“Шинэ хоршоо” хөтөлбөрийн “но”-г дарахын тулд М.Мандхай сонсгол зохион байгуулсан уу

С.Батзаяа
1 цаг 56 минутын өмнө

Ингэж хардах үндэслэл байна. МАН 2024 оны сонгуулийн өмнө “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг эхлүүлж, малчдаа дэмжиж буйгаа зарлаж, аян өрнүүлсэн байдаг. Хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн малчдад 2029 он хүртэл нийтдээ 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг арилжааны банкуудтай хамтран олгох зорилготой. 2024 онд нийт 500 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн билээ. Нэг ёсондоо МАН сонгуулийн санал авах нэг аргаа болгож, малчдыг онилсон хэрэг. Өнөөдөр энэ хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй, зээлийн эргэн төлөлт тааруу байгаа аж. Орон нутагт хэрэгжсэн уг хөтөлбөрийг Үндэсний аудитын газраас шалгалт явуулахад зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, хэрхэн ашигласанд хяналт байхгүй, үр дүн хангалтгүй гэх дүгнэлтүүд гарсан байна.

Бүр ипотекийн зээл шиг 6 хувийн хүүтэй, эх үүсвэрийг нь арилжааны банкууд гаргаж, хүүгийн зөрүүг Засгийн газар жил бүрийн төсөвтөө тусган, санхүүжүүлэхээр энэ хөтөлбөрийн автор УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан ярьж байсан билээ. Тэрбээр сонгуулийн өмнө "Зээл тэглэх бол өнөөдрийн уушги, “Шинэ хоршоо” бол маргаашийн өөх юм. Хоршооны гишүүн нэг малчин айл 20-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч болно. Харин нэг хоршоо 2 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой. Таны хүүхэд насаараа мал дээр амьдарч болно, гэхдээ нийгмийн гарлаараа дор гэж үзэгдэж болохгүй. Насаараа мал дээр амьдарсан ч нийгмийн гарлыг нь дээр хүргэж өгөх ёстой гэдэг агуулгаар хандаарай" гэж байв. Нэг ёсондоо хөтөлбөрийг хэрэгжүүлснээр малчдын амьжиргааг дэмжих, мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, эрчимжсэн, нэмүү өртөг шингээсэн МАА-н салбарын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал нөлөөтэй гэж байсан ч одоо бодит байдал тэс өөр байгааг Өвөрхангай, Ховд, Баянхонгор аймагт хэрэгжүүлсэн төслийн үр дүн, зээлийн эргэн төлөлтөөс харж болно. 

Ганцхан жишээ татахад, Ховд аймагт 76.1 тэрбум төгрөгийн зээл олгосноос 23 хувь нь хангалтгүй хэрэгжжээ. Зарим хоршооны үйлчилгээний цэгүүд 2025 оноос зогсож, санхүүгийн тайлан гаргаагүй, бүртгэл хөтлөөгүй зэрэг олон зөрчил илэрч. Мөн 96 зээлдэгч зээлийг зориулалтын бусаар буюу сургалтын төлбөр, зээл төлөх, байр, машин авах, зэрэгт зарцуулсан байна.

Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг өнөөдөр хэн ч ярихгүй байгаа. 500 тэрбумаас 5 их наяд төгрөг гэдэг бага мөнгө, санхүүжилт биш. Малчид хоршоолоод, кластер үйлдвэрлэл хөгжүүлээд МАА-н салбарт ахиц дэвшил гарсан зүйл өнөөдөр алга. Гэтэл энэ хөтөлбөрийн үр дүнг нэхэж, хариуцлага ярьж буй хүнгүй, “нүдэн балай чихэн дүлий” сууцгаана.

Саяхан УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос сонсгол хийнэ гэх мэдээлэл гарах үед аудитын дүгнэлт гарсан болохоор “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний зарцуулалтыг ярих нь гэж бодож байтал өөр сэдэв болж таарав. Тэр нь  "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” нэртэй ерөнхий хяналтын сонсгол байв. Сонсголын ирц хоёр дахь өдрөө хүрээгүй учраас хойшиллоо. Тус байнгын хорооны дарга М.Мандхай “Энэ  салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан. Мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулсан бэ гэдгийг улстөржүүлэхгүйгээр нээлттэй ярилцах байсан. Гэтэл ирцэндээ орохгүй байгаа гишүүд сонсголыг хойшлуулж байна. Өнөөдөр ирцийг албаар бүрдүүлэхгүй байх сонирхол зарим УИХ-ын гишүүнд байна гэх хардлага төрлөө" гэв.

Сонсгол хийж байгаа нь нэг талдаа сайн хэрэг. Гэвч сонсгол гэдэг маш сайн судалгаатай байх ёстойг салбарын сайд Ц.Идэрбат хэлж байна. Тэрбээр “Шинжээчийн дүгнэлт гэдэг шүүхийн шийдвэр биш. Тиймээс шинжээчийн дүгнэлтэд суурилж дүгнэж болохгүй. “Цагаан алт” хөтөлбөр ноолуурын урамшууллын тухайд өнгөрсөн жилүүдэд ноолуурыг Хятадаас ченжүүд ирж авдаг байлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд одоо үндэсний үйлдвэрүүд эхлээд авдаг болсон. Энэ сайн зүйл. Үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг хөрс хуулалт хийгээд гарсан нүүрсийг нь зардаг бизнес биш. Тухайлбал, ноос гэхэд ноосоо цуглуулна, түүнийгээ боловсруулах үйлдвэр барина, улмаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Тэгээд түүнийгээ борлуулна гэдэг том ажил бий” гэлээ.

2008 онд газар тариалангийн үйлдвэрлэлд 172.7 тэрбум төгрөг эргэлддэг байсан бол 2025 онд 1.9 их наяд төгрөг болсон байна. Тариалангийн талбай 202-600 гаруй мянга болж гурав дахин өссөн. Хүнсний ногоо, үр тарианы тариалалт бодитоор өсөж, хүнсний ногооныхоо 70, улаанбуудай, төмс, гурилын хэрэгцээг 100 хувь дотооддоо хангаж буй юм. Энэ бол үр дүн. Тухайлбал, аж ахуй нэгжүүд “Атар-4”, Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд зээл авч комбайн худалдаж аваад ажлаа хөнгөвчилж, зээлээ цаг тухай бүрт төлж байгааг албаныхан хэлж байна.

“Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 2022-2025 онд 2,500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авчээ. Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдэж, 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж эхэлсэн статистик тоо байна.

Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 44 мянган ажлын байр шинээр бий болж, ДНБ-ий 60 гаруй хувийг хөнгөн, хүнсний салбар бүрдүүлж байгаа аж.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Хүнсний хувьсгал, Цагаан алт гээд үндэсний хөтөлбөрүүд үр дүнгүй болоогүй. “Лапша”, “Талын монгол”, “Тод” оймс үйлдвэр  евразийн орнууд руу гарч байгаа экспортын бүтээгдэхүүний эхэнд явж байгаа. Энэ төсөл, хөтөлбөрүүд үйлдвэрлэл рүү шилжсэн. Эдгээрт төсөл хөтөлбөрт өгсөн 2.6 их наяд төгрөгийн хөнгөлөлт, зээл байхгүй болоогүй. Ийм хэмжээний мөнгөө алдчихаад гар хумхиад зүгээр сууж байдаг арилжааны банк гэж байхгүй. Хөдөө аж ахуйн салбар хаа, хамаагүй мөнгө тараагаад, түүнийгээ авч чадахгүй өр, ширэнд ороод байгаа зүйл байхгүй” гэх тайлбар өглөө.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт өгсөн зээлүүдийг ярих нь зөв. Гэхдээ үүнтэй зэрэгцүүлээд МАН 2024 оны сонгуулийн өмнө хэрэгжүүлсэн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийнхөө үр дүнг бас ярих ёстой. Ингэхгүй байгаагаас М.Мандхай нарын гишүүд Үндэсний аудитын газрын дүгнэлт гарчихсан энэ хөтөлбөрийг мартагнуулж, анхаарлыг өөр зүгт сарниулах гэсэн үү гэх хардлага, асуулт гарч ирж байгаа юм.  

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.59
    4 минутын өмнө

    Зээлийг хийж бүтээж байгаа буцаагаад төлөх найдвартай бүхэн хэний хамаатан байх нь хамаагүй авах эрхтэй. Тэхдээ амьдрал дээр бий болсон үргэлжлэн ажиллах чадвартай үйлдвэр заавал үлдэх ёстой!!!

    Хариулах