Засгийн газар "Рио Тинто"-той хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрийг сөрөг хүчний гишүүд үгүйсгэж, улс төрийн шоу хэмээгээд буй. Тэгвэл энэ асуудалд тайлбар өгөхөөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд З.Мэндсайхан: Няцаалт өгөх ёстой гэж бодсон. Яагаад гэвэл ор үндэслэлгүй зүйлийг сөрөг хүчний гишүүд гаргаж ирж ярьлаа. Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт зээлийн хэлэлцээр болон, менежментийн төлбөрийг бууруулах, Арбитрын шүүхийн асуудал дээр гурван ажлын хэсэг байгуулсан. Менежментын ажлийн хэсгийг Г.Дамдинням сайд ахлаж, миний бие зээлийн хүүгийн хэсгийг ахалсан.
Засгийн газар "Рио Тинто" групптэй урт хугацааны хэлэлцээр хийснээр бодитой үр дүнд хүрсэн. Бодит үр дүнгээ бид гурван хоногийн өмнө Монголын ард түмэнд нээлттэй зарласан. Гүтгээд, хардаж сэрдээд байх юу ч байхгүй.
Сангийн сайдын хийсэн хэлэлцээрийн хүрээнд ямар асуудал шийдсэн бэ гэвэл нэгдүгээрт, хувь нийлүүлэгчдийн зээлсэн мөнгө, зээлсэн төслийн хөрөнгө оруулалтын зээлийн хүү 10.4 байсныг 7.9 болгож буулгасан. 7.9 дотор жишиг хүү буюу сопер багтаж байгаа.
Сопер нь Америкийн төв банкны бодлогын хүүтэй уялдаж явдаг учраас цаашдаа энэ хүү 7.9-өөс доошоо буух боломж бүрдэнэ. Дэлхийн бусад санхүүгийн байгууллагуудаас Оюутолгой төслийн эрсдэлийг үнэлээд олгосон 3.9 тэрбум долларын зээл байгаа. Үүнийг 14 банк болгосон.
Энэ 14 банкны зээлийн хүү өнөөдөр 9.1 хувь байгаа. Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд 7.9 хувь болсон. 6.2 тэрбум долларын хэмнэлтийг хийсэн. Монголд ирэх өгөөжийг 2.5 тэрбум доллар болгосон. Нийтдээ бид зөвхөн зээлийн хүүгийн хэлэлцээрээс 22 их наядын хэмнэлтийг бий болгосон.
Засгийн газрын хэлэлцээрийн хамгийн том амжилт бол долоон жил тутамд хөрөнгө оруулалтын гэрээг эргэж хардаг байсан бол энэ хугацааг гурван жил болгож өөрчилсөн. Ингэснээр дараагийн Засгийн газрууд гурван жил тутамд "Рио Тинто"-гийн хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж гэрээгээ улам сайжруулаад явах эрх зүйн боломжийг нээж өгсөн.
2039 онд Монголчууд ногдол ашиг авахаар байсан. Бид уул уурхайн баялгаа яах гэж гадны компанитай хамтарсан бэ гэвэл Үндсэн хуульд заасны дагуу байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, бүх нийтээрээ буюу Монгол Улсын 3.6 сая иргэн ногдол ашиг авч, өгөөжийг нь хүртэх гэж энэ төслийг эхлүүлсэн.
17 жил энэ төсөл өгөөж хүртээгээгүй явж ирсэн. Үүнийг Н.Учралын Засгийн газар 80 хоногийн хугацаанд маш эрчимтэй хэлцлийг үргэлжлүүлсний үр дүнд бид 2039 онд ирэх байсан ногдол ашгийг 13 жил наашлуулж 2026 онд авахаар боллоо. Монголын ард түмэн байгалийн баялгийнхаа өгөөжийг хүртэх, Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэх боломж гарч ирж байгаа юм.
Бодит үр дүнгүүд гарч ирж байхад үүнийг үгүйсгэж, улс төр хийх гэж гарч ирж ард олны тархийг угааж, толгойг нь эргүүлэх хэрэггүй гэж бид хэвлэлийн хурал хийсэн. Н.Алтанхуяг бол хариуцлагатай байх ёстой хүн. Өөрөө Засгийн газар толгойлж, Сангийн сайдаар ажиллаж байсан. Монголын улс төрд хариуцлагатай ажлуудыг хашиж явсан. Одоо нас ахиад улс төр хийх дуртай болсон бол улс төрөө ингэж зөнөглөж хийж болохгүй. Үнэн гэдэг худлын хооронд байдаг ч гэсэн одоо үнэнг худал гүйцэж чадахгүй болсон.
Яагаад гэвэл Засгийн газар энэ бүхнээ бодитой гаргаж ирж, та бүхэнд бүх зүйлээ танилцуулсан. Үүний ард ямар нэгэн Засгийн газар үүрэг хүлээгээгүй. Өнөөдөр "Рио Тинто" ингэж мэдэгдлээ гэдэг зүйл бидэнд хамаагүй. Энэ баялаг 3.6 сая иргэнтэй Монгол Улсынх. Монгол Улс эд баялгаа яаж эдийн засгийн эргэлтэд оруулах, ямар хувь нийлүүлэгчтэй тохирох нь Монгол Улсын Засгийг газрын эрх. Битгий бусдын өмнөөс гар, хөл нь болж гарч ирээч ээ гэж Ардчилсан намынханд хэлье гэж бодож байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна