Засгийн газар Г.Занданшатар Ерөнхий сайдын үед эмч, багш нарын цалинг огцом нэмснийхээ хүчээр л насаа дөрвөн сараар уртасгасан билээ. 2026 оны төсвийн хэлэлцүүлэг, Ерөнхий сайдыг огцруулах асуудал зэрэгцэж, улс төр халж байсан тэр өдрүүдэд УИХ нэг том алдаа хийсэн нь, эх үүсвэрээ олоогүй байж эмч, багш нарын цалинг нэмэхээр улсын төсөвт тусгасан явдал байв.
Энэ бантанг зуурсан Г.Занданшатар дөрөвдүгээр сард нь огцорч, алдааг нь засах үүрэг Н.Учралд ногдсон юм. Тэгвэл энэ даалгаврыг гүйцэтгэхэд нь Н.Учралд Ардчилсан нам гэсэн саад гарч ирээд байгаа билээ. АН бол Н.Учралын төсөв тодотгох замд тохиож буй хоёр дахь саад юм.
Эхнийх нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар байв. Н.Учрал дөрөвдүгээр сарын эхээр ХКН-ын удирдлагудтай уулзаж ирээд Г.Занданшатарын Засгийн газрыг унагаж, Ерөнхий сайдын ажлыг авсан. Тодотголыг ихэвчлэн тавдугаар сард тодотгодог гэж тооцвол Н.Учралд үндсэндээ сар гаруйн хугацаа л байсан.
Өөрөөр хэлбэл, энэ богино хугацаанд эмч, багш нарын цалин нэмэх мөнгийг олох даалгавар тулгарсан бөгөөд тэрбээр энэ даалгаврыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг өөрчилж, Нийслэл дээр бий болгоод байсан санхүүгийн боломж бололцоог нь улсын төсөв рүү шилжүүлэх замаар гүйцэлдүүлсэн.
Нийслэлийн дансанд байсан 2.6 их наяд төгрөг үндсэндээ төсвийн алдагдлыг нөхөх гол эх үүсвэр болсон. Одоо энэ бүхэн бодитой, Ерөнхий сайд өөрөө Төсвийн тодотгол дээрээ зөвхөн орон нутгийн төсвийн урьд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон төсвийн алдагдлын дүнг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх заалт оруулаад ирчихсэн учраас энэ тал дээр маргаан гарахгүй байх.
Ерөнхий сайд үндсэндээ Дөрвөн сар үзэлцэж байж төсөв тодотгох эх үүсвэрээ олсон гэсэн үг. Гэтэл Ардчилсан нам гэсэн бас нэг саад гараад ирлээ.
Ардчилсан намын тавьж байгаа шаардлага нь үндсэндээ 2026 оны төсвийн тодотгол гэхээсээ 2027 оны төсвийн төсөлтэй холбоотой юм. Засгийн газрын боловсруулсан 2027 оны улсын төсөв нь өнгөрсөн жилийнхээс 9.6 их наяд төгрөгөөр тэлсэн бөгөөд тэлэлтийн 70 гаруй хувийг зөвхөн урсгал зардал буюу цаашид жил бүр төсөвт сууж явах цалин тэтгэвэр нэмэхэд зарцуулахаар тусгасан.
Цалин, тэтгэвэр нэмсэн Ерөнхий сайд, улс төрийн нам сайн, нэмэхийг эсэргүүцэж байгаа улстөрч, улс төрийн нам муу гэдэг ойлголт бол өөрөө маш өрөөсгөл.
Баялгаасаа орж ирэх хувь хишгээр ирээдүйд орлогоо нэмж, өсөлтөө хангах юм хийхийн оронд ачаа нэмнэ гэдэг тийм ухаалаг үйлдэл угаасаа биш.
Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл аль, аль нь ирэх жилүүдэд орлого орж ирэх нь баталгаа муутай, эрсдэлтэй шүү гэсэн дүгнэлт өгсөн байгааг ч энд дурдах нь зүйтэй байх.
Тэгэхээр, яг бодлого ярьж, “Бодлого чинь болохгүй байна” гэж асуудал тавьж байгаа Ардчилсан намыг аргалахын тулд Н.Учрал буулт хийж, төсвөө засаж сайжруулах уу, “Ард түмний цалинг нэмэх гэсэн чинь нэмүүлэхгүй байна” гэдэг муйхар пи-араа хийсээр дуусах уу гэдгийг харах л үлдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна