Б.Найдалаа: Цалинг 30 хувиар нэмэх боломж эрчим хүчний салбарт байхгүй

Г.Анар-Эрдэнэ
3 цаг 6 минутын өмнө

Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарынхаа ажил хаялт болон цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Цалингийн системийг шинэчлэх, илүүдэл орон тоог цомхотгох, үр ашгийг дээшлүүлэх, хэрэгтэй жинхэнэ мэргэжилтнүүдэд нь илүү өндөр цалин өгөх бодлого баримталж байгаа. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 10 хувийн нэмэгдлийг зөвхөн үйлдвэрт ажиллаж ачаалал үүрч байгаа, цалин бага, нэмэх шаардлагатай хэсэгт нэмнэ.

-Ажилт хаялхаа мэдэгдсэн танай салбарынханд 30 хувиар цалингаа нэмүүлэхээ мэдэгдсэн. Энэ саналыг хүлээж авах боломжтой юу?

-Эрчим хүчний сайд цалинг шийдээд суудаг хүн биш. Болдог бол 50, 100 хувиар нэмээд явчихмаар байна. Тэр мөнгө, орлого хаана байна? Энэ орлогыг компаниуд бий болгох ёстой. Тэр тусмаа захирлуудын ажил. Ашигтай ажиллуулж, хэрэггүй орон тоо байвал хасах ёстой. Энэ удирдлагуудын хийх ёстой ажил. Энэ чиглэлээр илүү шаардлага тавьж ажиллана.

Хэнд хэдэн төгрөгийн цалин өгөх, аль зардлаа хэмнэх, хэдэн хүнтэй ажиллахаа шийдэх ёстой. Түүнээс хавтгайруулан бүгдэд нь нэмэхгүй. 20 сая, хоёр сая төгрөгийн цалин авч байгаа хүнд тус бүр 10 хувь нэмэх ялгаатай биз. Энэ бол байж болшгүй зүйл. Үүний ялгааг арилгахын тулд цалингийн системийг өөрчилъе гэж байгаа юм.

Шаардлага тавьсан хүмүүсээс үнэхээр бага цалин авч байгаа хэн байна гэдгийг асууж, тодорхой судалгаа гаргаж ир. Түүн дээр анхаарч ажиллая гэсэн. Одоохондоо хариу алга. Бүгдэд нь нэмэх юм уу гэсэн тийм гэж байгаа юм. Үүнийг зөвшөөрөх ямар ч боломжгүй. Цалинг шударга байлгах ёстой. Олон жил ажилласан сайн, муу нь мэдэгдэхгүй хүний цалинг нэмэх нь зөв үү. Сайн ажиллаж байгаа залуу үеийн цалинг яагаад нэмж болохгүй гэж гэх мэтчлэн бодох зүйл байгаа юм. 

Ул суурьтай системийг нь өөрчлөхгүй бол цоорхой сав руу юм хийдэг шиг үр ашиггүй зардал урсах магадлал их. Ажилчдын асуудлыг шийдэхийн тулд тооцоо судалгаа сайн хийх хэрэгтэй.

Төсвийн байгууллага биш учраас төсөв компаниудаас гарна. Өөрөөр хэлбэл, иргэдээс цуглуулж байгаа төлбөр тооцооноос тодорхой хэмжээний зардлыг тэвчээд цалин нэмэхэд зарцуулна гэсэн үг. Энэ удаадаа болно гэж үзэж байгаа. Хамгийн гол нь хавтгайруулж болохгүй. Хэрэгтэй газар нь л нэмэх ёстой. Энэ нэмэгдлийг долоодугаар сарын 1-ний өдрөөс тооцож явна. Алдагдалтай ажиллаж байгаа компанийнхан цалингаа нэмж болно. 

Эрчим хүчний салбар үйлдвэрлэж байгаа өртгөөсөө бага үнээр эрчим хүчээ зардаг. Ингэж явах юм бол эрчим хүчний салбар хол явахгүй. Монгол Улсын эдийн засаг ч явахгүй, урагшлахгүй. Тог хязгаарлаж, эрчим хүч нь чанаргүй байвал ямар юмных нь эдийн засгийн өсөлт, том бизнес, хөрөнгө оруулалт байх вэ дээ. Үнэ тарифтай холбоотой дорвитой шинэчлэлт хийх ёстой.

Өртөг бууруулахын тулд компаниудын зардлыг бууруулах хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний тарифыг бага байлгаж чадвал энэ салбарт ирж байгаа ачааллыг бууруулж чадна. Үүнийг өргөн хүрээнд хийж зардлыг бууруулах ёстой. Өртгөөс нь бага үнээр борлуулах нь энэ салбарыг алдагдалтай болгож байна. Алдагдалтай байгаа салбар засвар үйлчилгээгээ бүрэн хийх боломжгүй. 

30 хувиар цалин нэмэх боломж одоогийн эрчим хүчний салбар, санхүүгийн тогтолцоонд байхгүй. Байхгүй зүйлийг хэн ч илбэдэж гаргаж чадахгүй. Нийт салбарынхандаа хандаж хэлэхэд, энэ салбараа өндийлгөхийн тулд хамтарч ажиллахыг хүсэж байна" гэлээ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна