Б.Хүрэлбаатар: Benzin.mn сайт маань ашиглагдах шаардлагагүй, шатахууны хомсдолгүй байгаасай гэж хүсэж байна

С.Гандэлгэр
1 цаг 34 минутын өмнө

Шатахууны оочерын асуудлыг шийдвэрлэх зорилгоор "benzin.mn" веб платформыг хөгжүүлэн ашиглалтад оруулсан иргэн Б.Хүрэлбаатартай ярилцлаа. 

- Шатахууны хомсдолтой энэ цаг үед иргэд Benzin.Mn флатформд ихээхэн талархалтай хандаж байна. Эл флатформыг хийх болсон сэдэл нь юу байв ?

Өнгөрсөн долоо хоногт шатахуунд дугаарлаж байгаад хоёр гурван удаа шатахуун авч чадалгүй урдуураа таслуулсан юм. Үүнээс болоод бүтэн өдөр гэр бүлтэйгээ байх цаг хугацаагаа алдсан. Эндээс хэн нэгэн наанаа битгий дугаарлаарай гээд хэлээд өгчихсөн бол, мэдээллээ хуваалцдаг болчихвол илүү амар байна даа гэж бодсон. Тэгээд л үүнийг би энгийн байдлаар шийдэж болох юм байна гэж шийдээд хэд хоног сууж код бичээд Benzin.mn сайтаа нээсэн. 

Өнгөрсөн ням гарагаас сайтыг маань иргэд ашиглаад мэдээллээ солилцоод эхэлсэн байгаа. Шатахууны урт дараалал, шатахуун өгч байгаа эсэх мэдээлэл нь Улаанбаатар хотын газрын зураг дээр харагдаж байвал яг энэ цаг үед иргэдийн цаг хугацааг хэмнэсэн маш үнэ цэнтэй зүйл болчхоод байна. Ганц хүний оролцоо ч бусдад үнэ цэнтэй болж байгаа гэсэн үг. Facebook дээр жолооч нам маань энэ төрлийн мэдээллээ хуваалцаж байгаа ч хаана байгаа нь ойлгомжгүй, тухайн газар нь яг хаана байгаа зэргийг мэдэхэд хүндрэлтэй байдаг учраас энэ флатформ маань дутагдалтай талыг нь нөхнө гэж бодож байна. 

- Цаашид хөгжүүлэлтээ яаж хийнэ гэж төлөвлөж байна ? 

Анх бол хөгжүүлнэ гэж ерөөсөө бодоогүй. Хүмүүст танигдаад эхэлсний дараа цахим сүлжээгээ маш их санал хүсэлт ирж байна. Алдаа дутагдал, ачааллаа даахгүй байна зэрэг олон санал хүсэлт ирсэн. Цаашдаа хөгжүүлээд явна.Бас жолооч нар маань флатформ дээрээ идэвхтэй мэдээллээ хуваалцаж бусдадаа тусалж байгаа нь маш сайхан санагдсан. Жишээ нь шөнийн 01:00 цагийн үед нэг ШТС дээр дугаарлаж байгаа хүмүүс "Энэ ШТС одоо өгөхгүй маргааш өглөө шатахуун өгнө" гээд бичихэд бусад жолооч нар нь тараад явж байх жишээтэй. Ингэж л хүний амьдралын чухал цагийг хэмнэх нь манай флатформын зорилго юм. Бид цаашдаа юу хиймээр байна вэ гэвэл ШТС-уудад камер байдаг бол тэрийг нь манай флатформыг шууд ашиглаад ачааллыг нь харчихдаг байвал илүү төгөлдөржинө. 

- Хувийн ААН-үүд холбогдож, мэдээлэл хуваалцах асуудал ярьсан болов уу ? 

Бид хэд өөрсдөө ч холбогдож амжаагүй байна. Хамтарч ажиллах бол манай флатформ нээлттэй. Тэдгээр чухал мэдээллүүд нь нэгтгэгдчихвэл нэг ч гэсэн иргэний цаг хугацааг хэмнэнэ гэж бодож байна. 

- Салбарын сайд холбогдож, хамтарч ажиллах асуудал ярилцсан гэж ойлгосон ? 

Г.Дамдинням сайд технологийн шийдэл гарсанд баяртай байгаагаа илэрхийлсэн. Цаашид хамтарч ажиллах, төрийн зүгээс мэдээлэл хуваалцах талаар ярилцсан.  Гэхдээ энэ флатформ маань ашиглагдахгүй л байвал сайн шүү дээ. Шатахууны хомсдолгүй, ур оочер, дараалалгүй байгаасай. 

- Ярилцсанд баярлалаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.170
    4 минутын өмнө

    платформ гээч ээ

    Хариулах