Б.Найдалаа: Аукцион бол Монгол Улсын эрх ашиг. Хүмүүс шүүмжилж, гацаахыг оролдож байгаа ч бид зогсохгүй

Х.Есү
1 цаг 53 минутын өмнө

Говийн бүсэд цахилгааныг 99.5 хувийн найдваржилттайгаар, тогтвортой нийлүүлэх тогтворжуулах шийдлүүд бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүртэй төсөл хэрэгжүүлэх “Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч”-ийг аукционоор сонгон шалгарууллаа. 

Аукционд оролцохоор 10 компани саналаа илэрхийлснээс хоёр нь шаардлага ханган, өрсөлдөв.

Оюу толгой төсөл 2013 оноос өнөөдрийг хүртэл цахилгаан эрчим хүчээ 100 хувь Хятадаас авч байна. Жилд 140 сая доллар буюу өнгөрсөн 14 жилд Монгол Улс 1.9 тэрбум орчим долларыг гадагш урсгасан гэсэн үг. Тэгвэл өчигдөр Оюутолгойн хэрэглэдэг эрчим хүчний 70 хувийг дотоодоосоо хангах эрчим хүчний станцын бүтээн байгуулалтын дуудлага худалдаа боллоо.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: “Өнөөдөр Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, нээлттэй аукционыг цуврал байдлаар багцлаад зарлаж байгаа. Эхнийх нь тавдугаар сард зарласан аукцион буюу таван аймгийн байршилд амжилттай болсон. Дараагийнх нь говийн бүсэд хоёр багц байгаа. Нэг нь Дундговь аймагт салхины 100мвт хүчин чадалтай станцын аукцион удахгүй явагдана.

Харин өнөөдөр говийн багцын хоёр дахь багц буюу төвийн эрчим хүчний системдээ шинэ эх үүсвэр нэмж байгаа аукционыг хийж байгаа.

Монгол Улс эрчим хүчний хараат бус байдлыг сонгохын тулд тендер биш нээлттэй аукционыг үнээр нь өрсөлдүүлж, эрхийг нь өгч шинэ эх үүсвэртэй болох явдал юм. Ингэснээр бид маргаангүй цаг хугацаа алдахгүйгээр хоёрхон жилийн дотор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бариад Оюутолгойн хэрэгцээг хангах боломжтой.

Гэхдээ зөвхөн Оюутолгой гэж ярихгүй. Цаашдаа бид иймэрхүү томоохон уул уурхайн төслүүдийг гаднаас импортлох биш өөрсдөө эх үүсвэрээ бариад Монголын эрчим хүчний системээс хангадаг болох ёстой юм. Энэ бол эрчим хүчний хараат бус байдлын гол эн тэргүүний зорилго.

Аукционы талаар зарим иргэд буруу ойлголттой байх шиг байна лээ. Энэ бол үнэ хаялцана гэсэн үг. Энэ бол төсвөөс, төрөөс нэг ч төгрөг гарахгүй. Бүгдийг хувийн хэвшил хийнэ. Өөрсдөө хөрөнгө оруулна. Түүнийгээ их оруулна уу, бага оруулна уу, зардлаа их гарган уу тэд нарын л асуудал. Хамгийн чухал нь Монгол Улсын эрчим хүчний системд хэдэн төгрөгөөр цахилгаанаа нийлүүлж худалдах вэ гэдгийг л тогтоож байна.

Одоо хэрэглэгчийн дундаж тариф 280 төгрөг байгаа. Үүнийг яг энэ үнийн дүнгээр нь өгөх үү, багаар өгөх үү гэдэг дээр үнэ хаялцуулж байна гэсэн үг. Хамгийн бага үнэ өгснийг нь л авна. Тэгж байж дундаж өртөг буурна.

Өнгөрсөн аукционы үеэр 4,85 цент хүрсэн. Энэ бол Монгол Улсын түүхэнд маш бага тоо. Аукционы ачаар үнэ буурч байгаа юм. Бид бага үнээр сэргээгдэх эрчим хүч худалдаж аваад эргээд томоохон хэрэглэгчдэд өндөр үнээр зарна. Ингэснээр цахилгааны үнэ тарифыг бууруулах нөхцөл бүрдэнэ.

Бид яг одооогийнх шигээ 100 хувь гаднаас оюутолгойг хангаад явж болно. Гэхдээ бид үүнийг өөрчлөх ёстой. Тиймээс аукционыг маш богино хугацаанд зарлаад хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлээд 2029 он гэхэд өөрийн эрчим хүчний системээс Оюутолгойг хангах. Мөн тодорхой хэмжээний найдвартай байдлыг хангахын тулд импортын оролцоо зэрэгцэн ажиллах хэрэгтэй. Хүмүүс сэргээгдэх эрчим хүч бүтэхгүй нүүрсний станцаа барь гэдэг. Бид нүүрсний станцыг 99.5 хувийн найдваржилттайгаар барина гэвэл өртөг зардал маш их. Мөн хөрөнгө оруулагч олдохгүй маш хэцүү. Бид одоо тэтгэврээ яаж нэмэх вэ гэж ярьж байж төсвөөс их хэмжээний өр тавих нь бодлогын хувьд буруу. Одоогийн сэргээгдэх эрчим хүч бол төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй гэдгийг дахин хэлье.

Оюутолгой эрчим хүчний асуудал дээр Хятадаас 100 хувь хараат байдаг. Тэд ч мөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг. Тийм байхад Монголд яагаад үүнийг хийж болохгүй гэж. Тэгэхээр энэ аль ч талаасаа бодсон аукцион бол Монгол Улсын эрх ашиг юм. Тийм болохоор хүмүүс юу гэж ч шүүмжилж дайрч болно. Гацаахыг оролдож болно. Гэхдээ бид гацахгүй явдгаараа явж Монгол Улс урагшилна” гэв.

 

ЭХЯ-ны Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхтүвшин: “Энэ удаагийн аукционы онцлог бол өмнийн говийн стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн томоохон хэрэглэгчид бол цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ импортоор хангаж ирсэн. 13-14 жилийн хугацаанд импортын өндөр өртөгтэй цахилгаан эрчим хүчийг авч ирсэн. Үүн дээр чамгүй өндөр дүнтэй валют гадагшаа урсаж байгаа. Валютын урсгалыг дотооддоо үлдээх зорилгоор энэ удаагийн аукционыг зохион байгуулж байгаа юм. Аукцион маань эх үүсвэрийн хувьд сэргээгдэх эрчим хүч болон тодорхой хэрэглэгчийн шаардлагыг хангасан 99.5 хувийн найдваржилт бүхий тогтвортой эх үүсвэртэй хосолсон эрчим хүчний үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулах юм. Дуудлага худалдаагаар үнэ 9.7-с 7.9 ам.цент/кВТ•ц болж буурсан. Үүний зөрүүгээр Монгол Улсын эрчим хүчний системд тодорхой хэмжээний орлого орж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах байх гэж бодож байна.

Анх сонирхол илэрхийлсэн 10 компани байсан. Найман компани материал өгөөд түүнээс шаардлага хангасан хоёр компани орж ирсэн байна. Аукционы төсөлд ялсан дотоодын компаниуд бол төсөл хийх чадвартай, чансаатай компаниуд. Бүх зүйл нээлттэй явагдсан” гэв.

 

"М Си Эс Интернэйшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү: “Манай компани энэхүү аукционд салхины 170мвт, нарны 100мвт чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ барина. Үндэсний компаниуд энэхүү аукционд ялсанд баяртай байна.

Шаардлага нь маш өндөр байсан. Сэргээгдэх эрчим хүч болоод бие даасан эрчим хүчний эх үүсвэр барих чиглэлээр туршлагатай компаниудад нэлээн өндөр шаардлага тавьсан байсан.

Манай компани дөрвөн нарны станцыг өөрсдөө бие дааж барьсан. Тиймээс сэргээгдэх эрчим хүч тал дээр Монголдоо олон ажил хийсэн туршлагатай компани байгаа.

Нийт төслийн хөрөнгө оруулалт ойролцогоор 400 орчим сая доллар болж байгаа. Үүнийхээ 30 хувийг өөрсдөө санхүүжүүлнэ. 70 хувийг нь гаднын банк санхүүгийн байгууллагууд санхүүжүүлэхээр байгаа. 99.5 хувийн найдваржилттай гэдэг нь маш өндөр шалгуур. Тиймээс бид том эрчим хүчний систем түшихээс өөр аргагүй. Өвөр Монголын эрчим хүчний системтэй холбоотой ажиллахаас өөр арга байхгүй.

 

“Нэт Зеро Тек” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Орчлон: “Манай компани дуудлага худалдаанд оролцоод хамгийн доод үнэ дээр буугаад аукционд ялалт байгууллаа. 99,5 хувийн найдваржилттайгаар 1300кВт цагийг нэг жилд нийлүүлнэ гэдэг нь тухайн станц хоёроос дээш өдөр зогсох боломжгүй болж байгаа юм. Маш нарийн технологийн шаардлагатай гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүчний аукцион маш өрсөлдөөнтэй боллоо. Бид өөрсдийгөө хамгийн зөв технологийн шийдлийг гаргаж чадсан гэж бодож байна. 99,5 хувийн найдваржилттайгаар хангах техникийн шийдэл бол хямд биш. Монгол Улсын эрчим хүчний салбарын хувьд үндэсний компаниуд нийлээд нарийн өндөр техникийн шаардлагатай төслийг хамтдаа хэрэгжүүлж чадна гэсэн тод илэрхийлэл болж байх шиг байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна