-Хөгжлийн банкны хохирлыг Н.Алтанхуягаас биш, "Эрдэнэс Монгол" нэгдэл, нэгдлийн Тээвэр ложистикийн хэлтсийн үе, үеийн дарга нараас асуух ёстой юм биш үү-
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас С.Эрдэнэ нэр дэвшиж, цагаан хуудаснаас ч бага санал авч ялагдаж байж билээ. Тухайн үед Үндсэн хуулийн цэц Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй болгож, С.Эрдэнэ МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхэд зориулсан “зөөлөн боорцог” болсон.
Тэгвэл 2027 оны сонгуульд АН-аас хамгийн хүчтэй өрсөлдөх магадлалтай улстөрчдийн нэг Н.Алтанхуягийн Хөгжлийн банктай холбоотой хэргийг сэргээн шалгаж эхэлснээр МАН ээлжит “зөөлөн боорцог” бэлтгэх ажилдаа орсон мэт дүр зураг харагдаж эхэллээ.
Өчигдөр болсон Давж заалдах шатны ээлжит хуралдаанаар Н.Алтанхуягийг анх буруутгасанаас өөр асуулт, хариулт явагдсан нь үүний баталгаа болов. Анхан шатны шүүхээс Н.Алтанхуягийг анх “Говийн зам” ХХК-ийн /”Энержи ресурс”/ барьсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр өндөр үнээр худалдаж авч, “Эрдэнэс Монгол” ХК-д шилжүүлсэн. Бэрэн группд давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр холбогдуулсан. Ингэхдээ “Говийн зам” ХХК нь зам ашиглах эхний хоёр жилдээ 16 тэрбум буюу жилд найман тэрум төгрөгийн ашигтай ажилласан учир үлдсэн найман жилд өртгөө нөхөх ямар ч боломжгүй байсан, тиймээс Н.Алтанхуяг, Б.Батбаяр нарыг лоббидож, улсад өндөр үнээр шахсан” гэж буруутгасан бол Бэрэн группын тухайд ганц компанид зориулсан шийдвэр гаргасан гэж айлаа.
Гэтэл өчигдөр Бэрэн групптэй холбоотой асуудал нь "Ганц Бэрэн групп биш, дөрвөн компани байсан байна" гэж яригдлаа.
Түүнчлэн, "Говийн зам" ХХК-иас Эдийн засаг, хөгжлийн сайд Б.Батбаярт бичсэн "Замаа улсад зармааргүй байна" гэсэн утга бүхий албан бичиг гаргаж өгсөнтэй холбоотой ч юм уу, улсын яллагч Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замтай холбоотой асуудалд Н.Алтанхуягаас “Говийн зам” ХХК-иас саналыг нь авалгүй шууд Засгийн газар дээр шийдэл гаргаад улсад авчих нь зөв юм уу” гэх мэтээр, хувийн хэвшлийг хохироосон хэрэг тулгаж байгаа мэт асуулт асуусан нь гайхаш төрүүллээ.
Олон оролцогч, холбогдогчтой болохоор уншигчид будилж байж мэдэх ч Н.Алтанхуягтай холбоотой хэрэг бол үнэндээ маш хялбар.
Юуны түрүүнд, энэ хэргээс болж “Говийн зам” ХХК хохироогүй. Эрх мэдэлтнүүд буюу Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Б.Батбаяр нар төрийн нэрийг барьж хувийн хэвшлийг дээрэмдээгүй. Хангалттай төлбөр төлөөд төрд авч, төрийн өмчийн компанид буюу “Эрдэнэс Монгол” ХК-д эзэмшүүлсэн. Энэ бол 2013 оны асуудал. Тухайн үед “Энержи ресурс” барьсан замаараа Ухаа худагийнхаа нүүрсээ хямд зөөгөөд, төлбөрийг нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иар төлүүлж /Өндөр төлбөртэй/ байсан бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газар уг замын төрд авах зарчмын шийдлийг гаргаснаар “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс хямд, “Энержи ресурс” болон бусад ААН-ийн нүүрс боломжийн үнээр тээвэрлэгдэх боломжтой болсон байдаг.
Тавантолгойн ордыг Гашуунсухайт боомттой холбосон хүнд даацын автозам учир ашиггүй ажиллах ямар ч боломжгүй бөгөөд дээрх шийдлээс улсад орж ирсэн ашиг нь тухан жилд экспортолсон нүүрсний хэмжээтэй харьцуулж тооцохоор өндөр, төлөх байсан төлбөрийг нь бодвол тэрнээс ч илүү өгөөжтэй байсан.
Засгийн газар буюу Н.Алтанхуяг, Б.Батбаяр тэргүүтнүүд зөвхөн “Төрд ав” гэдэг шийдлийг л гаргасан болохоос санхүүжилтээ хэрхэн босгох нь дараагийн шатны асуудал байсан гэдэг. Доод түвшинд Монголбанкнаас санхүүжүүлэх, Хөгжлийн банкнаас санхүүжүүлээд дараа нь төсвөөс төлөх, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж төрд аваад “Эрдэнэс Монгол” ХК-д шилжүүлж, орлгоор нь эргүүлж төлөх зэрэг нарийн хувилбарууд яригдаж, сүүлийнхээр нь шийдсэн байдаг.
Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банкнаас зээл авч, шилжүүлж авсан бөгөөд авто замын хураамжаар орж ирсэн төлбөрөөр зээлээ эргэн төлнө гэж тооцоолсон ч чадаагүй. Энэ бол харин шилжүүлж авснаас Хөгжлийн банкны хэрэг дэгдэх хүртэлх буюу 2013-2022 онд хамаатай асуудал юм.
Дээр хэлсэнчлэн, Тавантолгой-Гашуунсухайт бол Монглын экспортын бүх нүүрсний ихэнх нь явдаг, ашиггүй ажиллах ямар ч боломжгүй зам. Гэтэл энэ мөнгө хаачив, хэн идэж уув гэдэг л энэ хэргээс шалгах ёстой гол асуудал нь юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг "Эрдэнэс Монгол"-ын дарга нар зайдагнаж, хувийн хэвшлийнхнээс хураасан мөнгө төгрөгийг хувьдаа завшиж байсан байж болзошгүй олон кейс байгаа. Энэ хулгайч нараа сайн шалгахын оронд Засгийн газрын чиглэлийг, тэр дундаа танхимаараа асуудал шийддэг байхад Ерөнхий сайдыг буруутгана гэдэг цаашдаа Монголын бүх Ерөнхий сайдыг шоронд хийхийн л цондон.
Тэгэхээр, ийм ойлгомжтой асуудлыг Шүүх асуудал болгож, процедур ярин Хөгжлийн банкны хэргийг сэргээсэн нь хачин бөгөөд Н.Алтанхуягийг ангуучлах гэж байна гэж хардсан нь ийм учиртай.
Нөгөө талаар, гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийн асуудлыг энэ удаад дахин сөхсөн нь МАН-аас илүү АН-ын оролцоотой гэх таамаг бий. Өөрөөр хэлбэл, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэхээсээ илүү АН доторх сунгаа, бүр тодруулбал С.Баярцогттой холбоотой байж магадгүй. Н.Алтанхуягтай холбоотой хэргийн материал дотроос Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой хэсгийг хасаж хаясан гэсэн асуудал өчигдрийн шүүх хурлаар яригдсан нь ийм сэтгэгдэл төрүүлсэн юм.
Энэ тохиолдолд, хэрвээ хэргийг эргэж сөхөхөд МАН нөлөөлсөн бол /Дөрвөн прокурор эсэргүүцэл бичиж сэргээсэн/ морины нүүдэл хийсэн гэсэн үг. Учир нь. Н.Алтанхяг нэр дэвших эрхгүй болж гэмээ нь АН-аас нэр дэвших хэн ч бай /Лу.Гантөмөр, О..Цогтгэрэл, С.Баярцогт ялгаагүй/ МАН-ын нэр дэвшигчийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэх ээлжит “зөөлөн боорцог” нь болж хувирах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна