Н.Алтаншагай: "30:38" гэх хуваагдлыг эвлэрүүлэхгүй байх,улам талцуулах гэсэн нэг үл үзэгдэгч гар байна

Т.Отгонсувд
Өчигдөр 09 цаг 21 минут

МАН-ын бүлгийн гишүүд 30:38 хэмээн хуваагдан жилийн нүүрийг үзээд байна. Улмаар намын их хурлаа зарлаж, МАН-ын даргаар Н.Учралыг сонгосноор намын хагарал байхгүй болсон хэмээн гишүүдийн зүгээс мэдэгдэж байсан. 

Гэвч Ерөнхий сайд Н.Учралын өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх чуулганы хуралдаанд 30-ын тал гэгддэг гишүүд суухгүй чуулганы ирц хүрээгүй тул хуралдаж чадалгүй долоо хоносон. 

Тэгвэл өчигдөр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын 20 гаруй гишүүн Ерөнхий сайд Н.Учралтай уулзсан. 

Уулзалтаар зөвшилцөлд хүрэх гомдсон, гомдоосон талууд уулзаж уучлалт гуйхаар болсон. 

Уулзалтын талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгаас тодрууллаа. 

Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа Л.Энх-Амгалан сайд болон эмэгтэй гишүүдтэй холбоотой асуудлуудыг уулзалтаар ярилцсан. Л.Энх-Амгалан сайд өөрөө хэвлэлд мэдээлэл хийх байх. Тухайн мэдээлэлд залруулга гарга гэсэн хүрээнд л ярилаа.

Нийгэмд эмэгтэй гишүүд болон жагсаалтаар сонгогдсон гишүүдийг буруугаар ойлгуулахгүй байх шаардлага л тавьсан. Түүнээс биш хэн нэгэн сайдыг огцруулах, Ерөнхий сайдыг солих, Засгийн газартай холбоотой ямар ч асуудлыг МАН хөндөөгүй, цаашид ч хөндөхгүй.

Ерөнхий сайд бөгөөд намын даргын хувьд эв нэгдлийг хангах үүрэгтэй хамгийн том албан тушаалтан тул эвийг эрхэмлэх, энэ үл ойлголцлыг яаралтай арилгах чиглэлээр санал солилцлоо. Л.Энх-Амгалан сайдын хувьд хуулийн байгууллагын процессыг харж, шалгуулна гэж байгаа бол эмэгтэй гишүүдийн зүгээс Хяналтын хороо, Ёс зүйн хороондоо яаралтай шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Сөрөг хүчин болох АН-ын гишүүд өнөөдөр байнгын хорооны хуралдаанд суусангүй.

Өмнө жилээс яригдаж эхэлсэн "30, 38" гэх хуваагдлыг эвлэрүүлэхгүй байх, дунд нь улам талцуулах гэсэн нэг үл үзэгдэгч байна гэж улс төрчийн хувьд хардаж байгаа.

Энэ нь нам дотор ч, гадна ч байж болно. Жил хүрэхгүй хугацааны өмнө МАН-ын 31 дүгээр Их хурал болж, намын удирдлагуудаа сонгосон. Миний хувьд намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчим дээр хатуу итгэл үнэмшилтэй байсан, тэр шаардлагаа ч тавьж ирсэн. Одоо МАН-д ухарч няцах зүйл байхгүй. Намын дарга бөгөөд Ерөнхий сайдыг 2027, 2028 оны маш том сонгуулиуд хүлээж байна. Мөн төсвийн тодотгол, 2027 оны төсвийн асуудлууд хэлэлцэгдэж байгаа энэ үед үүн дээрээ төвлөрч, маш нухацтай ажиллая гэсэн шийдэлд хүрсэн. 

МАН-д хоёр хуваагдчихаад нэг тал нь огцруулах гээд, нөгөө нь огцрохгүй гээд байгаа хагарал бутрал ерөөсөө байхгүй, цаашид ч гарахгүй гэдгээ бүгд илэрхийлсэн. Ямар нэг ойлголтын зөрүү байсныг ойлголцолд хүргэлээ гэж ойлгож байна" гэв. 

Ямартай ч МАН-ын гишүүд уулзаж Засгийн газрын тогтвортой байдал дээр санал нэгдсэн ч бүр мөсөн эвлэрээгүй бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 30-н талаас Л.Энх-Амгалан сайдыг огцруулах шаардлага тавьсан байна. Харин Л.Энх-Амгалан төсөвтэй холбоотой хуулийн байгууллагад хандсан. Тэндээс ямар нэгэн зөрчил алдаа илэрвэл хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    19 цагийн өмнө

    BALAI PISDAA YUM BISHUU ENE ETGEED

    Хариулах