Төсвийн байнгын хорооны сонсголын зардлын талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Сонсгол зохион байгуулахад төсөв шаардлагатай болдог. Сонсгол зохион байгуулах ажлын хэсэг томилогддог. Ажлын хэсэг төсвөө тооцно. Төсвийг сонсгол даргалагч батална. Тухайлбал, саяхан нийслэлтэй холбоотой төсвийн байнгын хорооны сонсгол болсон. Тус байнгын хорооны сонсгол болоход 40 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг төсвийн байнгын хорооны зардлаас шийдвэрлэсэн.
-Сонсголын төсвийн зардал хаанаас гардаг вэ?
Сонсголыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж байгаа болохоор сонсгол хийж байгаа дарга нь байнгын хорооны даргад хүсэлт тавиад төсвөө авдаг. Аль байнгын хороо сонсгол хийж байгаагаас шалтгаалж тэр байнгын хорооноосоо төсвөө авдаг.
Төсвийн байнгын хорооноос нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарлагатай холбоотой сонсголыг зохион байгуулахад 40 гаруй сая төгрөг гарсан. Хамгийн өндөр зарлага нь шинжээчдийн тариф гэж байдаг юм байна. Энэ сонсголд 10 шинжээч томилж төсөв дээр ажиллуулсан. Бусад зардал нь бичиг цаас, хэвлэл, хоолны зардал гэх мэтэд үрэгддэг.
Олон удаа сонсгол зохион байгуулах юм бол төсөвт хүндрэлтэй юм байна. Энэ зардал бол байнгын хорооны жилийн төсвийн 1/4 аваад явж байна.
- Анх байнгын хорооны төсвийг батлахдаа сонсголын төсвийг батлаагүй байсан. Дараа нь зардалд асуудал үүсэхгүй юу?
Тэгэлгүй яах вэ, төсвийн байнгын хороодын төсвийг жигд буюу жилийн 230 сая орчим төгрөгөөр баталдаг. Хэрэв цаашдаа сонсгол зохион байгуулъя гэсэн гишүүн байвал өөрсдөө мөнгөө төл. Гишүүд хэвлэлд гаръя татвар төлөгчдийн мөнгөөр худлаа үнэн хоёр өдөр шалгуулаад, 40, 50 сая төгрөг үрж байна. Тиймээс санаачилсан, гарын үсэг зурсан гишүүд өөрсдөө мөнгөө гаргаж сонсгол хийх хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна