Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт, тэтгэлэгт хөтөлбөр, болон "Илгээлт 2100" хөтөлбөрийн дотуур байрны төлбөрийн асуудлын талаар Боловсролын зээлийн сангийн ажлын албаны П.Зохихсүрэнээс тодрууллаа.
-Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурчихаад зээлээ төлөөгүй маш олон улстөрч, сайдын мэдээлэл нийтэд цацагдсан шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгөөч?
-Боловсролын зээлийн сангаас зээл аваад төлбөрөө төлөөд чөлөөлөгддөг зүйл биш юм. Яг одоогийн зохицуулалтаар бол хөнгөлөлттэй зээл аваад сурч байгаа хүмүүс ам.доллароор, хүүгүй зээл авч байгаа. Тухайн зээлээ төгссөний дараа 20 жилийн хугацаатай график байгуулаад эргэн төлөх нөхцөлтэй байдаг. Энэ нь хүний хөгжлөө дэмжсэн, санхүүгийн дэмжлэг гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөр сайн, муутай, алдаатай асуудал байсан.
Зарим тохиолдолд улсын их хурлын гишүүд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдох тохиолдлууд байдаг. Үүнтэй холбоотойгоор долоон сайдын 17 тушаалд нэр нь ороод нэг ёсондоо сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөөд, хууль хяналтын байгууллагад шалгагдаад, бүрэн эцэслэгдээгүй байна. Нөгөө талаар 1255 суралцагч гадаадад суралцсан. Энэ хүмүүсийн зарим нь Монголдоо ажиллаж байгаа ч гэрээг нь огт дүгнээгүй байна.
Боловсролын зээлийн сангийн зүгээс долоодугаар сарын 1-нээс зээл авсан болон авах гэж байгаа хүмүүстэй холбогдож гэрээг яаралтай байгуулах гэж байна. Таны зээлийн төлбөрийн үлдэгдэл ийм байна, огт төлөөгүй бол та зээлээ төлнө үү гэсэн мэдэгдэл явуулах, гэрээ дүгнэх ажил зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Зээл зориулалтын бусаар зарцуулагдаж байна, зөвхөн баячуудын хүүхэд, мэдээлэлд ойр байдаг хүмүүс энэ зээлийг авч суралцдаг гэсэн ойлголт байдаг. Энэ тал дээр Боловсролын зээлийн сангаас ямар арга хэмжээ авч, яаж ажиллах вэ?
-Нийгэмд олны анхааралд өртсөн хүмүүс нь магадгүй зээл, тэтгэлэг авсан хүмүүсийн бага хувь нь байгаа байх гэж найдаж байна. Гэхдээ үүнийг бодитоор судалгаа хийгээд тэдэн хувь нь улс төрд байна, тэдэн хувь нь төрийн захиргааны алба хашиж байна гэдэг тоо гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, бид хэдэн хүнд зээл өгснөө л мэддэг болохоос хэд нь төгсөж ирээд нийгэмд үр бүтээлтэй ажиллаж улс эх орондоо хувь нэмрээ оруулж байна гэдгийг тодруулах, сайжруулах, тогтолцоогоо шинэчлэх асуудал гэж харж байна.
Зөвхөн зээл өгөх хүрээнд харах биш илүү өргөн цар хүрээнд тухайн хүнийг сурах явцад, төгссөний дараа ажил хөдөлмөр эрхлэхэд нь анхаарах зэрэг бүхий л үе шатыг тогтолцооных нь хувьд харна. Дараа нь хөтөлбөрүүдээ хянаж, зээл олгох нь тухайн хүнд хэрэгтэй юу, манай улсад ач холбогдолтой юу, эсвэл тэтгэлэг нь ач холбогдолтой юу, нийгэмд ямар өгөөж, сөрөг үр дагавар авч ирсэн бэ гэдэг асуудалд дүгнэлт, шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Ингэснээрээ буцаагаад өгөгдөл, нотолгоонд суурилсан дүгнэлт гаргаж дараагийнхаа бодлогыг төлөвлөж, цаашдаа төсвийнхөө хэдэн хувийг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт зориулах юм гэдгийг шийднэ. Магадгүй бакалаврынхт арай бага магистр, докторын хөтөлбөрт арай их байх ёстой юм уу гэх зэргээр датаг гаргаж ажиллах болно.
Нэг ёсондоо, Боловсролын зээлийн сангаар үйлчлүүлж байсан хүмүүсийн мэдээллийг бусад Нийгмийн даатгалын сан, Үндэсний статистикийн хорооны хүн амын тооллогын судалгаа зэрэг газраас холбож дүгнэлт гаргахад шаардлагатай боловсруулалтуудыг хийхээр ажиллаж эхлэх гэж байна.
-Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт өмнөх жилүүдээс хэр урагштай байгаа бол?
-Үнэнийг хэлэхэд, энэ асуудалд ахисан үзүүлэлт байхгүй. Зээлийн эргэн төлөлтийг системтэй, хууль, эрх зүйн үндэстэй явж байж сайжрах боломжтой гэж харж байна. Өөрөөр хэлбэл, "та зээлээ төлнө үү" гэсэн албан мэдэгдлийг явуулж байж харилцаа үүснэ. Түүнээс биш бид тэдэн хүнээс зээлийн авлагатай, гэвч төлөхгүй байна гэж яриад байхаар зээл авсан хүмүүс ч хуулийн хувьд мэдэгдэл аваагүй гэдгээс болдог уу нэр цохож хандаагүйгээс ч юм уу төлөхгүй тохиолдлууд байна. Тэгэхээр үүнийг анх ямар гэрээ байгуулсан гэдгээр дүгнэж байж дараагийнхаа алхмыг хийх шаардлагатай гэж харж байна.
-Өнөөдөр болж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Илгээлт 2100" хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 20 гаруй улсад манай оюутнууд суралцаж байна. 2026-2027 оны хичээлийн жилд гадагшаа явж суралцах гэж байгаа 300 гаруй оюутан байна. Эдгээр оюутанд зөвлөгөө мэдээлэл өгөх, гадагшаа явахаас өмнө гэрээ байгуулах, цаашид хэрхэн яаж суралцах зэрэг арга зүйн зөвлөмж, мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулж байна.
-Илгээлтээр явж байгаа хүүхдүүдэд тулгамдаж байгаа дотуур байрны асуудлын талаар мэдээлэл өгөөч, ямар зохицуулалт авч байна вэ?
-Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу сургалтын төлбөрийг тухайн сургуулийн байгууллагын данс руу, дотуур байрын төлбөрийг дотуур байр эзэмшигч байгууллагын данс руу шилжүүлдэг. Харин амьжиргааны зардлыг оюутанд өөрт нь шилжүүлдэг. Гэхдээ зарим их, дээд сургуулийн хувьд кампус, дотуур байр нь хүрэлцээ муу байдаг. Мөн манай оюутнууд дотуур байрандаа бүртгүүлж амжаагүй зэрэг асуудлаас болж дотуур байрнаас гадуур байх хэрэгцээ үүсдэг. Энэ тохиолдолд сайдын баталсан тушаалаар тогтоосон лимит байдаг. Энэ лимитийг оюутнууддаа олгодог. Олгосон лимитийн хүрээнд өөрсдөө гадуур байр түрээслэх зохицуулалттай хэрэгжиж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гадаадад буцалтгүй тусламжаар сургадаг шүү дээ. Үүний талаар мэдээлэл өгөөч?
-Яг одоо дэлхийн шилдэг их сургуулиуд болон гадаадад их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалт болж байна. Энэ хоёр янз байгаа. Нэг нь гадаадын их, дээд сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажил явж байна. Сонгон шалгаруулалтын бүртгэл зургаадугаар сарын 29-нд дуусна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгон шалгаруулалт нээлттэй гэсэн үг. Нөгөөх нь топ 100 буюу дэлхийн шилдэг их сургуулиудад элсэн суралцах урилга авсан суралцагчдын хувьд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр суралцах эрх олгох сонгон шалгаруулалт явж байна. Үүнд бакалавр, магистр, докторын хөтөлбөр хамрагдана. Мөн Монгол Улсын аль нэг их сургуультай дэлхийн шилдэг их сургууль хамтран хэрэгжүүлдэг 2+2 хөтөлбөрийн хүрээнд суралцагч байвал сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.
Энэ жилийн хувьд бакалаврын хөтөлбөрт 10, магистр, докторын түвшинд 20 хүний хяналтын квоттой байна. Харин энэ жил 2+2 хөтөлбөрийг зохион байгуулах гэж байна. Тус хөтөлбөрт хоёр хүний квоттой. Эдгээр хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 29-ний өглөөний 09.00 цагт хаагдаж, зургаадугаар 30, долоодугаар сарын 1-ний өдөр сонгон шалгаруулалт явагдах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.19
Даргын байж байгаа царай, энэ санг өөдлөхөөргүй дампуурсаныг илтгэнэ..
Хариулах