Энэ удаагийн ярилцлагаараа УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай улс төр, нийгэмд өрнөж буй ХАЛУУН СЭДЭВ болон бусад асуудлуудаар ярилцлаа.
-Сайн байна уу. Сайхан шинэлсэн үү?
-Сайхан шинэллээ. Та сайхан шинэлэв үү?
-Сайхан. Таны сошиал дээрх шинэлгээний зураг олон нийтийн шүүмжийг дагуулаад байна. Үүнд тайлбар өгөөд яриагаа эхэлье?
-Өө яах вэ. Бусдын л адил хөдөө байдаг ах дүү нар дээрээ шинийн гурванд очиж золгосон. Тийм л зураг байлаа. Өөр бусдаас ялгаатай зүйл байхгүй. Айлд цувж очиж байхаар гээд нэг дороо цуглаад нэгдсэн золголт хийсэн.
-Төрийн түшээ хүн эрх мэдлээ ашиглан төрийн байгууллага, хүүхдийн орчныг ашиглаж хувийн золголт хийсэн байна. Мөн хүүхдийн эрх хамгийн ярьдаг гишүүн хүүхдийн орчинд согтууруулах ундаа хэрэглэсэн байна хэмээн олон нийтийн зүгээс шүүмжлээд байна?
-Сумын төвд байдаг олон цуглах боломжтой ганц газар нь л дотуур байрны гал тогоо байсан. Хотын бидэн шиг хүлээн авалтын заал, ресторан гэж байхгүй. Тухайн үед хүүхдүүдийн хичээл амарчихсан, зохих зөвшөөрлийг нь манай эгч аваад зохион байгуулсан үйл ажиллагаа.
Үүн дээр гишүүний давуу эрх эдлээд байгаа зүйл л байхгүй. Хүний урманд Сумын Засаг даргатай нь ч уулзаагүй. Манай ах дүү нар дотор ч удирдах албан тушаал хашдаг хүн байхгүй. Тэтгэврийн хоёр хөгшин л сумын төв дээрээ байдаг.
-Таны хувьд МАН-ын жагсаалтын 18-т бичигдэж, УИХ-ын гишүүн болж байсан. Тухайн үед нам доторх гишүүд ч шүүмжилж байсан. МАН-д төдийлөн их хугацааг зарцуулаагүй хүнийг УИХ-ын гишүүн болголоо хэмээж. Тухайн үед танд ямар үүрэг, хариуцлагыг үүрүүлж жагсаалтад оруулж байсан бэ?
-Тухайн үед намын удирдлагуудаас "Өмнө нь ямар ажил хийж байсан, тэр ажлаа л үргэлжлүүлээд хийгээрэй. Хүний эрхийн төлөө тууштай зогсоорой. Чанга дуу хоолойтой байгаарай. Мөн хуульч хүний хувьд парламентад шаардлага тавьж, хуулиуд дээр ажиллаарай" л гэж хэлсэн. Бусдаар намын бодлогыг дага гэдэг ч юм уу нарийн ширийн яриа юу ч болоогүй. Миний өмнөх 17 гишүүн болоод би ихэнх нь л намд огт ажиллаж байгаагүй. Би бол намд хоёр жил хүний эрхийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажилласан. Түүнээсээ өмнө нь хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан. Одоо маргаан дагуулаад байгаа хурдан морины асуудал дээр ч ажиллаж байсан.
Орсон хойноо энэ бүхэн дээр чимээгүй байгаарай гэсэн бол би орох ч үгүй байсан. Яг өөрийнхөөрөө урьд нь ямар ажил хийдэг байсан түүнийгээ л үргэлжлүүлээд хийгээрэй гэдэг юм хэлж байсан.
-Зарим гишүүдийн ёс зүй, харилцаа хандлагаас үүдэж, эмэгтэй гишүүдийн квотын асуудал яригдаж эхэллээ. Жагсаалтын гишүүдийн хариуцлагын асуудал ч яригдаж байна. Үүн дээр таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Би үүн дээр байр суурь илэрхийлэх гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй л болох гээд байна. Гэхдээ би УИХ-ын гишүүн биш, хуульч гэдэг үүднээсээ харвал УИХ-ын гишүүнээ нам нь эргүүлэн татдаг байх юм бол парламентын дархлаа гэж зүйл рүү орно. Үүнд бид маш болгоомжтой хандах ёстой.
Улс төрийн ч бай ямар ч санаа сэдэлтэйгээр УИХ-ын гишүүнээ эргүүлэн татдаг байх юм бол парламентын дархлаа, бүрэн эрх маш эмзэг байдалд хүрнэ. Олон улсын парламент энэ зүйлийг дайраад гарсан байдаг. Хүн төрөлхтний туулаад ирсэн түүхийг илүү сайжруулах талаасаа л харах ёстой байх гэж бодож байна.
Гарц гаргалгааны хувьд зөв шийдэл биш. Харин эсрэгээрээ улс төрийн намууд дотоод ардчилалаа сайжруулах ёстой. Хэнийг ямар шалгуураар нэр дэвшүүлж байгаа вэ гэдэг нь маш тодорхой байх ёстой.
Манай жагсаалтын гишүүд ихэнх нь нэр дэвшиж байгаагаа мэдээгүй, дөнгөж өмнө нь мэдсэн. Яг үнэнийг хэлэхэд би өөрийгөө ч нэр дэвшиж байгааг мэдээгүй. Ерөнхий сайд тайзан дээр жагсаалтын нэрийг уншиж байхад би тайзны ард хүний үг бэлдээд сууж байсан. Тухайн үед миний нэр сонсогдоод юу билээ л гэж бодож байсан.
Тэгэхээр намд мөнгө өгөөд орчихсон гэдэг ч юм уу ямар нэгэн ашиг сонирхол огт байгаагүй. МАН-ын хувьд жагсгаалтад баримталсан гол зарчим бол мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг парламентад оруулж ирэх байсан. Тийм учраас бид энэ дотор мэргэжлийн байр суурьтай оролцох гэж оролдож байна.
Тэр нь өмнөх үеийн парламентаас өөр байгаа байх. Иргэдэд таалагдах гэхээс мэргэжлийн байх гэдэг бол асар ялгаатай. Иргэдэд таалагдахгүй зүйлүүд ч байгаа байх. Гэхдээ мэргэжил, зарчмын хувьтд ямар байх ёстой вэ гэдэг дээрээ л анхаарч байгаа.
-Энэ удаагийн парламентад эмэгтэй гишүүдийн квот өндөр хувийг эзэлж байгаа. Ер нь эмэгтэй гэдгээрээ арай илүү шаардлага тавиад, их зүйл хүсээд байх шиг санагдаж байна уу?
-Өдөр болгон шүү дээ/инээв/. Өдөр болгон л ямар нэгэн шүүлт, шалгуураар орж, үе давдаг тоглоом шиг л байна. Энэ бол миний хувийн мэдрэмж.
2023 онд нам дээр ажиллаж байхдаа Дорнод аймгийн захын сум руу очоод нэг эмээгийнд орсон. Би "Та мэдээ үзэж байна уу. Улс орныхоо мэдээллийг аваад танд юу бодогдож байна" гэж асуухад "Эмэгтэйчүүдийн тухай телевизороор их ярьдаг болжээ. Эмээ эт маш их баяртай байна" гэсэн. Тухайн хүнийг тийм зүйл ярина гэж бодоогүй байсан болохоор би гайхаад тэгсэн чинь "Эмээг нь залуу байхад ийм зүйл яридаггүй байсан. Миний туулсан зовлонг та нар туулахгүй юм даа гээд би их баяртай байна" гэсэн.
Тэр үгийг сонсоод хоолой зангираад явчихсан. Тийм учраас би жендерийн асуудалд сэтгэл зүрхнээсээ хайрлаж хандах юмсан гэж боддог.
Мэдээж манай олон бүсгүйчүүд дотор алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ чинь нэг процесс байхгүй юу. Улс төрийг эрэгтэйчүүд үүсгэн байгуулж, тэдний зохиосон дүрмээр явж байгаа. Эмэгтэйчүүдийн оролцоо 100 жилийн өмнөөс л эхэлсэн. Тэгэхээр түүзхийнхээ туулах зүйлийг л туулаад явж байна.
Улс төрийн эрх гэдэг нь дарга болох юм шиг ойлгогдоод байгаа боловч эн тэнцүү, адилхан хандаж, хамтдаа амьдрах орон зайгаа олох гээд байгаа явдал юм.
Энэ удаагийн эмэгтэй гишүүдээр бүгдэнгээр нь бахархдаг. Маш их зоригтой, өөр өөрийнхөөрөө гэрэлтэж байгаа, өөр өөрийнхөөрөө дуу хоолойгоо илэрхийлж байгаа эмэгтэйчүүд байгаа.
-Таны хувьд өвөл, хаврын морин уралдааныг эрс эсэргүүцдэг гишүүн. Маш олон холбоо, галуудаас үүнийг сэргээх хүсэлт, шаардлага хүргүүлдэг. Таны хувьд өмнө нь хуульчаар ажиллаж байхдаа ч уг асуудал дээр ажиллаж байсан уу?
-Би 2017 оноос эхлээд энэ кейс дээр өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан. Дүнжингарав гээд шөнө уралддаг том уралдаан болдог байсан. Үүний дараагаас би энэ хэрэг рүү орсон.
Улсын дээд шүүхээс өвөл, хаврын уралдаанаар хүүхдийн эрх зөрчигддөг нь маш олон баримтуудаар тогтоосон. Хоёрдугаарт өвөл, хаврын уралдаан нь үндэсний өв соёл, уламжлал гэх хангалттай баримтаар тогтоогдоогүй.
Өвөл хаврын уралдааны ард маш их хууль бус мөнгөний эргэлт явж байдаг. Морин спортын холбоонууд том жагсаал цуглаан хийж, надтай үзэлцэхийн оронд хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр өв соёлоо сурталчлах хэрэгтэй. Толгойгоо жоохон ажиллуулж, ядаж л "Адуучин" тэмцээнээ дэлгэрүүлж гоё болгох хэрэгтэй.
Өвөл, хаврын уралдаанаас үүүдэж маш олон хүүхдийн сурах эрх ч зөрчигдөж байгаа
-Цаг гарган ярилцсанд баярлалаа
-Баярлалаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна