О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

Т.Отгонсувд
1 цаг 37 минутын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдан багагүй хугацааг өнгөрүүлж байна. 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох талаар эксел файл задарч энэ талаар УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралд асуулт асууснаар эл асуудал олон нийтийн анхааралд орсон. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан сайд уг асуудлыг тайлбарлахдаа УИХ-ын зарим гишүүд буруу тайлбарлаж, Засгийн газрын эсрэг ажиллаж, "ТҮГЖИЛ"-дэж байна хэмээн мэдээлэл хийсэн. 

Улмаар МАН-ын 30-ын бүлэг түүний энэ үйлдлийг буруушаан уучлалт гуйтал УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаа суухгүй хэмээсэн. 

Энэ долоо хоногийн лхагва гарагт 30-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдтай уулзсан ч тодорхой шийдэлд хүрээгүй бололтой. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг өөрийн цахим хуудастаа "УИХ ажлаа хийсний төлөө, Байнгын хороо хяналтаа тавьсны төлөө, Боловсролын яамны мэргэжилтний бэлдэж, Сангийн яаманд өгч, улмаар манай байнгын хороонд албан ёсоор өгсөн материалаас асууж, лавлаж тодруулсан хүмүүсийг төрийн хуйвалдагчид болгон зарласан бусармаг асуудлаа Л.Энх-Амгалан сайд өөрөө засаж тайлбарлахыг хүлээж хэд хоног харлаа. Зөв тайлбараа хийчхээсэй, улс төрийн утгагүй сэдэв болгон өөгшүүлэлгүй үнэн мөнийг нь олон нийтэд өөрөө хэлээсэй гэж хүлээлээ, шахлаа. Худлаа юм байна, өөр зорилготой юм байна.

Зориуд улс төрийн бужигнаан үүсгэх зорилготой байсан юм байна. Зориуд гэмгүй нэгнийг гэмтэн болгон гүтгэж нэр төрийг нь мэдсэн ч мэдэн будилж уландаа гишгэхээр шийдсэн юм байна. Зориуд парламентыг яаж ч чадна шүү гэж харуулахыг хүссэн юм байна.

Бүх үйл баримт гэрчтэй, нотлох баримттай бий. Өргөдлийн байнгын хороон дээрээ дуудаж, асууж, олон нийтэд бүгдийг тодорхой болгоно. Харин тэр хүртэл төрийн албан хаагчаараа туг тахиад өнгөрье гэсэн атгаг санаагаа битгий хэрэгжүүлээрэй МАНай ах нар аа!

Эрхэм сайд Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр. МАНай ах нар “Амка бүдэрчхээд бантчихлаа” гэж арын өрөөндөө мар мар хийн инээх мөртөө энэ шударга бусыг нэг ч хуруугаа хөдөлгөхгүй өөгшүүлэн суугаа нь Амкагаасаа илүү өрөвдөлтэй, дорой юм даа" гэжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна