УИХ-ын гишүүн С.Цэнгүүн жилд нэг малчинд “Улсын аварга малчин” цол олгох тухай хуулийн төсөл санаачилжээ. Та бүхэнд хуулийн төслийн бүрэн эхээр нь танилцуулж байна.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь төрийн шагналын төрөл, ангилал, эрэмбэ, олгох шалгуур, хязгаарыг тогтоох, шагнал олгох үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Төрийн шагналын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь төрийн байгууллагаас олгох төрийн шагналтай холбоотой харилцааг зохицуулна.
3.2. Спортын тамирчид, урлаг соёлын салбарын уран бүтээлчид, төрийн тусгай албан хаагчдад олгох цолыг салбарын хууль тогтоомжоор зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “бүтээлд олгох төрийн дээд шагнал” гэж энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2.1-д заасан шагналыг;
4.1.2. “иргэний хүндэт шагнал” гэж энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3.1-д заасан шагналыг;
4.1.3. “найрамдлын дээд шагнал” гэж энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3.1, 5.2.3.2-т заасан шагналыг;
4.1.4. “нөхөн шагнал” гэж энэ хуульд заасан шаардлагыг хангасан боловч эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, эсхүл шийдвэр гарахаас өмнө нэр дэвшигч нас барсны улмаас олгогдоогүй шагналыг холбогдох шийдвэр гарснаас хойш нөхөн олгохыг;
4.1.5. “нэрэмжит шагнал” гэж тухайн салбарын нэрт зүтгэлтний нэрээр нэрлэгдсэн, амжилт, бүтээлийг урамшуулах зорилгоор олгох, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан төрийн шагналд хамаарахгүй шагналыг;
4.1.6. “энхийг сахиулах үйлсийн хүндэт шагнал” гэж энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2.1-д заасан шагналыг;
4.1.7. “хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагнал” гэж энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.1, 5.4.2-т заасан шагналыг;
4.1.8. “мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагнал” гэж энэ хуулийн 5.5.1, 5.5.2-т заасан шагналыг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ШАГНАЛ
5 дугаар зүйл. Төрийн шагналын ангилал, нэр төрөл, эрэмбэ
5.1. Төрийн шагналыг доор дурдсанаар ангилна:
5.1.1.Төрийн дээд шагнал; 5.1.2.Төрийн хүндэт шагнал; 5.1.3.Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагнал; 5.1.4.Мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагнал;
5.2. Төрийн дээд шагнал нь дараах нэр, төрөлтэй байна:
5.2.1. Төрийн эрхэм дээд шагнал:
5.2.1.1.Чингис хаан одон; 5.2.1.2.Улсын баатар одон;
5.2.2. Бүтээлд олгох төрийн дээд шагнал:
5.2.2.1. Төрийн соёрхол тэмдэг;
5.2.3. Найрамдлын дээд шагнал:
5.2.3.1.Алтан гэрэгэ; 5.2.3.2.Мөнгөн гэрэгэ;
5.3. Төрийн хүндэт шагнал нь дараах нэр, төрөлтэй байна:
5.3.1. Энхийг сахиулах үйлсийн хүндэт шагнал:
5.3.1.1. Энхийн төлөө тэмдэг;
5.3.2. Иргэний хүндэт шагнал:
5.3.2.1. Эр зоригийн тэмдэг;
5.4. Хүн амыг өсгөх бодлогын хүрээнд олгох шагнал:
5.4.1.Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон; 5.4.2.Эхийн алдар хоёрдугаар зэргийн одон.
5.5. Мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагнал:
5.5.1.Улсын аварга малчин; 5.5.2.Аймгийн аварга малчин;
5.6. Төрийн эрхэм дээд шагнал нь төрийн хүндэт шагналын дээр эрэмбэлэгдэх бөгөөд энэ зүйлийн 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.3.1, 5.3.2, 5.4, 5.5 -д заасан шагналууд нь тухайн хэсэгт заасан дарааллын дагуу хэсэг дотроо эрэмбэлэгдэнэ.
6 дугаар зүйл. Төрийн шагналд нэр дэвшигчид тавигдах шаардлага
6.1. Төрийн эрхэм дээд шагналд дараах салбар, чиглэлээр улс орны хөгжил , үндэсний ашиг сонирхолд онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг нэр дэвшүүлнэ:
6.1.1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орныг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад онцгой гавьяа байгуулсан;
6.1.2. Монголын ард түмний төрт ёс, түүх, соёлын уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг олон улсад сурталчлан таниулах үйлсэд онцгой гавьяа байгуулсан;
6.1.3. Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, оюуны хөгжлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан;
Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд онцгой гавьяа байгуулсан;
6.1.5. Соёл, урлаг, спортын салбарт Монгол Улсын нэр хүндийг олон улсад алдаршуулж, дэлхийн хэмжээний наадам, тэмцээн, уралдаанд онцгой амжилт гаргасан;
6.1.6. Бүтээлд олгох төрийн дээд шагналд нэр дэвшигчийн бүтээл нь урлаг, утга зохиол, танин мэдэхүйн оюуны онцгой, шилдэг бүтээл, туурвил байх, эсхүл анхдагч шинэ техник, технологийг бий болгосон, нэвтрүүлсэн байх;
6.1.7. Найрамдлын дээд шагналд нэр дэвшигч нь Монгол Улс гадаад улстай тогтоосон найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын иргэн эсхүл гадаад улсын иргэн байх;
6.2. Энхийг сахиулах үйлсийн хүндэт шагналд Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэсэн цэрэг, цагдаагийн алба хаагч, эсхүл энхийг сахиулах, хүмүүнлэгийн чиглэлээр амжилт гаргасан иргэн байх;
6.3. Иргэний хүндэт шагналд гамшиг, аюулт үзэгдэл, осол болон давагдашгүй хүчин зүйлийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд эр зориг гарган оролцож, онцгой гавьяа байгуулсан иргэн байх;
6.4. Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагналд нэр дэвшигч нь холбогдох хуульд заасан шалгуурыг хангасан байх;
6.5. Мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагналд нэр дэвшигч нь малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашигласан, малын тоо толгойн албан татвар төлсөн, малын чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан, тогтвортой, ухаалаг мал аж ахуй эрхлэх замаар эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчин байна.
7 дугаар зүйл. Төрийн шагналаар шагнахад баримтлах зарчим
7.1. Төрийн шагналаар шагнах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
7.1.1. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш байх;
7.1.2. Байгуулсан гавьяа зүтгэл, гаргасан амжилт, бүтээлийн шинж чанарт шагналын төрөл нь нийцсэн байх;
7.1.3. Шагналын ангилал, эрэмбийн дагуу өгсөх дарааллаар олгох;
7.1.4. Нэг төрлийн шагналаар нэг хүнийг дахин шагнахгүй байх;
7.1.5. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нөхөн шагнахгүй байх;
7.2. Дэлхийн болон олон улсын хэмжээний уралдаан, тэмцээн, наадамд оролцож, нийтээр хүлээн зөвшөөрөхүйц онцгой амжилт гаргасан нь нийтэд илэрхий үйл баримт бол энэ хуулийн 7.1.3-т заасан дарааллыг баримтлахгүй байж болно.
8 дугаар зүйл. Төрийн шагналаар шагнах тоо, хэмжээ, хязгаар
8.1. Төрийн шагналыг дор дурдсан тоо, хязгаарын дотор олгоно:
8.1.1. Төрийн эрхэм дээд шагналын тоо, хязгаар:
8.1.1.1. Чингис хаан одонг 5 жилд нэг удаа, 1 хүртэл иргэнд; 8.1.1.2. Улсын баатар одонг 3 жилд нэг удаа, 1 хүртэл иргэнд;
8.1.2. Бүтээлд олгох төрийн дээд шагналын тоо, хязгаар:
8.1.2.1. Төрийн соёрхол тэмдгийг 2 жилд нэг удаа, 1 хүртэл бүтээлд;
8.1.3. Найрамдлын дээд шагналыг олгох тоо, хязгаар:
8.1.3.1. Алтан гэрэгэг 3 жилд нэг удаа, 1 хүртэл иргэнд; 8.1.3.2. Мөнгөн гэрэгэг жилд нэг удаа, 1 хүртэл иргэнд;
8.1.4. Энхийг сахиулах үйлсийн хүндэт шагналыг олгох тоо, хязгаар
8.1.4.1. Энхийн төлөө тэмдгийг жилд 3 хүртэл иргэнд;
8.1.5. Иргэний хүндэт шагналыг олгох тоо, хязгаар:
8.1.5.1. Эр зоригийн тэмдгийг жилд 5 хүртэл иргэнд;
8.1.6. Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагналын тоо, хязгаар:
8.1.6.1. Эхийн алдар нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одонг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасан шаардлагыг хангасан эхэд;
8.1.7. Мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагналын тоо, хязгаар:
8.1.7.1. Улсын аварга малчин тэмдгийг жилд 1 хүртэл иргэнд; 8.1.7.2. Аймгийн аварга малчин тэмдгийг аймаг тус бүрээс жилд 1 хүртэл иргэнд;
8.2. Шагнал олгох хугацаанд тухайн шагналд тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигч байхгүй тохиолдолд уг шагналыг олгохгүй байж болно.
9 дүгээр зүйл. Төрийн шагналыг дагалдах мөнгөн урамшуулал
9.1. Төрийн шагналаар шагнагдсан иргэнд шагналын эрэмбийг харгалзан нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно.
9.2. Төрийн шагналыг дагалдах мөнгөн урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан Засгийн газар гурван жил тутамд шинэчлэн тогтооно.
9.3. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө төрийн шагналаар шагнагдсан иргэнд энэ зүйлд заасан мөнгөн урамшууллыг нөхөн олгохгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
10 дугаар зүйл. Иргэний эрх, үүрэг
10.1. Төрийн шагналд нэр дэвшигч болон шагнагдсан иргэн дараах үүргийг хүлээнэ:
10.1.1. Төрийн шагналыг эрхэмлэн дээдэлж, одон, тэмдэг, үнэмлэхийг үрэгдүүлэх, гэмтээхээс сэргийлж, батлагдсан журмын дагуу зүүх, хадгалах;
10.1.2. Төрийн шагналд нэр дэвшихдээ үнэн зөв баримт бичиг, мэдээлэл гаргаж өгөх;
10.2. Төрийн шагналд нэр дэвшигч болон шагнагдсан иргэн шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох явцад, эсхүл шагнагдсаны дараа өөрийн хүсэлтээр шагналаас татгалзах эрхтэй.
10.3. Төрийн шагналаас татгалзсан тохиолдолд нэр дэвшигчийн хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал олгосон шийдвэрийг хүчингүй болгоно.
10.4. Төрийн шагналаас татгалзсан нь тухайн этгээдийг уг шагналд дахин нэр дэвшүүлэх, тодорхойлох, шагнал олгохоос татгалзах үндэслэл болно.
11 дүгээр зүйл. Төрийн шагналыг зүүх, хадгалах
11.1. Төрийн шагналыг зүүх, хадгалах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
11.2. Төрийн шагналын одон, тэмдэг, үнэмлэхийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд холбогдох зардлыг төлж, нөхөн авч болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН ШАГНАЛААР ШАГНАХ
12 дугаар зүйл. Төрийн шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох, нэр дэвшигчийг уламжлах, өргөн мэдүүлэх
12.1. Төрийн шагналд Монгол Улсын иргэн өөрийгөө болон бусад иргэнийг, хуулийн этгээд нь иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй.
12.2. Төрийн шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг дор дурдсан байгууллагад гаргана:
12.2.1. Төрийн дээд шагналд нэр дэвших хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт;
12.2.2. Энхийг сахиулах үйлсийн хүндэт шагналд нэр дэвших хүсэлтийг харъяалах салбарын төрийн захиргааны төв байгууллагад;
12.2.3. Мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагнал, Иргэний хүндэт шагнал болон хүн амыг өсгөх бодлогын хүрээнд олгох шагналд нэр дэвших хүсэлтийг харъяаллын дагуу аймаг, нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт;
12.3. Төрийн шагналд нэр дэвшигч нь бүрдүүлбэрээ цахимаар хүргүүлж болно.
12.4. Төрийн шагналд нэр дэвшүүлэхтэй холбоотой харилцааг дор дурдсанаар зохицуулна:
12.4.1. Энэ зүйлийн 12.2.2, 12.2.3-т заасан байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан нэр дэвшигчийг тодорхойлон, өмнө нь шагнагдаж байсан эсэх талаарх лавлагааг хавсарган тамга, гарын үсгээр баталгаажуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүргүүлнэ.
12.4.2. Нэр дэвшигчийн бүрдүүлбэр шаардлага хангаагүй тохиолдолд энэ зүйлийн 12.2.1, 12.2.2, 12.2.3-т заасан байгууллага 30 хоногийн дотор нэр дэвшигчид энэ тухай мэдэгдэнэ.
12.4.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар бүрдүүлбэрийг хянаж, сонгон шалгаруулалт зохион байгуулан, энэ хуульд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчийг төрийн шагналаар шагнуулахаар санал боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид зарлигийн төслийг өргөн мэдүүлнэ.
12.5. Нэр дэвшигчийн бүрдүүлбэрт дараах баримт бичгийг хавсаргана:
12.5.1. Нэр дэвшүүлж буй шагналын нэрийг тусгасан хүсэлт;
12.5.2. Нэр дэвшигчийн овог, нэр, регистрийн дугаар, боловсрол, мэргэжил, ажилласан байгууллага, эрхэлж байсан болон эрхэлж буй албан тушаал, нэр дэвшүүлж буй шагналын нэр, шагнуулах үндэслэл, гаргасан амжилт, туурвисан бүтээлийн жагсаалтыг тусгасан танилцуулга;
12.5.3. Амжилт, бүтээлийг нотолсон баримт бичиг, тодорхойлолт;
12.6. Бүрдүүлбэр хангасан боловч төрийн шагналаар шагнагдаагүй нэр дэвшигч нь нэр дэвшсэнээс хойш 1 жилийн дараа амжилтаа ахиулж, бүрдүүлбэрээ шинэчлэн дахин нэр дэвшиж болно.
13 дугаар зүйл. Төрийн шагналаар шагнах
13.1. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн шагналаар шагнах тухай зарлиг гаргана.
13.2. Төрийн шагналыг дор дурдсан этгээд гардуулна:
13.2.1. Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч эсхүл түүний даалгавраар Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
13.2.2. Төрийн хүндэт шагнал, Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагнал, Мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч эсхүл түүний даалгавраар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга;
13.2.3. Гадаад улсад суугаа Монгол Улсын болон гадаадын иргэний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар тухайн улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд;
13.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар төрийн шагнал гардуулсан эрх бүхий этгээд нь шагнал гардуулсан тухай тэмдэглэл үйлдэж, шагнал гардуулснаас хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлнэ.
13.4. Төрийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 30 хоногийн дотор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан өдөр ёслол төгөлдөр гардуулна.
13.5. Төрийн шагналд нэр дэвшигч шагнал олгох тухай шийдвэр гарсан боловч шагналыг гардуулахаас өмнө нас барсан бол энэ хуульд заасны дагуу нөхөн шагнаж, шагналыг түүний өв залгамжлагчид дурсгал болгон гардуулна.
13.6. Энэ хуульд заасан шаардлагыг хангасан нас барсан иргэнийг нөхөн шагналаар шагнаж болно. Энэ тохиолдолд шагналыг өв залгамжлагчид гардуулна.
13.7. Энэ зүйлийн 13.5, 13.6-д зааснаар нөхөн шагнал олгох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ШАГНАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САН, ИЛ ТОД БАЙДАЛ
14 дүгээр зүйл. Төрийн шагналын мэдээллийн сан
14.1. Төрийн шагналын нэгдсэн бүртгэл хөтлөх, шагнагдсан этгээдийн мэдээллийн санг бүрдүүлэх, хадгалах үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцан хэрэгжүүлнэ.
14.2. Төрийн шагналын мэдээллийн санд байгаа баримт бичгийг 3 жил тутамд Үндэсний төв архивт шилжүүлнэ.
14.3. Төрийн шагналын мэдээллийн санг хөтлөх, ашиглах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга батална.
14.4. Шагнагдсан этгээдийн мэдээллийг Төрийн шагналын мэдээллийн санд байршуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан иргэн шагналтай холбоотой лавлагаа, тодорхойлолт авах нөхцлийг бүрдүүлсэн байна.
15 дугаар зүйл. Төрийн шагналын нээлттэй, ил тод байдал
15.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар төрийн шагналын талаарх мэдээллийг төрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд ил тод, нээлттэй байршуулна.
15.2. Төрийн шагналын мэдээллийн санд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан мэдээллийг дор дурдсанаар ангилж, байршуулна:
15.2.1. Шагнагдсан иргэний мэдээлэл нь шагналын төрөл, шагнал олгосон огноо, харъяалал, салбар, хүйс, төрсөн огноо, нэрийн үсгийн дараалал;
15.2.2. Бүрдүүлбэр хангасан болон хангаагүй нэр дэвшигчийн мэдээлэл, нэр дэвшиж буй шагнал, нэр дэвшсэн огноо, харъяалал, салбар, хүйс, төрсөн огноо, нэрийн үсгийн дараалал;
Төрийн шагналд нэр дэвшигчийн мэдээллийг төрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан шагнал олгохоос гучаас /30/ доошгүй хоногийн өмнө ил тод, нээлттэй байршуулна.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ШАГНАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ЗАГВАР
16 дугаар зүйл. Төрийн шагналын загвар, дугаарлалт, үйлдвэрлэл
16.1. Төрийн шагналын одон, тэмдэг, үнэмлэхний загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар батална.
16.2. Төрийн шагналын одон, тэмдэг, үнэмлэх нь олгосон он, шагналын төрлийг илэрхийлсэн давтагдахгүй дараалсан дугаартай байна.
16.3. Төрийн шагналыг дотоодын аж ахуйн нэгж, байгууллагаар гэрээний үндсэн дээр үйлдвэрлүүлнэ.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ШАГНАЛ БОЛОН БУСАД
17 дугаар зүйл. Төрийн байгууллагын шагнал
17.1. Төрийн байгууллага зөвхөн өөрийн албан хаагч, ажилтныг урамшуулах зорилгоор байгууллагын шагналтай байж болно.
17.2. Төрийн байгууллага нь шагналын нэгдсэн бүртгэл хөтөлж, байгууллагын шагналд нэр дэвшигч болон байгууллагын шагналаар шагнагдсан албан хаагчийн энэ хуулийн 12 дугаар зүйлд заасантай адил мэдээллийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан ангиллын дагуу байгууллагын цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулна.
18 дугаар зүйл. Төрийн шагналтай холбоотой хориглох зүйл
18.1. Иргэн, хуулийн этгээд энэ хуульд заасан төрийн шагналтай ижил нэр, агуулга, загвар бүхий шагналыг бий болгохыг хориглоно.
18.2. Төрийн шагналаар хуулийн этгээд, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шагнахыг хориглоно.
18.3. Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан төрийн шагналын тоо хэмжээг хэтрүүлэн олгохыг хориглоно.
18.4. Төрийн байгууллагын шагналаар тухайн байгууллагад ажилладаггүй этгээдийг шагнахыг хориглоно.
18.5. Төрийн байгууллага, албан тушаалтан нэрэмжит шагнал бий болгохыг хориглоно.
18.6. Төрийн байгууллага энэ хуульд зааснаас өөрөөр төрийн шагнал бий болгож, олгохыг хориглоно.
19 дүгээр зүйл. Хариуцлага
19.1. Төрийн шагналын одон, тэмдэг, үнэмлэхийг хууль бусаар, хуурамчаар үйлдвэрлэсэн эсхүл иргэн хуулийн этгээдийг шагнахаар худалдсан, худалдан авсан, шагнасан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.2. Хуурамч баримт бичиг бүрдүүлж төрийн шагналаар шагнагдсан бол шагнал олгосон шийдвэрийг хүчингүй болгож, одон , тэмдэг, үнэмлэхийг хураан авч, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.3. Энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй этгээдийг төрийн шагналаар шагнасан бол шагнал олгосон шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.4. Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
20.1. Энэ хуулийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.107
төрийн одон медиалыг намууд орон нутагаар явахдаа сонгуулын шоовуу хийж тараадаг үүнийг болиулах хэрэгтэй шагнал дээр нас хөдөлмөрлөсөн хугцаа байх хэрэгтэй гэж харж байна юу хийсэн нь мэдэгдэхгүй залуучууд алтан гадас хөдөлмөрийн хүндэт зүүсэн их харагдаж байна залуучууд намууд сайн ажилсан гэж өгдөг юм шиг
Хариулах