Г.Лхагвадорж: Ардын нам ард түмний мөнгийг “ХУСАХ” гэж байна

Х.Есү
1 цаг 19 минутын өмнө

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж:  "Засгийн газраас өргөн барьсан төсвийг “Ерөнхий сайдын есөн шид нь бүрдсэн төсөв” гэж харж байна. Энэ бол товчхондоо 2027 оны сонгуульд бэлдсэн сонгуулийн төсөв. 

Засгийн газар төсвийн зарлагыг 10 их наядаар тэлж оруулж ирсэн. Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын байдлаар төсвийн орлого 2-3 их наяд төгрөгөөр тасарчихсан, 33 их наядын орлого хаанаас орж ирэх нь тодорхойгүй байхад ирэх жил 43 их наядын зарлагатай, 32 хувийн өсөлттэй төсөв оруулж ирсэн нь цэвэр сонгуульд зориулсан үйлдэл. 

Арчдилсан намын зүгээс үнийн өсөлтөд нэрвэгдсэн иргэдийн аж амьдралыг дэмжих бодлого шаардсан. Гэвч төсөв нь иргэдийн халаасыг улам тэмтэрсэн шинжтэй байна. 10 жилийн өмнө нэг кг мах 7300 төгрөг байсан бол өнөөдөр 33 мянган төгрөг болсон байна. 

Өнөөдөр иргэд зах дээрээс махаа бүтнээр нь авч чадахгүй, 200-300 граммаар авч байгаа хүнд нөхцөл байдал үүсээд байна.

“Оюу Толгой” компаниас орж ирэх ёстой гурван их наяд төгрөг бол ард түмний хуримтлалын санд очиж, иргэдийн нэрийн дансанд орох ёстой мөнгө. Гэтэл Засгийн газар “Нийгмийн болон дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх тухай” тусдаа хууль оруулж ирэн, хуримтлалын сангийн гурван их наяд төгрөгийг татаж улсын төсөвт оруулан станц болон дэд бүтэц барихаар төлөвлөж байна. Ардын нам ард түмэндээ гээд байсан гэтэл МАН ард түмнээсээ "Хусах" гэж байна. 

Засгийн газар энэ мөнгөөр зургаадугаар цахилгаан станц барина гэж ярьж байна. Гэтэл тавдугаар цахилгаан станцыг барих шийдвэр анх  1992 онд гарч, 30 жил яригдсан. Өнгөрсөн тавдугаар сард Хотын дарга Х.Нямбаатар шавыг нь тавьсан ч өнөөдөр хэдэн шонгоос өөр зүйл алга. Зургаадугаар станц ярихаасаа өмнө эхлээд тавдугаар станцаа барихыг шаардаж байна. АН төсөв дээр маш хатуу байр суурьтай байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна