Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг өргөн барьснаас хойш тус хуулийг тойрсон талцал хуваагдал нийгэмд гарсаар буй.
Тодруулбал, хуулийг санаачлагч зарим гишүүн зарчмаасаа ухарч, ажлын хэсгийн гишүүд солигдож хоёр талцаад байна. Улмаар Байнгын хорооны гишүүд ч хоёр талцаж хэлэлцүүлэг ширүүн өрнөсөн.
Хуулийн төслийг хэлэлцэж буй энэ үед гишүүд ямар байр суурьтай байгааг онцолж, тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Эрх ашгийг нь хөндөөд ирэхээр хавиргаа хазаж байгаа хар нохой мэт сошиалд янз бүрээр явж байна. Сүүл рүүгээ өрөөнд орж ирээд "Чамайг улстөрчийн хувьд хэн ч биш болгоно. Эсвэл энэ хуулиа батлуулчихвал албаар хар зах зээл үүсгэж харлуулна гэж” сүрдүүлсэн. Яасан их мөнгөтэй юм.
Энэ хууль бол ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийнхээ төлөө хийж буй үйл.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: УИХ-ын гишүүн болсноос хойш ийм айхтар хэлэлцүүлэгтэй хуулийн төсөл анх удаа харлаа. Цаашид бүх хуулийн төслийг ингэж хэлэлцэж, ажилламаар байна. Гишүүд хоёр тал болж хуваагдаад, бие биеэ элдвээр хэллээ.
Ер нь тамхи л бол тамхи. Импортоор оруулж ирж байгаа согтууруулах ундаанаас онцгой албан татвар авч байгаа. Түүнтэй адил байх ёстой.
Хуулийн төслөөс болж Байнгын хороо, ажлын хэсэг хоёр хуваагдсан. Одоо УИХ яаж хоёр хуваагдахыг харъя. Анх өргөн барьсан гишүүд хуулийн төсөлдөө үнэнч байхыг хүсье.
Сүүлдээ энэ хуулийг татварын тухай хууль юм шиг мушгин гуйвуулж байна. Үгүй шүү дээ. Энэ чинь хүүхэд, өсвөр үеийнхнийг хорт зуршлаас холдуулах зорилготой хууль.
Сургуулийн ойр орчмын 500 метрт электрон тамхи зардаг болгоё гэдэг лоббиг хаанаас явуулж байгааг бүгд мэдэж байгаа. Энд хэдхэн компанийн эрх ашиг бий. Гаатай тамхийг үлдээхийг лоббиг ямар компани явуулж байгааг бүгд мэдэж л байгаа. Улаан цагаандаа гарч, лоббид автаж байгаа хуулийн төслийг анх удаа харж байна. Үзэл бодлоосоо ухарч байгаа гишүүдийн өмнөөс ичиж байна.
Цахилгаан, дулааны үнэ нэмэхэд А гэж дуугараагүй хүмүүс тамхины татвар нэмэхийг эсэргүүцэж байна.
Жилд 800 орчим тэрбумын зах зээлээс 10 хувийг нь л тараахад 80 тэрбум төгрөг. Парламентын зарим гишүүнийг хэдээр худалдаж авсан бэ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Энэ хууль бол үзэл баримтлалын хувьд зөв. Ялангуяа хүүхдийг аливаа донтолтоос сэргийлье, эрүүл мэндэд хор учруулж байгаа тамхин бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлнэ гэж байгаа нь зөв.
Гэхдээ электрон тамхины үнэр, амтыг хориглож, татварыг өндөр тавьж өгч байгаа ч нөгөө талд үүнийг хэрэглэгчид зөвхөн хүүхдүүд биш гэдгийг ойлгохгүй байна. Энэ нь насанд хүрсэн хэрэглэгчдийн сонголт, хэрэглээний эрх чөлөө, сонголтыг боомилж байна.
2019 оны судалгаагаар дөрвөн хүүхэд тутмын гурав нь электрон тамхи татдаг гэсэн судалгаа байна. Одоо бол нөхцөл байдал арай өөр болсон байгаа.
Хүүхдэд худалдаалахгүй гэсэн хэр нь дээрээс нь үнэр, амтыг хорьж, татварыг нэмж байна. Гэтэл насанд хүрсэн хэрэглэгчдийн өдөр тутмын дадал, зуршлыг яах вэ. Үүнийг бид юугаар орлуулж өгөх вэ. Мөн янжуур тамхины хорыг арай багасгасан гааны амттай тамхины гааг хориглочихлоо.
Энэ дунд эмэгтэйчүүдийн асуудал байна. Нэгэнт тамхи татах дадал зуршилтай болчихсон эмэгтэйчүүд эрүүл мэндээ бодоод электрон тамхи татъя гэдэг. Гэтэл тэр эмэгтэйчүүдийн эрүүл мэндээ бодож байгаа асуудлыг нь таслан зогсоож байгаа юм биш үү.
Бид хүүхдүүдээ хамгаалж байгаа ч бүүр илүү хор хөнөөлтэй янжуур тамхи болон ахуйн хий үнэрлэх, мансууруулах бодис хэрэглэх тал руу явуулахгүй гэсэн баталгаа байна уу. Мөн хар зах зээлийг яаж хянах вэ.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: Хуулийн төслийг дэмжиж байна. Үнэр, амтыг хязгаарлахаас гадна бүр хорьчихвол яасан юм бэ. Үнэр амтгүй ч гэсэн үр хүүхдээ электрон тамхи татаасай гэж боддог нэг ч эцэг, эх байхгүй байх. Танилцуулгаас харахад, 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн байна. 4300 орчим иргэн тамхины улмаас нас барж байна гэсэн байна, энэ бол айхтар мэдээ. Энэ хорт зуршил бол ирээдүйг маш өндөр хувиар мөхөөж байна.
Электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүд хорт зуршилд автах магадлал хэр өндөр байдаг вэ, судалгаа байна уу. Орос, Тайланд зэрэг улсад тамхийг тусгай саванд хүний сонирхол татахааргүй зэгэл саарал өнгийн савлагаатайгаар худалдаалдаг юм билээ. Энэ бол шинэ хэрэглэгч сонголт хийх боломжийг хязгаарлаж буй хэрэг.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Юун түрүүнд О.Номинчимэг тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан хуулийг анхнаас нь дэмжиж ирсэн. Байнгын хорооны хурал, протокол дээр бичээтэй байгаа.
Гэхдээ хэтэрхий академик чанартай байна шүү, бодит байдлаас холдсон байна гэж хэлж байсан. Энэ хуулийг хэлэлцэж байх үед өөрийн үзэл санаагаа хэлэхээр аль нэг компанийн лобби болж хувирч байна. Социализмын үед зад угаагч аянынхан гэж орж ирээд цамцны зах нь халтар, биенээс нь бөөс гарсан хүүхдүүдийг ангиудаар хэсүүлж, дүүжилдэг байсан шиг Ардчилсан намын гишүүн намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө элдвээр хэлж, гүтгэж байна.
Үүндээ уучлалт гуйх ёстой. Шүүх энэ тэр гэж яваад яах вэ. Жижиглэнгийн наймаачдыг бас энэ хуулиараа зохицуулах шаардлагатай.
Дахиад хэлье энэ хуулийг дэмжээд явуулах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна