Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу энэ долоо хоногийн баасан гарагт тохионо.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Төрийн ордонд ёслол төгөлдөр гардуулдаг уламжлалтай.
Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонг хэнд хүртээх талаар тодорхой мэдээлэл хараахан алга байгаа юм.
2005 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 18 хүн, байгууллага, хамтлаг энэ эрхэм хүндтэй одонг хүртээд байна.
Өнгөрсөн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан-гийн тэргүүн Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэн билээ.
Бан Ги Мүн АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” одон хүртсэн хоёр дахь гадаад хүн болж байлаа.
Бан Ги Мүн-ий Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь Монголын төр үнэлсэн юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагад олгодог.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна