А.Цолмон: Халзан бүрэгтэйн ордын хайгуулын нарийвчилсан судалгааны ажлыг дахин эхлүүллээ

Zuv.mn
3 цаг 5 минутын өмнө

Газрын ховор элементийн Халзанбүрэгтэй ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Монголиан нэйшнл рийр ийрт корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цолмонтой ярилцлаа.

-“МНРИК” ХХК Халзанбүрэгтэй ордод хийх нарийвчилсан хайгуул, судалгааны ажлын нээлт өнөөдөр /XI.22/ болж байна. Манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Газрын ховор элементийн Халзанбүрэгтэйн ордын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах асуудлаар Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг өнгөрсөн есдүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж, санал дүгнэлтээ гаргасан. Сонсголоос “Халзанбүрэгтэйн орд бол ураны орд биш, газрын ховор элементийн орд”, “Хайгуул судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлж, эрчим хүчний шилжилт болон өндөр технологид хэрэгтэй энэ түүхий эдийн нөөцийг нарийвчлан тогтоох шаардлагатай”, “Ашиглалтын явцад ус болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг илүү нарийн судлах шаардлагатай”, “Орон нутгийн иргэдтэйгээ харилцан ойлголцлыг бэхжүүлэх хэрэгтэй”, мөн төсөл хэрэгжүүлэгчид “Иргэдэд төслийн үр өгөөж, эрсдэлтэй байж болзошгүй нөлөөллийн талаар сайтар ойлгуулах ёстой” гэдэг үүрэг даалгавар өгсөн.

Энэ жилийн хайгуулын ажлын тухайд, нөөцөө тогтоох учраас өрөмдлөгийн ажил нэмж явагдана. Нөөцөө өсгөх зорилт тавиад байгаа. Манай улсад таамаг нөөцтэй ордууд бий. Тэднээс манайх л нарийн тогтоочих гээд яваад байгаа юм. Геополтикийн ач холбогдолтой, дэлхийн улс орон болгон яриад байгаа энэ чухал түүхий эдийн нөөц Монгол Улсад хэдий хэмжээтэй байна вэ гэдгийг тогтоох шаардлагатай.

Яг одоо бид юу хийж байна вэ гэвэл, цацрагийн дэвсгэр түвшний улирал тутмын мониторинг судалгаа хийж байна. Хөрс, агаар, уснаас авдаг. Малчны худгууд, Ховд гол, Хар Ус нуур гэгчлэн усны их олон дээж аваад тогтмол мониторингоо хийж, байгалийн цацрагийн дэвсгэр түвшингээ байнга тогтоогоод явж байна.

Бид цаашид өрөмдлөгөө хийж, нөөцөө тогтоосныхоо дараа ТЭЗҮ-ээ шинэчилж, тэндээсээ үүдээд байгаль орчны нөлөөллийн асуудал эцэслэгдээд явна.

Энэ болгондоо бид ард иргэдтэйгээ хамтраад ажлуудыг хийнэ. Өнөөдрийн цацрагийн суурь түвшний судалгаа ч гэсэн иргэд, олон нутгийн төрийн захиргааны төв байгууллага, хөндлөнгийн мониторингийн багтай хамтраад хийж байгаа.

-Танай төсөл бол манай улсын газрын ховор элементийн анхны төсөл шүү дээ. Хайгуулын ажиллагаа хэдий хүртэл явагдах вэ. Нөөц нэмэгдэх магадлал хэр байна вэ. Ер нь манай улсын эдийн засагт хэр үр өгөөжтэй байх бол?

-Хайгуул судалгааны түвшинд байхдаа ч Монгол Улсад үр өгөөжтэй, судалгаа шинжилгээний өндөр ач холбогдолтой төсөл. Хайгуулын үйл явц нь олон улсын стандартаар явж байна. Цаашаа Монгол Улсад байгаа энэ баялаг яаж боловсруулагддаг, ямар ус хэрэглэдэг, хэчнээн эрчим хүч хэрэгтэй болдог гэх мэтээр бид судлаад явж байгаа. Энэ нь бусад орддоо ч хэргэгтэй мэдээлэл болох юм.

Хэрвээ төсөл маань цаасан дээр үлдэхгүй, дэд бүтэц гэх мэт хүндрэлтэй асуудлууд нь шийдэгдээд явах юм бол татварын хэмжээгээрээ орон нутагтаа хамгийн том төсөл болно. Одоо байгаа уул уурхайн хамгийн том төслүүдээс нь гурав дахин том, өгөөжтэй. Ажлын байр гэхэд л 600-1000 ажлын байр бий болно. Бид бүр болон түр гээд эхний ээлжинд 1500 ажлын байр бий болно гэж тооцож байгаа. Гэхдээ энэ маань хайгуулын ажил явагдаж, нөөц маань тогтоогдож байж л бодитой болно. Хайгуулын ажил бол байнга явагдаж байдаг, ерөөсөө зогсоодоггүй. Орд ашиглалтад орсон ч зэрэгцээд явагдаж л байдаг. Дан ганц өрөмдлөг биш, технологийн судалгаа, усны судалгаа хйинэ. Усны эх үүсвэрийг нарийвчлан тогтоох шийдвэр Хяналтын ерөнхий сонсголоос гарсан байдаг. Технологийн усны хэрэглээгээ нарийвчилж судлах шаардлага байгаа. Тэгэхээр, энэ бүх ажлаа хийгээд явж байна.

-Малаас гажигтай төл гарсан гэх асуудал гарсан. Энэ талаар Сонсголоос ямар мэдээлэл өгсөн бэ?

-Ер нь “Байгалийн цацраг хүн, малын эрүүл мэндэд хортой” гэсэн ойлголт түгээмэл байсан. Энэ сонсгол дээр хөндлөнгийн шинжээчдийн өргөн бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна. Тэд ажиллаад төл малаас авсан дээж, лаборатрийн шинжилгээний хариунд үндэслээд “Яг байгалийн цацрагаас болсон нь гэж тогтоогдоогүй” гэж дүгнэсэн. Байгалийн цацраг нь хүний эрүүл мэндэд хор нөлөө учруулахгүй гэсэн дүгнэлтүүд гарсан.

-Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар?

-Нөлөөллийг нь цаашид нарийвчлан судлах ёстой гэсэн зөвлөмж авсан. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс энэ болгон дээр иргэдтэйгээ хамраад л ажиллаад явна. Гажигтай төл гэдэг ч юм уу асуудал магадгүй, зогсохгүй байх. Тиймээс яг шалтгаан нь хаана байна вэ гэдэг дээр бид иргэд, орон нутагтайгаа хамтраад  ажиллахад бэлэн. Энэ санал санаачилгуудыг бүгдийг нь дэмжээд явна.

-Ураны агууламжийн тухайд?

-Уран бол газрын хөрсөнд түгээмэл тархсан элемент. Зарим полиметаллын ордод ч байж л байдаг, Нүүрсний ордод ч хэмжээ гардаг. Энэ сонсголоос гарсан бас  нэг гол мэдээлэл юу вэ гэхээр, манай ордоос авсан хөрсний ураны агууламж бусад ГХЭ-ийн ордоос бага юм байна гэдгийг тогтоосон явдал. “Газрын ховор элементийн орд нь ураны орд биш” гэдэг нь их тод болов уу гэж бодож байна.

-Сонсголоос хойш орон нутгийн иргэдийн хандлага ямар байна вэ. Иргэдэд мэдээлэл өгөх төвийг бас байгуулсан байсан?

-Иргэдэд мэдээлэл өгөх төвийг бол бид аймагт ч, суманд ч аль хэдийнэ байгуулчихсан байсан. Тогтомол үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Ерөнхий хяналтын сонсгол нээлттэй явагдсан болохоор иргэд олноороо орох боломжтой байсан. Нийтдээ 130 гаруй хүн, Ховд аймгаас 60 гаруй хүн очиж оролцсон байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан нь нөлөөлсөн байх. Сонсголоос хойш ажиглахад ер нь тайвширсан байна. “Аюултай”, “Хордож байна”, “Хүндээ санаа зовж байна”, “Малдаа санаа зовж байна гэх тохиолдол гараагүй. Тайвширсан байна. Тэгэхээр Ерөнхий хяналтын сонсгол энэ төсөлд гэлтгүй ер нь иргэдийн амьдралд их хэрэгтэй зүйл  боллоо.   

Өмнө нь манай зүгээс зарим зүйлийг буруу тайлбарлаж байсан удаа бий. Төрийн захиргааны төв байгууллагын зүгээс ойгомжгүй шийдвэр гаргаж, тэрийг нь  төсөл хэрэгжүүлэгч дангаараа хэрэгжүүлэх боломжгүй үе ч байсан.

Одоо, ээдээтэй байсан олон асуултын хариу  тодорхой болоод ирсний дараа харилцан ойлголцлоо дээшлүүлэх, хамрын ажиллагаагаа бэхжүүлэх, бидний санал санаачилгуудад нээлттэй оролцоод яваасай гэж хүсэж байна.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.171.252
    34 минутын өмнө

    Хүнд хэрэгтэй, авчихмаар мэдээлэл даанч алга даа,

    Хариулах