"Ашиг сонирхол шингэсэн" Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй

Zuv.mn
1 цаг 14 минутын өмнө

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Э.Болормаа, Б.Баярбаатар нарын гишүүд өнөөдөр Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Уул уурхайн салбарт шинэчлэл хийхийг дэмжинэ. Гэхдээ дунд нь  зэсийн нэмэлт АМНАТ-ийг гурав дахин бууруулах заалт орж ирсэн байна. Тодруулбал, хуулийн төслийн 47.5-д зэсийн үнэ 9000 ам.доллараас дээш байсан тохиолдолд нэмэлт АМНАТ 15 хувь байсныг таван хувь болгож буюу гурав дахин бууруулахаар хуулийн төсөл оруулж иржээ. Зэсийн үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн. Өчигдрийн байдлаар 13,842 ам.доллар байсан.

Монгол Улс “Онтрэ”-гээс эзэмших хувиа АМНАТ-аар орлуулах асуудал яригдаж байх үед нэмэлт АМНАТ-ыг гурав дахин бууруулах хууль орж ирж байгаа нь хэний лобби, хуулийн хулгай вэ. Б.Энхбаяр сайд хуулийн хулгай ярьдаг. Тэгээд энэ хуулийн хулгайг зөвшөөрч байгаа юм уу. Манайх Оюутолгойгоос 53 хувийн өгөөж хүртэнэ гэсэн. Энэ 53 хувийг хүртэх эсэх нь АМНАТ-аас шалтгаална” гэв.  

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Онтрэгийн лицензит талбайд Цагаан суваргаас 2.5 дахин их баялаг байгаа. Энэ хуулийн төсөл батлагдвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Баялгийн санд ногдох хувь хэмжээ буурна. Энэ хуулийг одоо хэлэлцэх нь буруу. Онтрэтэй хэлэлцээрийг дуусгаж байж оруулж ирэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлэв.   





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна