УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсөвт тодотгол хийх гэж байна. 1.4 их наядаар 2026 оны төсвийг танана гэсэн. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Нэгдүгээрт, өнгөрсөн онд бид төсөв батлахдаа боловсрал болон эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа цалин хөлсийг улсын дундаж түвшинд хүргэе гэдэг хэлэлцээрийг үйлдвэрчний эвлэл болон төсөвт хийсэн. Гэхдээ төсвөө дутуу баталсан. Дутуу гэдэг нь юу гэж байгаа вэ гэхээр цалингийн маргаан болон шинэ, хуучин цалин гэх асуудал юм.
Үүнийг тавдугаар саын 1-ний өдрөөс шийдсэн. Энд төсөв дутаж байгаа. Багш нарын цалин 50, эмч нарын цалинг 30 хувь нэмсэн. Гэхдээ дахиад нэмэх ёстой байгаа юм. Энэ амлалтандаа хүрч, хамтын гэрээ хэлэлцээрээ биелүүлэх хүлээлт байгаа.
Мөн төрийн бусад салбарын ажилчдын үндсэн цалин 1 сая 200 мянга хавьцаа л байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн цалин хөлсний асуудлыг нэмье гэх асуудлыг ярьж байгаа. Тийм учраас цалингийн хүлээлтүүд байна.
Хоёрдугаарт, том асуудал бол тэтгэврийн асуудал. Бид хаврын чуулганаар нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд суурь тэтгэвэр буюу баталгаат тэтгэвэр гэх концепцыг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, ахмад гэдэг тодотголтой тодорхой хэмжээний тэтгэвэр авч байгаа хүмүүс амжиргааны наад захын хэрэгцээ шаардлага, үнэ ханшийн өсөлт гэх зүйлсээс хамгаалагдах ёстой гэх үүднээс улсын төсвөөс анх удаа тусгайлан суурь тэтгэврийг тавьсан.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шийдэх гэж байна. Гэхдээ үнэ ханшийн өсөлттэй холбоотойгоор энэ ондоо нэмэгдүүлье гэж ахмадууд шаардлага тавьж байгаа. Махыг хэзээ ч 40 мянган төгрөг болно гэж бодоогүй шүү дээ хүмүүс. Дээрээс нь нэмээд түлш, шатахуун, гурил, будаа гэх мэт дээр иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах үүднээс жаахан ч гэсэн нэмэр болъё гэж УИХ-ын ажлын хэсэг хандаж байгаа. Түүнээс биш овойтол нь нэмээд байгаа зүйл байхгүй шүү дээ.
Дунджаар 200 мянга гэж байгаа. Дийлэнх нь 100 гаруй мянган төгрөг авна. 120-130 мянган төгрөг гэдэг чинь үндсэндээ гурван килограмм махны мөнгө. Өвөл ч болох гэж байна. 11-р сар гэдэг чинь хүмүүсийн идшээ бэлддэг цаг. Энэ үед нь нэмээд өгчихвөл гэж бодож байгаа юм. Ахмадууд долоодугаар сард нийгмийн даатгалыг хууль батлагдсан үед нэм гэж шаардлага тавьсан.
Энэ зунжингаа л энд тэнд жагсаал цуглаан, санал шаардлага зохион байгуулж явлаа. Миний хувьд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэг, хоёр сарын өмнө нэмж байгааг зөв гэж харж байна.
Нөгөө талд ямар зардал оруулаад ирсэн бэ гэвэл зарим төсвүүдийг танаж байгаа. Нэг айлаар авч үзэхийн бол хоол хүнс, хүүхдүүд, ахмадуудад хоолны махыг нь таслачихгүй юмсан гэж бодож байгаа.
-Дулааны үнийг нэмэхгүй бол энэ станцууд зогсонги байдалтай боллоо шүү дээ. Иргэдийн цалин тэтгэврийг бага хэмжээгээр нэмбэл инфляци өсч эдийн засаг улам хүндэрнэ гэдэгт та ямар үзэл бодолтой байна вэ?
-Инфляци угаасаа өсчихсөн байгаа. Эргээд харахад бид дандаа л инфляциа гүйцэх арга хэмжээг авч ирсэн. Ямар ч оронд инфляци өндөр байгаа үед орлогыг нь тэнцвэржүүлж байдаг.
-Хэзээ нэмэх талаар төсөвт тусгасан уу?
-Арван нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гэсэн байгаа. Миний хувьд багш, эмч, соёл урлаг, төрийн албан хаагчид бол бидний хүүхдүүдийг сургаж, бидэнд л үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс шүү дээ.
Төрийн захиргааны албан хаагчид ч санал шаардлага тавьсан. Үндсэн цалин нь 1 сая 200 мянган төгрөг. Төрийн захиргаа гэхээр л дандаа дарга нар байдаггүй юм. Яг л ажил нугалж байдаг. Төрийн бодлогыг анхан дунд шатанд хэрэгжүүлж байдаг хүмүүс. Төр өөрөө ажил олгогч, тодорхой хэмжээний төсөв захиран зарцуулж байгаагийн хувьд цалин хөлсийг нь нэмэхгүй бол хувийн хэвшлийн цалингаас хамаагүй дор байгаа шүү дээ.
Би өөрөө цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж ярьдаг хүний хувьд үүнийг тодорхой хэмжээнд нэммээр байгаа юм. Харин төсвийн хэмнэлийг зөв хийх хэрэгтэй. Хэмнэж байна гэх нэрийдлийн дор зарим нэг хөдөө орон нутагт ч юм уу тоног төхөөрөмж гээд нэрлэчихсэн зүйлс нь ажилладаггүй. Иргэдэд үйлчилгээ үзүүлэх гээд сууж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тоног төхөөрөмж авч болохгүй гээд байдаг. Иргэдэд үйлчлэх зүйлийг тана гээд байж болохгүй.
Харин зарим нэг төсөв захирагчдын онц шаардлаггүй, хойшоо тавьж болох зүйлийг энэ чухал үед танах нь зүйтэй. Яагаад гэвэл жингийн туухай дээр тавиад үзэхэд 700 мянган төгрөгөөр нэг ахмад амьдрах гэж байхад энд тэнд нь болсон болоогүй гадаад дотоодын үр ашиггүй томилолтууд байж болохгүй.
Мөн зарим машин байна. УИХ-ын гишүүд ямар ч жолооч болон машин байхгүй болоод л байна шүү дээ. Би өөрөө жолоогоо бариад л хаа нэг хөдөө явах үедээ хүн хөлслөөд явдаг. Хааяа баазаас гуйна. Үнэнийг хэлэхэд том тэрэг ч олддоггүй. Тэгэхээр таньж мэддэг хүнийхээ машиныг гуйгаад л явдаг.
-Та жолоочийн зардлаа хэмнэж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Би хотод өөрөө л болгодог. Хуучин УИХ-ын гишүүд жолоочтой, машинтай, утасны мөнгөтэй. Одоо бол бүх юм байхгүй шүү дээ. Яг энэ үед зарим нэг агентлаг ч гэх юм уу сайд дарга нар бол заавал шинэ машин унана гэмээргүй л байна. Энгийн ард иргэд чинь зүгээр цэвэрхэн эдлэсэн машиныг хэмнэлттэй авч унаад болоод л байна.
Зарим хүмүүс нь цалин орлого багатай. Махаа граммаар нь, килограммаар нь авч байгаа үед зарим хүмүүс нь тэгж авирлаад байж болохгүй л гэж бодож байна.
-Татвар төлөгчдийнхөө мөнгийг хайрлаарай л гэсэн үг үү?
-Яг зөв. Хайрлаарай гэмээр байна. Дээрээс нь нэмээд болж өгвөл ахмадуудад 100 мянган төгрөг нэмээд өгөхөд энэ хүмүүс маань мах, гурил, ногоогоо авна шүү дээ. Үүний цаана бизнес эрхлэгчид орлогогүй байна, эргэлтэд орохгүй болохоор ажлын байр унана гэж байгаа. Яг үнэнийг хэлэхэд, айхтар татвар нэмээд байгаа зүйл байхгүй харин ч бууруулсан шүү дээ.
Зарим зүйл дээр татвар, шатлалыг нь бууруулаад жижиг дунд бизнесүүдийг дэмжиж, нилээн олон зүйл хийгээд байгаа. Энэ болгоныг л болохгүй байна, татвар бүр дийлдэхээ байлаа гэж яриад байна. Монгол Улс зарим талаараа тийм өндөр татвартай улс биш. Саяхан татварыг нэлээд хөнгөлж, дэмжиж өгсөн.
Нөгөө талаараа юуг хувийн хэвшил дэмжих вэ гэхээр барилга барьсан хүмүүсийн байшинг нь борлуулж өгөх гэж байна.
-Ипотекийн 30 хувийг 15 хувь болгоно гэсэн шийд УИХ-аар оруулна гэсэн. Энэ дээр таны байр суурь?
-Ипотекийн санхүүжилтыг банкуудад өгөх гэж байна. Тэгэхээр орон сууц борлуулагдана. Энэ дээр нэг зүйлийг хэлээд байгаа юм. Ипотекийн зээлээр дэмжээд өгөхөд барилгын компаниуд байрны ам.метрийнхээ үнээ өсгөчихдөг. Иргэд 1 мкв-ыг дээд тал нь 4 саяар авах байтал ипотек зээл ороод ирэхэд 5 саяар л ав гэж тулгаж болохгүй. Ипотекийн зээлийн дээд үнийг тогтоож өгөх хэрэгтэй гэж бодож байгаа.
Тэгэхээр иргэн төлөх төлбөр буурахгүй шүү дээ. Нэг талаараа зээлийн үнийг бууруулахад нөгөө талд м.кв-ын үнэ өсөөд байж болохгүй. Энэ хоёрын нийлбэрээр сард төлөх мөнгө орж ирдэг шүү дээ. Төр бодлогоор дэмжиж байгаа үед хувийн хэвшлийнхэн ч бас хариуцлагатай байх хэрэгтэй.
Бид ард иргэд, ахмадууд, бага цалинтай иргэнийхээ цалинг бага хэмжээгээр нэмье гээд байгаа нь ядаж нэг орон сууц авах төлбөрөө болгоосой гэсэн дээ юм. Түрээслээд өмчлөх гэдэг ч юм уу.
Яг оновчтой бодлого нь юу юм бэ? Одоо барилгын компаниудыг дэмжиж байгаа бодлого нь нэг талаараа болчихож байна шүү дээ.
Барилгын компаниудыг тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа нь зөв. Яагаад гэвэл банкны мөнгө түгжчихсэн байгаа.
-Гэхдээ яг оновчтой бодлого мөн үү?
-Нөгөө талдаа иргэд байр авъя гэхээр цалин орлого нь бага байгаад байна. Төрөөс орон сууцжуулъя гээд зээл олгож дэмжих гээд байна. Тэгэхээр компаниуд үнээ битгий хэт өсгөөд бай л гэх гээд байгаа юм. Ингэх юм бол зээл өгөөд ямар хэрэг байх вэ дээ.
Өндөр үнэтэй байрнуудтай компанийн захирлуудыг баяжуулах гэж иргэд татвар төлөгчийн мөнгөнөөс зээл аваад байх албагүй шүү дээ. Зах зээлийн зарчмаар явна биз. Сарын 1,5 байна лээ. Жилийн 18 хувь. Тэгэхээр 6 хувь гэхээр гурав дахин бага хүүтэй. Төр байгаа мөнгөөрөө дэмжээд өгч байгаа биз.
Нөгөө талаасаа ч гэсэн та нэг байрыг 3,5 саяар авах гэсэн 5 сая болчихвол таны ачаалал буурахгүй шүү дээ. Би яагаад үүнийг ярьж байна вэ гэхээр үүний өмнө нь ипотекийн зээлийн хүрээнд банкууд өөрсдөөс нь зээл авсан компаниудын борлогддоггүй байрыг "шахсан" хэрэгт унасан шүү дээ.
Ийм нугалаа битгий хийгээрэй гэж анхааруулж байна. Магадгүй лобби хийж, банкны давуу талаа ашиглаж жирийн ядарсан иргэдийн м.кв нь арай хямд авах байсан боломжийг үгүй хиймээргүй байна. Нөгөө талдаа байгууллагууд тодорхой хэмжээнд ашгаа шингээчихсэн л байгаа шүү дээ.
Барилгын бодит дундаж өртөг м.кв хоёр сая төгрөг хавьцаа байх шиг байна. Заавал дөрөв, таван саяар зарж байхын оронд ядаж 3.5 сая байлга л даа. Иргэдээ яаж байртай болгох вэ гэдэг дээр тал талаасаа хичээе. Компаниуд хоёр ахин нугалсан ашиг хийхээсээ илүү 30 хувийн ашиг хийгээд тогтвортой бизнес хийх, банкны үнэтэй зээлийг иргэдээрээ авахуулж байхын оронд хямд зээл олгоод явъя гэдэг бодлого шүү дээ.
Дараагийн асуудал цахилгааны үнэ байна. Цахилгааны үнэ нэмэгдвэл бүх юмны үнээ нэмэгдэнэ. Иргэд ч гэсэн цахилгаанаа дийлэхгүй шүү дээ.
Станцууд ихэнх нь 30-40 жил болчихсон. Ганц труба дэлбэрэхэд юу боллоо доо. Бүгд металын илжрэлд орчихсон. Үнэ нэмж засвар хийхийн оронд төр яаж байна вэ гэвэл үнэ тарифын татаасаа хийгээд засвар үйлчилгээгээ хий. Тодорхой хэмжээний урсгал зардал засвар үйлчилгээгээ шийд. Гол нь үнэ нэмэхгүй гэдэг хэлцэл л хийж байна гэсэн үг.
-Манай төсвийн хүч хүрэх үү?
-Даалгахаас өөр яах билээ дээ. Өөрсдөө мэд гэчихвэл цахилгаан, дулааны үнийг хоёр дахин нэмбэл яана. Одоо бараг 2-3 дахин нэмж байж өртөг дээрээ очно гээд байгаа. Энэ бодлогоо барьж байгаа. Цаашид яг бодит өртгийг бариулах нь зөв.
Гэхдээ бүгдийг нь төр даагаад байж чадахгүй. Тийм учраас сэргээгдэх эрчим хүч рүү орох хэрэгтэй байна. Ийм учраас би энэ төсвийн тодотголыг зарчмын хувьд дэмжиж байгаа.
Юуг дэмжихгүй вэ гэвэл, цаашдаа төсвийн тодотголыг зөв төлөвлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол төсвийг талаар нэг тараадаг. Нэгдсэн бодлого байдаггүй. Ядаж бүсийнхээ хэмжээнд нэгтгэх хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна