Хүний амьдралд жаргал, зовлон ээлжилдэг. Тэр бүхнийг туулж, тууштай хөдөлмөрлөж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, амьдралаа өөрийн хүчээр бүтээсэн хүмүүсийн түүх энгийн хэрнээ үнэ цэнтэй байдаг.
Энэ удаагийн ярилцлагын зочноор зургаан хүүхдийн ээж, гутал засварчин, худалдаа үйлчилгээ эрхлэгч Батдоржийн Тунгалаг оролцлоо.
Тэрбээр хүүхэд нас, залуу үе, амьдралын хүнд сорилт, хөдөлмөрийнхөө тухай болон залууст захих үгээ хуваалцсан юм.
- Сайн байна уу. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Батдоржийн Тунгалаг гэдэг. Би 1977 оны хоёрдугаар сарын 15-нд төрсөн. Зургаан хүүхдийн ээж. Амьдралын төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө гадаад, дотоодод хийж чадах бүхнээ хөдөлмөрлөж, бусадтай хуваалцан зүтгэсээр ирсэн дээ.
Гутал засварын ажил эрхэлж, бариа заслын үйлчилгээ үзүүлэх зэргээр олон жил уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд үр хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан өсгөж, их, дээд сургуульд сургалаа. Ер нь өөрийнхөө хичээл зүтгэлээр бүтээсэн амьдралдаа сэтгэл хангалуун, өөртөө дүүрэн явдаг даа. Ажлыг хэзээ ч “бор, шар” гэж гололгүй, тасралтгүй хөдөлмөрлөсөөр өдийг хүрсэн.
Дөнгөж 16 насандаа ханьтайгаа гэр бүл болоод зургаан хүүхдийн эцэг эх болж, одоо 10 шахам ач, зээгээ тойруулан суугаадаа баяртай байдаг.
- Амьдралын уналт, босолтыг даван туулж өдий хүрэхэд таныг юу хамгийн их хөглөж, эрч хүч өгч байсан бол?
-Амьдралын амт, утга учир, амьд явахын үнэ цэнийг хором бүрт мэдэрч амьдрахыг хичээдэг дээ. Нэг ёсондоо амьдралынхаа хором мөч бүрээс эрч хүч, сэтгэлийн таашаал авдаг хүн.
Өглөө эрт гараад л оройдоо орж ирнэ. Чөлөөт цагаараа бүжиглэх, ууланд алхах дуртай болохоор байгальд гарч алхдаг. Хүн хэрхэн амьдрах ёстой тэр бүх эрч хүчийг байгалиас, олон түмнээсээ л олж авдаг даа.
Мөн өөртөө “Буруу зүйл хийчих вий, хүний сэтгэлд сэв суулгачих вий” гэж байнга хяналт тавьж, бусдад муу санахгүйгээр үргэлж л түмний төлөө гэсэн халуун сэтгэл өвөрлөж явсаар ирсэн.
-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Багадаа ямархуу охин байв?
-Би хүүхэд ахуйдаа юугаар ч дутахгүй, сайхан өссөн. Хүмүүс “Би баян айлын хүүхэд, ийм бор ажил хийх ёсгүй” хэмээн ялархах нь бий. Үнэнийг хэлэхэд би ч мөн хэдэн үе дамжсан баян айлын охин. Манайх баяд ястан, язгуурын ноёд гаралтай улс.
Би багадаа тун эрх дураараа, ганган дэгжин, үеийнхээ хөвгүүдтэй ана мана тэмцэлддэг дайчин охин байлаа. Тийм болохоор нутгийнхан маань намайг “Галзуу Тунгаа”, “Ганган Тунгаа” гэж нэрлэдэг байсан юм. Хүүхэд байхын л шазруун, зоримог охин байсан, тэр зан чанар маань одоо ч хэвээрээ байна даа.
-16 настайдаа хүнтэй сууж, олон хүүхдийн ээж болсон гэхээр 1990-ээд оны зах зээлийн шилжилтийн үеийн хүндрэл сорилт амаргүй байсан байх?
-Тэгэлгүй яах вэ. 16-тай охин айлын эхнэр болоод зах зээлийн шилжилтийн шуурган дунд хүүхдүүдээ төрүүлсэн. Хүүхдүүд маань ой долоо, найман сарын зайтай төрсөн болохоор ар араас нь өсгөнө гэдэг амаргүй байлаа.
1993 онд том охин, 1995 онд дараагийн охин төрөөд л ой гарангийн зөрүүтэй байсан. 1996 онд гурав дахь хүүгээ өлгийдөн авсан. Тэр үед хүнс ховор, нийгэм хүнд цаг үе байсан ч гэдэс дотор, толгой шийр, махаар төрөл бүрийн хоол амтлан хийгээд тавьчихдаг байв.
Үр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ ханиа ажлаас нь ирэхийг хүлээж суудаг сан. Зуны урт өдөр ч бай, ер нь голдуу хавар, зун төрдөг байсан болохоор залуу насны минь дурсамж үр хүүхдээ асарч тойглож, ханиа хүлээж, гэр орны ажлаа амжуулсан тэр он жилүүдтэй салшгүй холбоотой юм.
- Тэр үеэс сэтгэлд тань мартагддаггүй ямар нэгэн хөндүүр дурсамж үлдсэн үү?
-Байлгүй яах вэ. Хоёр хүүхдээ төрүүлчихээд бие тэнхэрч амжаагүй байхад ээж минь эрээн, үстэй даавуугаар хөвөнтэй өмд хийж өгсөн юм. Тэр өмд нь яваандаа нэлээд элэгдэж, ноосорсон байв.
Гэтэл манай нутгийн нэгэн настай буурай орж ирснээ “Хүүе яана аа, өнөө ганган, галзуу Тунгаа чинь хоёр хүүхэд төрүүлээд бүр доройтчихсон сууж байна шүү дээ” гэсэн юм. Дээлээрээ ч халхалж нуухын завдалгүй хүүхдээ хөхүүлээд сууж байсан надад тэр үг их л хүнд, эмзэг туссан.
Яг тэр үед л би дотроо “Хэзээ нэгэн цагт хөл дээрээ зогсож, дэлгүүр нээнэ дээ. Тэгэхдээ хүмүүст хэт нугалж үнэ хэлэхгүй, аль болох боломжийн үнээр өгнө” гэж хатуу бодсон доо.
- Тэр цагаас хойш гутал засвар, худалдаа үйлчилгээ гээд л олон ажил хийж эхэлсэн үү?
-Тийм ээ. Анх нөхөр маань гутал засдаг байсан юм. Улмаар 1996 онд гурав дахь хүүгээ төрсний дараа би гутал засварын ажлыг бие даан сурч, хийж эхэлсэн. Мөн танилынхаа өрөө тасалгаанд хүмүүст бариа заслын үйлчилгээ үзүүлж, чадах бүхнээ л хийдэг болсон.
Манай ангийнхан, найз нөхөд маань “Манай Тунгаа нэг харахад бариа заслын газартай, гутал засвартай, эсвэл зурхай заслын төвтэй болчихсон явж байдаг. Хувирах чадвартай хүн шүү” гэж ярьдаг юм.
Би өөрийгөө хувираад байна гэхээсээ илүү хүнд тус дэм болохыг л зорьдог. Манай ээж бариач хүн байсан, өвөө маань лам байлаа.
Зарим хүмүүс бие нь жаахан тавгүйрхэхээр л “Хараал жатга хүрчихлээ, тэр хүнтэй маргалдаад өвдчихлөө” гэж сөрөг талаас нь харах гээд байдаг. Тийм зүйл огт байхгүй. Хүн өөрөө гэгээлэг, сайхан бодол тээж явбал амьдрал ч сайхан болно.
-Эмэгтэй хүн гутал засаад сууж байхад хүмүүс хэрхэн хүлээж авдаг байв?
-Гутал засварт хүн орж ирэнгүүтээ “Үүнийг чи үнэхээр чадах уу?” гэж сорьж асуудаг байлаа. Чадахгүй бол хэн ч, хэзээ ч тэр ажлыг хийхгүй шүү дээ. Хүн чаддаг зүйлээ л барьж авдаг.
Би өөртөө итгэлтэй, чаддаг болоод л тэр ажлаа үнэлж, өдий хүртэл эрхэлсэн. Хүнтэй харилцахдаа цаад хүнээ гомдоочих вий, сэтгэлд нь сэв суулгачихаас гэж хичээж, эвийг нь олохыг хичээдэг.
Гэтэл хүмүүс намайг хараад, харцыг маань ажаад “Ширүүн, догшин араншинтай хүн” гэж дүгнэдэг талтай. Хүн болгонд таалагдах албагүй шүү дээ. Орчлонг өөрийнхөөрөө л туулахыг зорьдог.
Бусад хүн юу гэж хэлэх нь надад төдийлөн хамаагүй, гутарч шаналаад байдаггүй. Батдоржийн Тунгалаг бол өөрийнхөөрөө л энэ насыг элээнэ.
-Одоо худалдаа эрхэлж байгаа бараа бүтээгдэхүүнээ хаанаас татаж, хэрхэн борлуулдаг вэ?
-Би улиралдаа нэг удаа Гуанжоу хот руу явж бараагаа татдаг. Мөн Туркт байдаг найз маань шинэ жил дөхөхөөр гоёмсог даашинз явуулна. БНСУ-д байдаг хамаатны хүүхэд өмд илгээдэг бол нутагтаа оёдол эрхэлдэг найз маань майк, цамц урлаад өгөхөөр нь би зарж борлуулж өгдөг.
Заавал тэрнээс тэдэн төгрөг унагах ёстой гэсэн хатуу зарчим надад байхгүй. Хэрэгтэй хүнд нь боломжийнх нь үнээр өгөхийг боддог.
Жишээлбэл, 45 мянган төгрөгийн жийнсэн өмдийг “40 мянгаар авъя” хэмээн зүй бусаар, дээрэнгүй харьцаад байвал би дургүйцдэг. Түс тас зантай болохоор “Тийм бол тэр газраасаа л очиж ав” гээд шуудхан хэлчихдэг талтай.
Түмнийхээ буянд хоолтойгоо явж байгаа тул заавал өндөр үнэ хэлж шунадаггүй ээ.
- Таны амьдралд тохиолдсон хамгийн том уй гашуу, хүнд сорилт юу байв?
-Хүний амьдралд жаргал, зовлон ээлжилдэг шүү дээ. Бага хүүхдээ хүнд өвчний улмаас алдаж байлаа…
Таван хүүхдээ эрүүл саруул өсгөсөн юм чинь зургаа дахь хүүхдээ заавал эдгээнэ, эмчилнэ гээд тууштай зорьж явсан. Тэр үед сүсэг бишрэлээрээ Есүст хүртэл итгэж “Охиныг минь авраарай, үрээ эрүүл болгомоор байна” хэмээн залбираад явдаг байлаа.
БНСУ руу хүүхдийнхээ өвчний түүхийг илгээж, хагалгаанд оруулчихна гэж найдаж байсан ч Солонгосоос ирсэн пастор “Танай хүүхдийг эмчлэх боломжгүй, маш хүнд гажигтай байна” гэж хэлсэн. Тэр хүмүүсийг ч буруутгах аргагүй байв.
Хэдийгээр үрээ алдаж хүнд зовлон амссан ч өнөөдөр үлдсэн хэдэн хүүхэд маань сайн сайхан явж байгаад баярладаг даа. Эцэг эх, өвөг дээдэс, үр хүүхэд гээд байгаа бүхэндээ л талархаж амьдардаг даа, эгч нь.
-Таны залуу насны алсын мөрөөдөл юу байсан бэ? Зав чөлөөгөөрөө дуулж, шүлэг бичдэг үү?
-Залуу цагийн минь хамгийн том мөрөөдөл бол шүлэг бичих байлаа шүү дээ. Одоо эргээд бодохоор инээд хүрч, ичээд л өнгөрдөг юм. (инээв)
Тэгээд чөлөөт цаг гарвал хөгжим тавиад дуулах дуртай:
“Ариухан хаврын гурван сардаа
Яргуй дэлгэрэхэд сүрэг минь жаргалтай
Тоо томшгүй сүргийн эзний
Дуулхан шиг би амьдралд жаргалтай…” гээд л.
Энэ дууг бас их сэтгэл цэнгүүн дуулдаг юм. Одоо манай ангийнхан намайг харвал “Нөгөө галзуу Тунгаа чинь хэвээрээ л байна” гээд бодож суугаа даа.
-Таны амьдралдаа баримталдаг хамгийн гол зарчим юу вэ. Залуу хойч үедээ юу гэж захиж хэлмээр байна?
-Миний амьдралдаа мөрдлөг болгодог гол зарчим бол “Хүн өөрөө өөрийнхөө эзэн, аврагч, дайсан нь байдаг” гэдэг үг юм.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Туг ч барина, тугал ч хариулна” гэж ардын сайхан үг бий. Хүн ямар ч боловсрол, мэргэжилтэй байснаас үл хамааран амьдралын ухаантай байж, сурсан мэдсэн бүхнээ түмэнтэйгээ хуваалцах хэрэгтэй. “Төрд хэрэггүй ч түмэнд хэрэгтэй” гэдэг шиг л байх учиртай.
Мөнгө гэдэг бол тэнгэрээс зүгээр унаад ирдэг зүйл биш, оюун ухаан, хөдөлмөрөө дайчилж байж л олддог эд баялаг.
Мөн сэтгэл зүйгээ үргэлж өөдрөг, гэгээлэг авч явах хэрэгтэй. Гутарсан бол тэрхэн зуураа уйлаад тайвшир, бухимдсан бол тэр дороо дүрэлзээд л өнгөрөө. Бие биетэйгээ үл ойлголцсон асуудлыг сэтгэлдээ тээж явах шаардлагагүй.
Эцэст нь хэлэхэд, залуус маань бүтээлч хүсэл эрмэлзэлтэй, хаана ч мохохооргүй сэтгэлийн тэнхээтэй, барьж авсан ажлынхаа ард гардаг, түмэн олондоо тустай, монгол хүнийхээ мөс чанарыг хэзээ ч алдалгүй яваасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг дээ.
-Ярилцсанд баярлалаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна