төр харин таг дуугай байсаар ирсэн. Энэ удаагийн сонсгол харин Халзан Бүргэтэйн асуудлыг эерэг байдлаар шийдэхэд нөлөөлөхүйц болбол бусад төслүүдэд ч жишиг болох байх гэсэн хүлээлт байна.

Газрын ховор элементийн хувьд манайд бүр социализмын үеэс илэрцийг нь тогтоосон боловч тухайн үед техник,технологийн хөгжил сул байснаас нөөцийг нь бүрэн тогтоож чадалгүй явсаар өдийг хүрсэн, сүүлийн арваад жилд түлхүү судлагдаж байгаа салбар. Монголд газрын ховор элементийн зургаан орд байгаа нь,

  • Улаандөлийн орд 124.78 тонн, 
  • Халзанбүрэгтэй 1.511.6 мянган тонн, 
  • Мушгиа худагийн орд 365.1 мянган тонн 
  • Хотгорын орд 1,213.7 мянган тонн 
  • Цагаан чулуутын орд 274.55 тонн, 
  • Лугийн голын орд 14.5 мянган тоннын нөөцтэй гэдэг.

Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын төсвийн болон ААН-үүдийн хөрөнгөөр хайгуулын ажил гүйцэтгэсэн. “Монголиан нэшнл рейр ийрт корп” ХХК-ийн хувьд сүүлийн арваад жил энэ төсөл дээр ажиллаж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон технологийн шийдэл, төслийн зураглалаа гаргаад орон нутгийн засаг захиргаа, нутгийн иргэдэд танилцуулахад сүүлийн 3-4 жилийг зарцуулсан байдаг. Арав шахуу жил үргэлжилсэн судалгааны ажлын дараа төсөл хэрэгжих шатанд орсон.

Газрын ховор элементийг олборлох нь нэлээд өндөр өртөгтэй, элементийг шорооноос нь салгаж авах нь олон шат дамжлага бүхий нарийн технологи шаарддаг. Эрдсээ шорооноос нь салгаж авсны дараа ашигласан химийн бодисоо яаж саармагжуулах, баяжмалаа хэрхэн тээвэрлэх гэх мэт олборлолтын бүх шатанд байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийгээд орон нутгийн засаг захиргаанд танилцуулаад, мэргэжлийн байгууллагууд нь хяналтаа тавиад явж байгаа. Орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах зорилгоор өнгөрөгч оны аравдугаар сард Мянгад суманд нийтийн сонсгол ч хийж байсан.

Мэдээж хэрэг нутгийн иргэдийн зүгээс байгаль орчны асуудал дээр нэлээд эмзэг ханддаг. Гэвч төслийн баг уйгагүй ажиллаж тодорхой хэмжээний ойлголцолд хүрсэн. Иргэдэд мэдээлэл өгдөггүй, бүх нийтээрээ эсэргүүцэж байгаа гэх зэрэг мэдээлэл мэдэгдлүүд бол хэтэрхий нэг талыг барьсан ташаа ойлголт. Ховд аймагт хөрөнгө оруулалт, төсвийн дэмжлэг, ажлын байр нэмэгдэхийн эсрэг бүх иргэд нь нэгдээд тэмцэж байгаа гэвэл хүн үнэмших үү? Харин зорилготой зохиолтой хэсэг бүлэг хүмүүс өдөөж турхирч иргэдэд нөлөөлж байгаа нь бодит байдал. Мэдээлэл дутмаг, “уран олборлох гэж байна” гэсэн гүтгэлгэд итгэсэн иргэд ч байгаа. Дээр нь орон нутгаас сонгогдсон зарим гишүүд, улстөрчид гал дээр тос нэмсэн асуудал бас бий. Тиймээс энэ үл ойлголцол, талцлыг нэг талд нь гаргах шийдвэр УИХ-аас гарна гэсэн найдах үлдлээ.

Газрын ховор элемент нь өндөр технологийн үйлдвэрлэл, цэргийн техникт ашиглагддаг үнэ цэнэтэй түүхий эд. Дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөц тогтоогдсоны 40 хувь нь Хятад улсад хамаардаг (үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харъяаны орнууд, Афганистан, Монголд байдаг) боловч нийт экспортын 80 орчим хувийг Хятад улс дангаараа хийдэг. Тиймээс Монгол улс энэ салбарт өрсөлдөгч, тоглогч болохыг төдийлөн сайшаахгүй нь лав. ОХУ-ын хувьд ч мөн ялгаагүй. Тиймээс газрын ховрыг тойрсон гадаад, дотоодын улс төр ийм идэвхтэй өрнөж, Монгол улс энэ зах зээлд орж ирэх үү үгүй юу гэдгийг шийдвэрлэх нь УИХ-ын асуудал болж байна.

Уг нь өмнөх Засгийн газрын дэвшүүлсэн “Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлого” дотор газрын ховор элемент экспортлох, хагас боловсруулах асуудал багтсан боловч төрийн зүгээс олигтой дэмжлэггүй явж ирсэн. Нэгдүгээрт эдийн засгийн чадамж, боломж нь хомс байна, хоёрдугаарт хоёр хөршөөсөө бэргэсэн тал ч бий байх. Нуруундаа үүрч яваа нь ганц хувийн хэвшлийнхэн. “Монголиан нэшнл рейр ийрт корп” ХХК анх удаа хөгжингүй орнуудынтүвшинд хүрсэн технологи нэвтрүүлэхээр ажиллаж, хүдрээ баяжуулах тухай ярьж байгаа. Энэ төсөл босвол улс орны эдийн засагт нэн чухал нэг салбар гараанаасаа гарах юм.

Тиймээс энэ удаагийн сонсголоос хүлээх үр дүн маш чухал юм. Ерөнхий хяналтын сонсголоос төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд эергээр нөлөөлөх шийдвэр гарах байх гэдэг хүлээлт хувийн хэвшлийнхэн болон уул уурхайн салбарынханд байна. Энэ төсөлтэй ижил шалтгаанаар эзэмшиж байгаа лицензээ эргэлтэд оруулж чадахгүй хөрөнгө цаг хугацаагаар хохирсон олон уул уурхайн компани бий. УИХ-аас томилсон Ажлын хэсэг иргэд болон хувийн хэвшлийнхний дунд гүүр болж, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, экспортын шинэ гарц болж, өрсөлдөх чадвар үүсгэх энэ төслийг гацаанаас гаргах хэрэгтэй байна.

Сонсгол амжилттай болбол Халзанбүрэгтэй төслийн хүрээнд ард иргэд болон хайгуулын компанийн хооронд итгэлцэл бий болгох, хамтран ажиллах боломж нэмэгдэнэ. Иргэдийн санаа зовнил, компанийн үйл ажиллагааны ил тод байдал, байгаль орчны нөлөөллийн асуудлыг хэлэлцсэнээр харилцан ойлголцолд хүрч, нийгмийн зөвшилцлийг бий болгоно. Засгийн газарт хайгуулын үйл ажиллагааг зохицуулах, байгаль орчны стандартыг мөрдүүлэх, эдийн засаг болон орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэл өгвөл төслийг тогтвортой, хариуцлагатай хэрэгжүүлэх боломж ч бүрдэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна